Улаанбаатарын оршин суугчдын ихэнх хувь нь гэр хорооллын айл өрх байна. Өнөөдөр агаарын бохирдлын ихэнх хувь нь гэр хорооллоос үүдэлтэй байгаа буюу гэр хорооллын айл өрхүүдийн нүүрсний утаа агаарын бохирдлыг ноцтой хэмжээнд хүргээд буй.

Төр засаг гэр хорооллыг орон сууцжуулна гэх боловч бодит байдал дээр ямар ч ажил хийгдээгүй хэвээр байна. Хэрвээ гэр хорооллыг орон сууцжуулах юм бол олон талын ач холбогдол үзүүлнэ.

    Бидний шүдний өвчин болоод байгаа агаарын бохирдлын хэмжээ буурах ба Нийслэлийн өнгө үзэмжид сайнаар нөлөөлнө. Монгол улсын агаарын бохирдлын хэмжээ иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрээд байгаа ба зуны улиралд хөрсний бохирдолтой ийм байхад эрүүл байх арга алга. Хөрсний бохирдол нь ил задгай хог хаягдлаа хаях, хөрсөн дээр химийн бодис асгах зэргээс үүдэлтэй байгаа юм.

    Гэр хорооллын айлууд гудамжиндаа ил задгай муу ус, хог хаягдлаа хаях нь энгийн нэгэн үзэгдэл болоод буй. Тиймээс гэр хорооллын орон сууцжуулах хөтөлбөрийг эрчимтэй хэрэгжүүлж дээрх асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага бий болоод байгаа. Гэхдээ ипотекийн зээл буюу орон сууцны зээл хэрэгжиж эхлээд багагүй хугацааг ардаа орхиод байна. Энэхүү зээл нь гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр ихээхэн ач холбогдол үзүүлэх учиртай. Гэр хорооллын иргэд хэдийгээр орон сууцанд орох хүсэлтэй боловч эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа энэ үед тэр болгон орон сууц худалдан авч чадахгүй байгаа билээ.

   Тэгвэл энэхүү зээл нь тэдгээр гэр хорооллын иргэдэд орон сууцтай болоход нь ихээхэн ач холбогдол үзүүлж байна. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд барилгын ажлын сезон аль хэдийн эхлээд буй.

 

Тэгвэл 2014 оны тавдугаар сарын 16-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 847.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна. Үүнээс банкууд 18210 зээлдэгчийн нийт 520.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 1.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 19228 иргэнд 1078.2 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

   Энэ мэт зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдээд байгаа ба банкууд хүсэлтийг хүлээн авч зээл олгохоор ажиллаж байна. Гэвч эрэлт ихсэх тусам барилга, орон сууцны үнэ нэмэгдсээр буй бөгөөд энэхүү үнэ нэмэгдэх болсон шалтгаанаа барилгын материалын үнэтэй холбон тайлбарлаж буй. Угтаа бол жил болгон орон сууцны үнэ буурна гэх боловч бодит байдал дээр эсрэгээрээ үнэ ханш улам өссөөр байгаа билээ. 

   Тиймээс энэхүү үнийг тогтворжуулж иргэдийг орон сууц худалдан авахад нь нэмэр болох хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар орон сууцны үнэ 31 хувиар өссөн байна. Тодруулбал:  Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч” ХХК-ийн хийсэн судалгаагаар Улаанбаатар хот дахь орон сууцны дундаж үнэ сүүлийн 15  сарын хугацаанд 31 хувиар өссөн байна. Орон сууцны үнийн өсөлт өнгөрсөн оны зургаадугаар сараас эрчимжсэн бөгөөд ипотекийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой аж. Гэхдээ Монголын эдийн засгийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн гэх зэрэг шалтгааныг авч үзвэл энэ нь тийм ч өндөр өсөлт биш бөгөөд эдийн засгийн суурь нөхцөлтэйгөө уялдсан хэмээн тус байгууллагын шинжээчид үзэж байгаа юм байна.

    Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд нийт 21400 айлын орон сууц ашиглалтад орсон бол 2014 оны эхний дөрвөн сарын байдлаар 9178 айлын орон сууц ашиглалтад оржээ. Энэ мэтчилэн үнэ ханш өссөөр байгаа үнийн өсөлт өнгөрсөн оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилсээр буй нь нийгэм эдийн засаг, иргэдийн амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Барилгын ажлын сезон аль хэдийн эхлээд байгаа.

  Энэ онд баригдах барилгын ажлууд эхэлсэн бөгөөд сүүлийн үед богино хугацаанд өндөр өндөр барилга ар араасаа сүндэрлэх болсон. Хэдий богино хугацаанд хурдан шуурхай байгаа ч чанарын хувьд хангалтгүй барилга барих гэж гурилтдаг болсон илт харагдана.

  Шинэхэн барьсан барилга байгууламжын үнэ гэж тэнгэр хадсан, харин чанарын хувьд тэрхүү өндөр үнэ дээ хүрэхгүй байгаа юм. Шинэ баригдсан орон сууцанд орсон иргэдээс ирэх гомдол ихэссээр буй бөгөөд ихэвчлэн квадрат метр дутсан ба хана, тааз нь нурах шахам, халаалт муу гэх зэрэг асуудлаар гомдол ар араасаа ирсээр буй. Тэгэхээр барилгынхан чанаргүй муу барилгаа санаанд оромгүй өндөр үнээр худалдаалж буй хэрэг. Аманд орсон үнэ хэлэх тэд өөрсдийн барьсан барилгынхаа чанарыг сайжруулсаны дараагаар үнэ ханшаа нэмэх нь ийн хэл ам дагуулахгүй бизээ. Тиймээс энэхүү асуудалд ч мөн анхаарал хандуулах шаардлага бий болоод байгаа юм. Барилга орон сууц, барилгын ажилд эхлээд чанар түүний дараагаар үнийн асуудлыг ярих хэрэгтэй.

Ч.Гэрэлтуяа