Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн хүрээнд Ардчилсан намын Хэрэг эрхлэх газраас зохион байгуулж буй “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн нийт сумдаар амжилттай үргэлжилж байна. Ардчилсан намаас 2014 оныг “Дотоод сургалтын жил” болгон зарласантай холбогдуулан энэ онд 331 сумдын анхан шатны нэгжүүдээр сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. Ардчилсан намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ц.Оюундарь болон Нарийн бичгийн дарга Э.Батсуурь, Т.Мягмарсүрэн, О.Чулуунбилэг, Д.Анхбаяр нараар ахлуулсан багууд анхан шатны намын нийт гишүүддээ “Би хаана явна вэ?- Өөрийгөө таньж бусдыг манлайлах нь” , “Хувийн зохион байгуулалт- Цагийн менежмент”, “Хамтран ажиллахын утга учир”, “Багийн дотор би хэн бэ?”, “Эв нэгдэл багийн амжилт” гэсэн сэдвүүдээр гишүүд дэмжигчиддээ сургалт зохион байгууллаа. Энэ нь анхан шатны гишүүддээ мэдээлэл өгч, мэдлэгийг нь баталгаажуулахаас гадна тэднийг багаар ажиллах нь амжилтанд хүргэх ач холбогдолтой сургалт болжээ.

Сургалтанд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын сургалт зохион байгуулагдсан сумдын ойролцоох 4-5 сумдаас 80-100 гаруй гишүүд хүрэлцэн ирж хамрагдсан байна. Ингэхдээ анхан шатны гишүүдийнхээ санал бодлыг сонсож, шийдвэрлэх шаардлагатай, тулгамдаж буй асуудал, сум хөгжүүлэх үйл ажиллагаа болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцож, цаашид ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

“Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийн гол зохилго нь анхан шатны гишүүдээ чадавхижуулахаас гадна тэдний санал бодлыг сонсож, цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ач холбогдолтой байсан нь сургалтанд оролцсон нийт гишүүдэд ихээхэн үр дүнтэй арга хэмжээ болжээ. Тухайлбал Хэнтий аймгийн Батноров сумаас Шинэчлэлийн Засгийн газрын бодлогыг идэвхитэй дэмжин ажиллаж байгаа талаар нутгийн иргэд ярьж байлаа. Үүнд Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан нутгийн иргэд, малчид, бизнес эрхлэгчдэд зээл олгож байгаа нь ихээхэн нөлөөлж байгаа юм байна. Урьд нь сумаас нийслэл рүү шилжих хөдөлгөөн их байдаг байсан бол суманд тодорхой хэмжээний эрх мэдэл олгож, иргэдэд ахуй амьжиргаагаа дээшлүүлэх зээл хамруулж эхэлснээс хойш шилжин ирэгсэд нэмэгдэж, сум үсрэнгүй хөгжиж байгаа талаар нутгийн удирдлагууд онцолж байв. Ингэхдээ “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийг анхан шатны нэгжид ажиллаж байгаа намын нийт гишүүддээ бодитоор хүрч байгаа нь цаашдын уялдаа холбоог сайжруулах үр дүнтэй арга хэмжээ болж байгаа төдийгүй цаашид сум бүрт сургагч багш бэлтгэж, нийт намын гишүүддээ хүрч ажиллахыг сумын удирдлагууд уриаллаа.

Сургалтанд оролцогчид Ардчилсан намын зүгээс  сургалт хэлэлцүүлэг зохион байгуулсан нь  сумын анхан шатны гишүүд, дэмжигчдэд мэдээлэл өгөх, идэвхжүүлэх ач холбогдол сайтай үйл ажиллагаа болсонд талархаж, сургалт гэсэн нийтлэг байдлыг халж, илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүнд хүрсэн, үр дүнтэй шинэлэг сургалт болсон талаар онцолж байв. Энэхүү сургалт сарын эхээр Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудаар үргэлжлэх аж.