АН эрх барьж буй энэ цагт  данхар засаглал л онцгойрч байна.  Эх орноо хөгжүүлэн цэцэглүүлж, шинэ санаа бодлоор шинэ бүтээн байгуулалт хийж  шинэ нийслэл, шинэ Монголыг бий болгоно гэж өөрсдийгөө магтан  дуулсаар шинэчлэлийн засгийн газрыг  байгуулсан. 

  Гэтэл харамсалтай нь энэ шинэчлэлийн засгийн газар данхар бүтцээс өөр бүтээсэн зүйлүүд багатай болоод явчихлаа. Н.Алтанхуяг сайд 16 яам 19 сайд 17 дэд сайдтай данхалзаж суугаа.  

 Сонгуулийн хугацаа талдаа орж байхад сандал суудалтайгаа зууралдахаас өөр гавитай ажил хийсэнгүй. Энэ хаврын чуулган чуулах ёстой хугацааныхаа 50-иас илүү хоногт ганцхан тогтоолын төсөлтэй суугаа. 

Хийж буй ажлын үр дүн нэг иймэрхүү л дүр зурагтай байгаад байгаа. Уг нь бол данхар бүтцийнхээ ачаар  ихийг хийж бүтээж, ихийг шийдвэрлэх ёстой.  Гэтэл сул орон тоо сул цалин авагсдаас цааш хэтрэх зүйл алга. 

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг шиг данхар тогтолцоо хотыг бас эзэгнээд авч ээ. Э.Бат-Үүл  дарга  ерөнхий сайдаасаа яаж дутав  вэ гээд хотын захиргааг данхайлгаж өгсөн тухай мэдээллийг өнөөдөр НИТХ-ийн  МАН-ийн бүлгийхэн олон нийтэд хүргэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын МАН-ын нийслэл хот хариуцсан нарийн бичгийн даргын хувьд энэхүү мэдээллийг өглөө.  Нийслэлийн  төр захиргааны байгууллагын бүтэц тэлж данхайсан,   орон тоо, зардал нь сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдсэн талаар тоо баримтыг танилцууллаа.  2013 оны арван нэгдүгээр сарын 28-ны  өдөр хуралдсан 13 дугаар хуралдаанаар МАН-ын бүлгийн саналаар “Нийслэлд удирдлагын бүтцийн шинэчлэл хийх хөтөлбөрийг боловсруулж, НИТХ-аар батлуулан, цомхон чадварлаг бүтцийг бүрдүүлнэ” гэж тусгасан ч өнөөдрийн хүртэл энэ асуудлыг шийдээгүй байгаа  аж. 

Хотын захиргаа  2012 онд 3809 албан хаагчтай байсан бол  2014 онд 5210 болж нэмэгдсэн байна. Нийслэлийн төсвөөс санхүүждэг байгууллага 2012 онд 6860 байсан бол 2014 онд 8359 болж, нийт орон тоо 2900 хүнээр өргөжин, бүтэц орон тоо нь 27,2 хувиар өсжээ. Цалингийн зардал нь 2012 онд 25,8 тэрбум байсан бол 2014 онд 50,2 тэрбум төгрөг болж  94,5 хувиар  өссөн нь нийслэлийн бүтэц хэрхэн данхайсныг харуулж байна.

Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар 2012 онд 57 байсан бол 2014 онд 74 болж 17 нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг шинээр нээгээд байгаа гэнэ. Эрхэм мээрийн хийж байгаа их ажил нь хүн нэмж, мөнгө үрэх биш л баймаар. 

 Мэдээж  нийслэлийн хэмжээнд дарга нарын орон тоо хамгийн ихээр нэмэгдсэн.  Нийслэлийн Засаг дарга зургаан орлогчтой. Зуун ямаанд жаран юу гэдэг билээ дээ тэр үг   шиг.... Тэр олон орлогч нарын хэрэг байна уу. Өмнө нь хоёр орлогчтой хотын ажил явдгаараа яваад л байсан. 

Мээрээ дуурайсан дүүргийн засаг дарга нар ч бас  чанарт биш тоонд анхаарч, цөөхөн орлогчтой байвал бусдаасаа доогуур харагдах гээд байгаа юм шиг орлогч нарынхаа тоог нэмсээр байгаа  гэнэ.    Бүр дөрвөн орлогчтой дарга хүртэл байна.  Мэдээж энэ олон дарга нарын орон тоог  дагаад унах машин, үүдэнд нь суух  нарийн бичиг бусад орон тоо нэмэгдэж байгаа.  

Шинэчлэлийн засгийн газар гэж шат шатандаа л данхар бүтэц байгуулж хийж бүтээснээр маруухан хүмүүсийн цуглуулга юм уу даа.