uls_537d454812c6e_1

Тайландад төвтэй танхай компани Монголд нэг байна. Компани  гэж байгаа ч   тус улсын   “Банпу” гэх  компанийн  Монгол дахь төлөөлөгчийн газар  гэвэл үнэнд нийцнэ. 

  Албан ёсны нэр нь бол  “Хүннү Ресурс” ХХК. Захирлаар нь Марк Д Умент гэх эр  ирж, манай нүүрсний салбарт  эзэн суусан гэх.  Уул уурхайн мэргэшсэн инженер мэргэжилтэй ч тэрээр яг л сэтгэл зүйч шиг  манай эрх баригчдын судсыг барьсан нэгэн гэж байгаа.  Факт, баримтыг  нь  хэвлэлүүд сөхөөд ирэхийн цагт харин Монголоос  зугтсан гэх сураг дуулдаж буй.

“Хүннү ресурс” гэх энэ компанийн  хүн чанаргүй гэдгийг   монголчуудад таниулсан хамгийн эхний  асуудал бол     700 сая гаруй  тонн нүүрсний нөөцтэй “Үнст худаг”-ийн ордыг  хулгайлсан гэх мэдээлэл байв. Хууль ёсны эзэмшигчидтэй нь ярьсан хөөрсөн юм байна уу гэтэл, үгүй бололтой  дуулдсан.  Өөрөөр хэлбэл, тэдэнд огт   мэдэгдэлгүй гаднын хөрөнгийн бирж дээр IPO хийгээд зарчихсан  гэж байгаа. Монголд чимээгүйхэн орж ирээд, Монголын нэг ордыг олон улсын хөрөнгийн бирж дээр аваачин зарж хөрөнгө босгосон гэхээр итгэмээргүй.  Гэтэл ийм юм болоод өнгөрсөн. Монголчууд өнгөрсөн хойно нь л мэдэж,   нэхэл дагал болсон бол уг хэрэг    арбитрийн шүүхэд очсон ч  гэдэг,  Марк Д Умент  гэх нөхөр ханцуй дамжсан наймаагаар  зохицуулаад өнгөрсөн ч гэлцдэг. Ямар ч байсан нэг тиймэрхүү юм болоод өнгөрсөн. Асуудал  харин эцэслэгдээгүй. Хэл, ам одоо ч намжаагүй байна.

Монголчууд  “Төр түмэн нүдтэй”  гэлцдэг. Тэгвэл “Хүннү ресурс”-ийн дээрх  асуудал төрийн харааны хаагуур өнгөрснийг мэдэхгүй. Нэг  бол төр, засаг  уул уурхайнханд тал засч,  нүдээ тас аньчихдгаас үүдэлтэй. Эсвэл  дээрээ суудлаа олохгүй болохоор  доороо гүйдлээ олохгүй гэгчээр улс орноо “Эзэнгүй айл” шиг болгосных биз. Эзэнгүй айлд орж ирсэн хүн юуг  нь ч авсан яадаг юм гэж  “Хүннү ресурс”-ийн удирдлагууд бодсон шиг байгаа юм. Гэхдээ олон нийтийн хувьд бурууд нүд хурц гэдэг зарчим хэвээр, тиймдээ ч “Хүннү ресурс” олон нийтийн хараанаас  мултарч чадалгүй, хэвлэлүүд араас нь нэхэл дагал болон бичсээр байгаа юм.

“Үнст худаг”-ийн ордыг “үнс” болгосон хэрэг явдалд эцсийн цэг тавигдах болоогүй бол  дээр нь  дахин  нэг асуудал нэмэгдэж   хэл ам татлаад байгаа.  “Хүннү ресурс” –ийн толгой компани болох “Банпу” Монголын ашигт малтмалын лицензийг хууль бусаар хадгалж байна  гэсэн мэдээлэл “Удахгүй олон улсын хөрөнгийн бирж дээр зарах гэж байна” гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа юм.  Тэгээд ч  “Хүннү ресурс”  нүүдэлчдийн өвөг Хүннүгийн нэрээр компаниа  нэрлэсэн л болохоос  ямар Монголын ашигт малтмалын  түүх,  архивын газар биш,  хадгаламжийн газар бүр ч  биш. “Үнст худаг”-ийн ордыг зарсан нь үнэн юм бол Монголын ашигт малтмалын лицензийг зүгээр хадгалж байна гэж юу байхав. Өнөөдөр Монголын жирийн иргэн Дорж, Батын хэнд ч ийм эрх байхгүй. Тэр тусмаа өнөөдрийнх шиг  АТГ-аар айлгаж, аж ахуй нэгж, компанийн эрхэнд халдаж, төрийн байгууллага, хувийн хэвшлийн дарга, захирлыг  цагдан хорьж, зарим нь торны цаана  амьсгал хурааж, хөлс хүчээрээ бий болгосон хөрөнгө нь үрэн таран болж, пүүс компани нь дампуурч байгаа   ийм цаг үед тэгж том  толгой гаргах хүн  Монголд л лав байхгүй. Харин Монголд орж ирж, дураараа дургиж яваа “Банпу” компанийн Монгол дахь гар хөл болсон,  “Хүннү ресурс” гэгч компани, түүний захирал Марк Д Умент гэгч нөхөрт бол байна аа.

 Монгол Улс  сүүлийн хэдэн жил алт, зэс, нүүрс гэх мэт байгалийн баялгаа гадагш гаргаж, иргэдээ баян чинээлэг амьдруулна гэж амласан.  Баялгийн үр шим нь  хэдхэн хүн, цөөн гэр бүлийн халаасанд орж, онгорхой нүхээр дүүрэн хоосон орон болохдоо туллаа. Өнөөдөр эдийн засаг хүндэрлээ, валютын ханш чангарч төгрөг цаас боллоо, өрхийн амьжиргаа уналаа гэсэн мэдээлэл айл бүрийн хаалгыг тогшиж, нийгмийн уур хилэнг бадрааж байна. Уг нь манай улс газар, түүний доорх баялаг ард түмний мэдэлд байна гэж тунхагласан Үндсэн хуультай улс.  Ашигт малтмалын баялгаа иргэддээ тэгш хуваарилж өгчихөөд баян амьдарч байгаа Араб шиг  биш юм гэхэд, ашиг харсан гаднын тэнэмэл компани, захирал нэртэй  овжин хулгайч нарт алдаад дуусгачихгүй юм сан.

Л.ХЭРЛЭН