МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид Солонгосын хөдөлмөрийн намын урилгаар БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр мордлоо. Айлчлалын үеэр төлөөлөгчид Солонгосын Хөдөлмөрийн намын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Намд бараалхаж, Солонгосын Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны гишүүн, намын төв хорооны нарийн бичгийн дарга Кан Сөк Жү-тэй уулзах юм. Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэхэд манай хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа нэн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн байдаг. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр нам хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэж талууд үзэж байна. Энэхүү айлчлал нь энэ сарын 18-24- ний өдрүүдэд үргэлжилнэ.