Дөнгөж сая Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Гурвалжингийн гүүрний ойролцоо байрлах Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн харьяа 110 кВ-ын агаарын шугамын тулгуур № 24-т согтуу хүн авирсантай холбогдуулан Баруун, Умард, Сэлбэ 110 кВ-ын дэд станцуудын хүчдэлийг бүрэн салгасан байгаа гэдгийг мэдэгдлээ.

Эдгээр станцуудаас цахилгаан хангамжийн үүсвэртэй 1, 10, 3, 4-р хороолол, Хайлааст, Яргайт, Чингэлтэй, Долоон буудал, Дэнжийн мянга, Дамбадаржаа орчмын бүх хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдаад байна.

Түүнийг буулгаж аврахаар Онцгой байдлын аврах алба, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК -ийн ажилтнууд, Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн ажиллаж байна. Нийслэлийн олон мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж УБЦТС ТӨХК-ийн Дуудлагын төвийн 70047004 дугаарын утас руу маш их дуудлага ирж байгаагаас шугам ачаалалтай байгаад хүлцэл өчье гэлээ.