АШУҮИС-ийн Био-Анагаахын сургуулийн Дархлаа судлалын тэнхимийн дэд профессор, “Прецилаб” лабораторийн захирал анагаах ухааны доктор С.Чимидцэрэнтэй ярилцлаа.


-Манай улсын нийт хүн амын 90 гаруй хувь нь коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан ч халдварын тохиолдол буурахгүй байна. Өвчлөл улам даамжирч, нас баралт нэмэгдсээр байгаа нь ямар учиртай юм бол?

-Ерөнхийдөө вакцин үйлдвэрлэгч ихэнх байгууллагуудын хувьд коронавирусийн эсрэг вакцин зургаан сараас нэг жилийн хугацаанд дархлаа тогтооно хэмээн мэдэгдэж байсан. Гэтэл олон улсын судалгааны материалтай танилцахад Синофарм, АстраЗенека, Пфайзер зэрэг ковидын эсрэг вакцины дархлаа тогтоох чадвар нь дунджаар 3-10 долоо хоног байж болзошгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, ковидын эсрэг вакцины дархлаа тогтоох чадвар нь үйлдвэрлэгч байгууллагуудын санал болгож байсан шиг урт хугацаанд хүрэхгүй байж болзошгүй нөхцөл ажиглагдлаа. Тиймээс вакцин дунджаар хоёроос гурван сарын хооронд л дархлаа тогтооно гэсэн үг. Хэрвээ олон улсын судлаачдын үзэж буйгаар вакцины дархлаа тогтоох хугацаа буурсан бол энэ оны дөрөвдүгээр сард вакцины хоёр дахь тундаа хамрагдсан иргэд маань сонгуулийн үеэр буюу зургадугаар сарын дунд үед халдварт өртөх өндөр эрсдэлтэй байжээ. Тэгэхээр халдвар буурахгүй байгаа томоохон шалтгаан нь олон нийтийг хамарсан үйл ажиллагаатай холбоотой бөгөөд үүнд манай улс төрийн нөхцөл байдал нөлөөлсөн гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, ерөнхийлөгчийн шагнал гардуулах ёслол, сонгуулийн сурталчилгаа зэрэг олон нийтийн арга хэмжээг зохион байгуулснаас үүдэн халдварын тархалт нэмэгдсэн гэдгийг наад захын хүн ч хэлнэ. Тиймээс хүн амын ихэнх хувь нь "Ковид-19" вирусийн эсрэг вакцинд хамрагдсан ч чухам яагаад халдвар буурахгүй, иргэд өвдсөөр байгаа юм бэ гэдгийн хариуд “Яагаад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагахгүй олон хүн цуглуулсан юм бэ” гэж асуумаар байна. Түүнчлэн иргэдийн зүгээс асуудалд амархан дасах, дөжрөх хандлагатай байна. Ингэж халдвар хамгааллын дэглэм баримтлахгүй хайнга хандах нь өвчлөл нэмэгдүүлэх шалтгаан болсон.

-Тэгвэл халдварыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авсан нь зүйтэй вэ?

-Дэлхийн эрдэмтдийн судалгаанаас харахад, гурван сарын дараа хүн амын дунд вакцины гуравдугаар тунг хийх нь зүйтэй байгаа юм. Тиймээс ч үүнтэй холбоотой зөвлөмжийг бидний зүгээс ЭМЯ-нд хүргүүлсэн. Ерөнхийдөө эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн, эсвэл хавдартай өвчтөн зэрэг дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэдэг хүмүүст вакцины нөлөөгөөр тогтсон дархлаа богино хугацаанд буурах эрсдэлтэй. Тийм учраас архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүст гуравдугаар тунг зөвлөж байгаа. ДЭМБ болон АНУ-ын халдварын сэргийлэлт хяналтын төвийн судалгаагаар бүүстэр буюу гуравдугаар тунг нэгдүгээрт дархлаа дарангуйлагдсан буюу дээрх бүлэг хүмүүст, хоёрдугаарт халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнуудад, гуравдугаарт 60-аас дээш насны болон архаг хууч, эмгэгтэй өртөмтгий бүлгийн хүмүүст эхний ээлжинд хийхийг зөвлөж, хугацааны хувьд тухайн улс орны вакцин хангамж, үйлдвэрлэл, нөөцтэй холбоотойгоор зургаан сар ба түүнээс дээш хугацааны дараа хийх зөвлөмжийг өгөөд байгаа. Энэ нь хоёр талтай. Нэгдүгээрт, дэлхийн хүн төрөлхтнийг бүгдийг нь гурав дахь тунгаар хангана гэдэг бол тийм амар зүйл биш. Хоёрдугаарт, вакцин үйлдвэрлэл, худалдан авах чадвар зэрэг улс орон болгонд харилцан адилгүй. Тийм учраас нийт хүн амыг богино хугацаанд гуравдугаар тунд хамрагд гэдэг зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудаас өгөхгүй байна л даа.

-Манай улсад өнгөрсөн 2020 оны гуравдугаар сарын 10-нд коронавирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдэж байсан. Улмаар халдвар авсан иргэдийн тоо өдөр ирэх тусам өссөөр байна. МУИС-ийн доктор “Монголд нэг сая гаруй хүн халдвар авсан байх магадлалтай” хэмээн таамаглал дэвшүүлсэн байсан. Тэгэхээр манайхан дотооддоо тоогоо дарсан байж болох уу?

-ДЭМБ-аас гаргаж буй тоо болон манай ЭМЯ-ны мэдээлж буй тохиолдын тоо зөрүүтэй байна гэсэн шүүмжлэл байна л даа. Одоогийн байдлаар дэлхий даяар нийт 237.655.302 тохиолдол батлагдсан байна.Харин манай улсад 324.021 тохиол батлагдсан байна гэх дэлхийн мэдээлэл бий. Ер нь өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сарын 3-наас 2021 оны аравдугаар сарын 12 хүртэл 324 мянган батлагдсан тохиолдол, 1400 гаруй нас баралт гэсэн тоо байна л даа. Түүнчлэн бодит тоон мэдээлэл байхгүй ч гурав дахь тунгаа хийлгэнгүүтээ өвдсөн гэх хүмүүс их байна. Магадгүй халдвар авсан ч шинж тэмдэггүй, өвчлөөгүй, халдвар үүсгэгч биед тодорхой хугацаагаар байх үед нь бүүстэр буюу гурав дахь тун тариулахаар илүү хүчтэй хариу урвал явагдаж, биед шинж тэмдэг ажиглагдаж болно. Нөгөө талаас вакциных нь хэмжээ буурсан учраас вирус биед нэвтэрч, үржиж олшрон өвчин эмгэг үүсгэсэн байж болно. Энэ үед шинжилгээний хариу эерэг гарч болох юм. Дархлааны хариу урвалын зүгээсээ харвал, вакцины нөлөөгөөр үүссэн дархлааны эсүүд маань биед эргэлдэж, амьсгалын дээд замын салстын доор очиж байрших ёстой. Гэхдээ энэ нь тодорхой хугацаа шаардах үйл явц юм. Халдвар нь амьсгалын дээд замаар буюу хамар, залгиураар орж байгаа. Тэгэхээр орж ирж буй тухайн газар вакцинаар бэлтгэгдсэн дархлааны эсүүд очиж байршаад бэлэн байж байтал гаднаас халдвар ороод ирж болно. Дархлааны эсүүд халдвар үүсгэгчийг биеэс зайлуулах хариу урвал явуулах яг энэ үед шинж тэмдэг илэрч болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны дархлаа вирусийг гадагшлуулахын тулд тэмцээд байна шүү дээ. Яг халдвар орж ирсэн энэ хооронд нь хамар битүүрч, хоолой сэрвэлзээд эхэллээ шүү гээд л шинжилгээ өгчихдөг. Ингээд хамар залгиурт нь вирус байгаа болохоор яалт ч үгүй хариу нь эерэг гараад ирнэ. Халдварын тоон мэдээлэл өндөр байгаа эхний шалтгаан нь үүнтэй холбоотой болов уу гэж хараад байна. Чухам өвчин үү, халдвар уу гэдэг хоёр ялгаатай ойлголт энэ өвчний үед гараад байна. Үрэвсэл үүсээд өвчилж байгаа, халдвар орж ирсэн ч өвчин үүсгэхгүй биеэс гарах гэж байгаа энэ хугацаа хоёрын хооронд л барьж аваад байна уу. Энэ өвчин нь хүн амд өргөн тархсан учраас мэдээж хүн болгоны хоолойд байх магадлалтай. Би өөрөө лабораторийн эмч, дархлаа судлаач хүний хувьд шинжилгээгээр баталгаажуулах нь чухал гэдгийг хэлэх ёстой болов ч дөнгөж шинж тэмдэг ажиглагдмагц очоод шинжилгээ өгөхөөр вирусийн тодорхой хэсгийг шинжилгээгээр бариад л авна гэсэн үг.

-Тэгэхээр вакцины гуравдугаар тунд хамрагдсанаар хүндрэлээс сэргийлнэ гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар 440 гаруй мянган хүн л гуравдугаар тунд хамрагдсан гэх мэдээлэл бий. Харин хоёрдугаар тунд хамрагдалт 90.5 гаруй хувьтай байгаад байна. Тодруулбал, нийт хүн амд харьцуулбал 65.6 хувь нь хоёрдугаар тундаа хамрагджээ. Вакцины гурав дахь тунг хийлгэсэн ч, хийлгээгүй ч өвдөөд байна гэж өрөөсгөл бодсоноос вакцинд хамрагдалт бага байна л даа. Тэгэхээр ямар ч байсан гуравдугаар тун хийлгэвэл нас барах, хүндрэх эрсдэл буурч байна. Ер нь илүү богино хугацаанд өвдөөд л, хурдан эдгэрч байгаа.

-Монгол Улсын хэмжээнд "Ковид-19" халдварын улмаас нийт 1400 гаруй хүн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бий. Нас баралт буурахгүй байгаа шалтгааныг тодруулбал?

-Коронавирусийн улмаас нас барсан иргэдийн мэдээллийг харахад, дандаа архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс байна. Энэ хүмүүст анхнаасаа вакцины дараах дархлаа тогтоц муу, эсрэг бие үүсээгүй ч байж болно. Ерөнхийдөө ковидын вакцины үр нөлөөг 85-95 хувь байна гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр үлдсэн 5-15 хувь нь огт дархлаа тогтохгүй ч байж болно гэсэн үг. Тэр дархлаа тогтохгүй байгаа хүн амын тоонд өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүс багтаад байгаа юм. Ийм хүмүүс л илүү хүндээр өвдөөд хүндэрч байна. Түүнчлэн манай монголчуудын эрүүл мэндийн боловсрол яг өнөөдрийн түвшинд хангалттай сайн биш байна. Бүр босох тэнхэлгүй, орноосоо өндийж чадахгүй болсон цагтаа л эмнэлэгт ханддаг хүмүүс шүү дээ. Коронавирусийн халдвараар өвчилсөн үедээ л ямар нэг суурь өвчтэй болохоо илрүүлж байгаа олон хүний жишээ бий. Тэгэхээр бидний дунд цоо эрүүл хүн угаасаа ховор гэдгийг ковид харуулаад байна.

-Халдвар хамгааллын дэглэм баримтлахгүйгээс удаа дараа коронавирусээс өвчлөх нь ямар эрсдлийг бий болгох вэ?

-Огт вакцинд хамрагдаагүй хүн халдвар аваад тогтсон дархлаа, вакцины нөлөөгөөр үүссэн дархлаа хоёрыг харьцуулсан судалгааны үр дүн бий. Тодруулбал, натурал халдварын үед үүссэн дархлаа тийм ч удаан байж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, халдварын нөлөөгөөр тогтсон дархлаа ойролцоогоор хоёр сар ч хүрэхгүй байгаа. Тиймээс дахин өвдөх эрсдэлтэй. Томуу, томуу төст өвчнөөр хүн жилдээ 3-4 удаа өвдөх тохиолдол байдаг шүү дээ,яг үүн шиг. Ер нь тодорхой хэмжээнд дархлаа тогтсон ч халдвар тараах эрсдэл бүх хүнд бий. Яагаад гэвэл бүх хүний хоолой дээр вирус орж ирээд тодорхой хугацаанд халдвар тараана. Гуравдугаар тун хийлгүүлэх эсэхдээ эргэлзэж байгаа хүмүүс дархлаа тогтоцоо тодорхойлуулаад, тэр нь үнэхээр бага байвал хурдан нэмэлт тундаа хамрагдсан нь дээр гэж зөвлөе. Жишээлбэл, манай лабораторид хийгдэж буй тохиолдолууд дээр ажиглахад эсрэг биетийн хэмжээ тодорхой хугацааны дараа маш бага хэмжээнд хүртэл буурсан байна. Энэ тохиолдолд хурдан л дархлаа сэргээх буюу нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөж байна. Олон удаа энэ халдвараар өвчилбөл дараа нь бид хичнээн хүчилтөрөгч байгаад ч нэмэргүй хатуурсан уушгитай болчихсон, хичнээн сайн эм тариа хэрэглээд ч эдгээж чадахгүй хатуу судастай болсон байх эрсдэл байна. Ингэж хүн төрөлхтнийг түгшээж байсан халдварт цар тахал дэлхийд сүүлийн 100 жилд тохиолдоогүй гэдгийг олон эрдэмтэд дуу нэгтэй хэлээд байгаа шүү дээ.

П.САЙНЖАРГАЛ