Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р сургуулийн захирал С.Энхтуяагийн хууль бус үйлдлийг бид цувралаар хүргэж эхлээд байгаа билээ.  Энэ удаад Нийслэлийн боловсролын газраас хийсэн шалгалтын дүнг танилцуулах гэж байна. Энэхүү шалгалтаар С.Энхтуяа нь хуурамч баримт бүрдүүлэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байх үндэслэлтэйг хүргэе.

  1. Хүүхдийн тоог санаатайгаар худал гаргаж хувьсах зардлыг завшдаг

2013-2014 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүргийн 116-р сургууль нь статистик мэдээг 87 сурагч, дотуур байранд  амьдарч байгаа 65 сурагчаар өгсөн байдаг.  2014 оны 2-р сарын 18-ний өдрийн ирцээр ирвэл зохих 88 суралцагчийн  67 суралцагч ирсэн байна.  Ирээгүй 21 хүүхдээс хүндэтгэх шалтгааны улмаас урт хугацааны чөлөөтэй 5 сурагч байна.  Сургачдын ирцийн 10-р сарын дундаж ирц 67,4 , 11-р сарын дундаж ирц 72,8, 12-р сарын дундаж ирц 71,6 хувьтай байсан байна.  

Хамгийн ноцтой нь дүүрэг, нийслэл, БШУЯ-д өгсөн статистик  тоон мэдээлэл зөрүүгүй боловч энэ жил  огт  ирээгүй 3 хүүхдийн  тоог мэдээнд оруулж өгсөн байгаа юм. Энэ нь төвсийн мөнгөнөөс гурван хүүхдийн нэрийг  ашиглан завшиж  байгаа гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

  1. Брайл үсгийн машиныг хандивласан байтал нэгэн компаниас худалдаж авсан мэт мөнгө шилжүүлсэн

Брайл бичгийн машиныг  2012 оны  үйл ажиллагааны орлогоор  “Тэргүүн ван” ХХК-иас худалдан авснаар  баримт материал бүрдүүлсэн байна.  Бичгийн машин худалдсан гэх  “Тэргүүн ван” ХХК-ийн  захиралаас тодруулбахад  брайл бичгийн машин, брайл цаас зараагүй гэдгийг мэдэгдсэн байна. Энэ нь 116-р сургуулийн захирал, нягтлан бодогч,  нярав нар нь хуурамч анхан шатны баримт материал бүрдүүлэн  байгууллагын данснаас  4030,0 мянган төгрөг гаргасан нь Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн  тухай хуулийн 20.1.4-д “Хуурамч баримт бүрдүүлэн ажил гүйлгээг дансанд бичихийг хориглоно”,  Төсвийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг зөрчиж байгаагаас гадна холбогдох эрх зүйн баримт бичгийн  зөрчсөн байгаа юм.

  1. Сургуулийн хашаанд барилгын материалын долоон контейнер түрээсээр байрлуулдаг.

2012 оны 7-р сарын 01-нээс өмнө сургуулийн хашаанд  иргэд аж ахуйн нэгж байгууллагын 6 контейнерийг байрлуулан түрээсийн төлбөр авдаг байсан ажээ. Ингэхдээ түрээсийн гэрээг Төрийн өмчийн хороо,  түрээслэгч, түрээслүүлэгч гэсэн гурвалсан байдлаар байгуулан ажиллаж байсан.  Түрээсээс олсон орлогын  20 хувийг төрийн дансанд туай бүрт нь тушааж, 80 хувийг төрийн өмчийн хорооны зөвшөөрөлтэйгээр зарцуулсан байгаа юм. Улмаар 2012 оны 5-р сарын 08-нд Сүхбаатар дүүргийн боловсролын хэлтсээс “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7.1-ийг баримтлан  сургуулийн хашаанд байрлаж буй аж ахуйн нэгж, байгууллагыг  гаргах 36 тоот албан бичгийн хүргүүлсэн байна.  “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн болон дүүргийн Боловсролын хэлтсийн 36-р албан тоотын хэрэгжүүлэх үүднээс сургуулийн захиргаа түрээслэгч нарт “түрээсийн байраа чөлөөлөх” албан тоотыг  2012 оны 05-р сарын 18-ны өдөр хүргүүлсэн бөгөөд  гурвалсан гэрээг хүчингүй болгох албан бичиг илгээсэн байна.  Ингээд 2012 оны 7-р сарын 25-ны өдөр Төрийн өмчийн хороо,  116-р сургуулийн нягтлан бодогч нар “авлагагүй” гэсэн тооцоо нийлсэн актыг үйлдсэн байна.

Гэвч өнөөдрийг хүртэл түрээслэгчид түрээсийн байрыг чөлөөлөөгүй үйл ажиллагаа явуулсаар байна.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд түрээслэгчид  түрээсийн мөнгөө өгсөөр байжээ.  Хамгийн ноцтой нь түрээсийн орлогыг сургуулийн дансанд төвлөрүүлдэггүй бэлнээр  авч зарцуулдаг байсан ажээ.  Энэ нь

  • “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 7.1 дэхь заалт
  • “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”-ийн  14.2.1,  28.3,  28.5 заалтыг
  • “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийэ  27.1 дэхь заалт
  • Сангийн сайдын ы 2010 оны 39-р тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагал  мөрдөх кассын  ажиллаагын журам”-ын  2.8 –ыг тус тус зөрчиж байгаа юм. Ингэхээр С.Энхтуяа захирал 9.3 сая төгрөгийн завшсан байх магадлалтай болж байна. 

Хараагүй хүүхдүүдийн нэрийг барьж ийнхүү хууль зөрчиж байхад  хуулийн байгууллага шалгаж, хуулийн хариуцлага хүлээх  хэрэгтэйг мэдээлж байна. 

116-р сургуулийн захирал С.Энхтуяа харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг ашиглан хэрхэн хууль зөрчиж байгааг бид дараагийн цувралаараа хүргэх болно  

Өмнөх цувралыг  ЭНД ДАРЖ үзнэ үү

А.Баярмаа