Хийх юмаа олж ядсан гэмээр хачин хачин зүйлсийг улс төрчид хийдэг нь үе үеийн парламентийн түүхэнд байсан уу гэвэл байсан. С.Баярцогт гэгч этгээд ордон тойруулж хашаа барьж байсан бол одоо тэр хашаанд нь зөвхөн дарга даамалууд л машин тэрэгтэйгээ орж болдог болох нь ээ.
Саяхан болсон АН-ын бүлгийн хурал дээр УИХ-ын гишүүн Б.Болор Төрийн ордоны гадаах зогсоолын тухай гомдол мэдүүлжээ. Гадаадын аль ч улс оронд яваад очход парламентийн гишүүд нь өөрсдийн гэсэн зогсоолтой байдаг бөгөөд жолоочтой гишүүд нь гүйгээд гүйгээд ажилдаа орцгоодог бол жолоочгүй гишүүн Б.Болор зогсоол хайж доошоо ороод байгаа тухайгаа хошуу унжуулан гомдолсон байна.
Угаасаа л УИХ-ын гишүүний үг тэнгэрийн зарлиг байдаг хойно УИХ-ын тамгын газрын дарга Б.Болдбаатар луугийн дуу сонссон мэт сандран мэгдсэн бололтой. Төрийн ордоны баруун зүүн талд байх зогсоолуудаас баруун талынхыг нь УИХ-ын гишүүдэд зориулан 76 зогсоол гаргаж зөвхөн гишүүний автомашин л зогсох бөгөөд түүн дээр өөр хэн ч зогсох эрхгүй байх юм гэнэ. Энэ ариун нандин зогсоолын дээгүүр шувууны сүүдэр тусч болох эсэхийг мэдэхгүй ч юутай ч бүтэн сар жилээр гадаад дотоод гээд тэнээд алга болдог ордонд ч бага үзэгддэг гишүүдэд зориулж байгаа нь ажлаа дааж ядсан ажилтнуудыг ихээхэн бухимдуулж байгаа аж.
Харин Төрийн ордны үлдсэн зүүн жигүүрт зөвхөн хэлтэсийн даргаас дээш зиндаатай дарга нарын л автомашин орох бөгөөд бусад нь талбай тойрсон зогсоолуудад яаж ийгээд багтаж шингээд амьдарцгаах болжээ.
Саяхан л МАН-ын гишүүд, ажлын албаны ажилтнуудыг нь ялгаварлан гадуурхаж байдаг тухай хэл ам татлаж байсан УИХ-ын тамгын газрын дарга Б.Болдбаатар ийнхүү дарга цэргээр нь ялгаварлаж эхлэж байгаа нь ямба нь ихэдсэн дарга нарт таалагдах ч яг ажил хийгээд төрийн төлөө чөмгөө дундартал зүтгэж байгаа хүмүүст энэ ялгаварлан гадуурхаж байгаа энэ үйлдэл нь яваандаа Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газар, нам эвсэл бүлгийн ажилтнууд,  УИХ-ын гишүүдийн туслах зөвлөхүүдийн дунд томоохон хэрүүл маргааныг дэгдээн “манайх танайхаас илүү! танай дарга манай зөвлөхийн зиндаатай”гэх зэргээр эрээ цээргүй аашилцгааж байгаа нь ёстой хөгөө хөлдөө чирсэн Солонгос сериал киноны ордоны хэрүүлээс ямар ч ялгаа алга.
Уг нь УИХ-ын гишүүн Б.Болор, УИХ-ын тамгын газрын дарга Б.Болдбаатар нарт шүүр шанага шиг цоорхой хуулиудаа янзлаж цэгцлээд сууж байх их ажил бий атал ийнхүү явган хэрүүлийн "яс" болж явах хэрэг байнуу?

 

 

Б.Болор, Б.Болдбаатар нар ордоны зогсоолыг зохицуулна