УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

 -Төсвийн хүрээний мэдэгдлээ батлах гэж хэл амтайхан л юм болцгоолоо. Хугацаандаа баталж амжихгүй хэмжээнд хүрэх гэж байна шүү. Танай намынхан аливаа асуудлыг ингэж хүндрүүлэх хэрэг байдаг юм уу?

-Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг Монгол Улсын нийгэм эдийн засгийн толь шүү дээ. Нөгөө талаасаа 2015 оны төсвийн хүрээний төсөөлөл, 2016 оны төсвийн хүрээний чиглэл гурав давхар явдаг юм. Зорилго нь улс орныхоо нийгэм эдийн засгийн ирээдүйн ерөнхий төлөвлөлтийн салбар хоорондын уялдааг гаргах гэсэн бодит үзүүлэлт. Улс орон төлөвлөх шаардлагагүй зах зээлийн нийгэмд өөрөө зохицуулчихдаг юм гэж шулуухан хэлээд хэт харь үзэл баримтлалыг дагаж нэлээд хэдэн жил туулаа. Явж явж буцаад 20 жилийнхээ өмнөх дээрээ бууж байна. Улс орон хөгжье гэвэл нийгэм эдийн засгийнхаа нөөц боломж чадавхийг тооцоолдог, байгаа хүчин чадлаа төсөвлөдөг, төлөвлөдөг. Тэгж байж улс хөгждөг  гэдгийг одоо эргээд ойлгож байна. Үндсэндээ өмнө нь хийж чаддаг байсан зүйлсээ дахин сэргээх гэж оролдож байгаа юм. Өмнө нь бид хичнээн мянган га талбайг усжуулж чаддаг байлаа. Түүнийг бүгдийг нь зараад дуусгасан. 1990 оноос өмнө усжуулдаг байсан талбайнхаа 10 хувьд хүрэх талбайг усжуулж эхэллээ. Улаанбаатарыг тойроод 300 гаруй эрчимжсэн мал аж ахуйтай байсан. Одоо дөнгөж 20-30 аж ахуйтай болж байна. Аж үйлдвэрийн парк гэж яриад л байгааг сонсоо биз. Дархан, Эрдэнэтийн бүсэд төмөр зам, дэд бүтэцтэй нь хамт хийчихсэн байв. Яаж тэрийг тараан дуусгалаа даа. Монгол Улс нүүгээгүй, цаг агаар өөрчлөгдөөгүй, түүхий эдийн нөөц, хүн ам, эдийн засаг хийгээд уул уурхай, ашигт малтмал, хоёр хөрш маань хэвээрээ л байна. Эх орныг хөгжүүлэхийн тулд энэ бүгдийг тооцоолдог байсан. Энэ мэтчилэн 20 жил үгүйсгэсэн зүйлсээ дахин ярьж эхэлж байгаагаас харахад улс оронд төлөвлөлт хэрэгтэй нь анзаарагдаж байгаа юм. Нэгдэлжих хөдөлгөөн нэгдэл хэрэггүй гээд л байсан. Одоо нэгдэл гэж арай нэрлэж чадахгүй хоршоолол гэдэг юм яриад л явж байна шүү дээ. Оройтсон ч гэсэн үүнийг ухаарч байгаад баярлаж байна. Гэтэл сая орж ирсэн төсвийн төсөөллийг харахгүй юу.

-Яг яачихсан байна гэж?

-Бид 17.7 хувийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засгийг энэ засагт хүлээлгэн өгсөн. Тасралтгүй уналаа. Ингэж унасаар 2016 он гэхэд таван хувь руу орно. Бодит инфляциа гүйцэж чадахгүй эдийн засгийн өсөлтийг хангаж ирж байна. Энэ нь эдийн засаг асар хүчтэй агших нь ээ гэдэг төсөөллийг засаг оруулж ирлээ. Нөгөө талдаа өрийн хэмжээг тасралтгүй нэмж оруулж ирэх юм. Монгол Улс Засгийн газрын өр нэмэгддэг, эдийн засаг буурдаг боллоо. Зүй тогтол нь санхүүгийн чадвар нь нэмэгдэж байвал эдийн засаг өсөх ёстой. Гэтэл сөрөг орж ирэх юм. 10 гаруй жил тогтвортой байлгаж ирсэн эдийн засгийнхаа орчныг хоёрхон жилийн дотор нураачихлаа. Жилд 20 хувийн өсөлттэй эдийн засгийн орчныг хангаж байж өнөөдрийн гадаад өр зээл, төлбөр гадаад зээлийн үйлчилгээгээ даах чадавхийг бүрдүүлнэ. Энэ удаагийнхыг харахад өрийн хавханд орсон, өрийн хавцал руу унасан тийм л зүйл болчихлоо. Засгийн өр нэмэгдэхгүй бол засаг өөрөө өөрийгөө авч явж чадахгүй хэмжээнд хүрнэ. Хоёрхон жилийн өмнө та бүгдийн муу хэлдэг Ардын намынхан гаднаас зээл авахгүй цалин тэтгэвэр нэмж, зээлжих зэрэглэл өндөр, хамгийн ирээдүйтэй улс орныг хүлээлгэн өгсөн.

-Таны ингэж магтаж яриад байгаа чинь та нарын гавьяа бус Оюу толгойн л ач байсан биз дээ?

-Оюу толгой гэж үндэстэн дамнасан том компанийн хөрөнгийг оруулж ирээд түүнийг дагуулан олон компанийг босгож, залуучуудаа мэргэшүүлж үүний дүнд МСҮТ-ийг сэргээсэн. Босгоод ирсэн уул уурхайг нурааж байна. Оюу толгойг даган хайгуул, судалгаа, зураглалын салбар нурж байгааг харж байгаа биз. Оюу толгой чинь газар сайгүй явж байдаг Оюу толгой ч биш. Дэлхийд нэг тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалтыг дэлхийн хэмжээнийх гэдэг. Дэлхийн бүх улсууд хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлдөж байна. Бид ганцхан Оюу толгой гэдэг компани дээр долоон тэрбум ам.доллар оруулсан. Түүнийхээ хоёр дахь үе шатыг хэрэгжүүлж чадалгүй улстөржөөд алдаж байгаа нь даанч харамсалтай. Үүний цаана хэн хохирч, ямар их боломж алдаж байгааг хар. Бид хэдэн зуун тэрбумын алдагдал хүлээж байна. Эдийн засаг бүтэн их наядаар агшаад эхэллээ. Түүний цаана тэрбум долларын зах зээл агшиж, бүтээн байгуулалт, ажлын байр, үйлчилгээ, ханган нийлүүлэлтийн салбар нурж байгаа юм. Хамгийн аймшигтай нь Монгол Улсын нэр хүнд унаж байна. Дэлхийн бизнест хөл тавьсан 20 гаруй компанийн хувьцаа 500-1000 хувь уналаа. Оюу толгой компани манайд хөрөнгө оруулсан долоон тэрбум ам.долларын тал буюу 3.5 тэрбум ам.доллараа алдагдал болгоод зарласан. Үүнийг ярьж байгаа хүн ч алга. Монголын хэдэн гайгүй компани нийлээд консерциум байгуулан Ухаа худаг төслийг хэрэгжүүлэн Хонконгийн зах зээлд хувьцаа гаргасан. 14 ам.доллар хүрсэн хувьцаа өнөөдөр 1400 дахин унаж “0” үнэтэй боллоо. Дэлхий ертөнц Монгол Улсад ямар үнэлгээ өгөөд буйг энэ хоёр тооноос харахад л хангалттай. Зүүд зэрэглээ шиг л зүйл болоод байна. Бид 2012 оныхоо хэмжээнд хүрэхэд дахиад 10 жилийн ажил хийх болчихлоо.

-Ардчилсан гэлтгүй Ардын намынхан Монголын төрийг сүүлийн 25 жил удирдалцаж байгаа биз дээ?

-1996-2000 онд Ардчилсан нам засгийн эрх бариад 474 төгрөгийн үнэтэй байсан монгол төгрөгийг 1040 болтол нь унагаж байсан. Түүнээс хойш 10 жилийн хугацаанд эерэг нөхцөлийг бүрдүүлж дэлхийд Монголыг гаргаж чадсан. Одоо байр сууриа алдаж байна. Манайхан ямар том бодлогын алдаануудыг хийв. Дэлхийн хоёр том гүрэн болох хоёр хөрш орны төрийн тэргүүнүүд уулзахад Ерөнхий сайд, Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Тэнд хоёр хүн уулзаа л биз. Маньд ямар хамаатай юм” гэж байсан. “Маньд ямар хамаатай юм” гэдэг үгийг нь хөрш хоёр орон харууллаа. Ийм хамаатай байдаг юм, ийм гэрээ зурж байна, та нар хараад зогсож бай гэж байгаад харуулсан. Монголын нүүрс үнс болж байна. Таван толгойгоос олборлосон нүүрс Улаанбаатарын хажуухнаас олборлож буй хайрганаас хямдхан болж байгааг тооцоолж байгаа юм уу. Тэр үнэ цэнийг унагасан улстөрчдөд ямар хариуцлага тооцож байна вэ. Хэдэн зуун тэрбумын татварын орлогын боломжийг алдагдууллаа. Дэндүү харамсалтай. Энэ улс төржилтийг бид дэндүү их үнээр төлж байгаад харамсаж байгаа юм. Эрх баригчид өр сайхан гэж ярьдаг болсон. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй гэж ардын үг бий шүү. Одоо эсрэг болж л дээ. Ханшаа ч зөв тогтоогоод орж ирж чадахгүй, ийм төсвийн төсөөлөл мэдээлэлтэй орж ирж байна. 2016 онд нэг оронтой тоонд хүрэх төсвийн төсөөллийг оруулж ирлээ. Хоёр жилийн өмнө юу ярьж байлаа. Тийм болохоор бид шүүмжлэлтэй хандахгүй яах юм. Ардчилсан намд фракц хоорондын зодоон, мөнгөний төлөөх тэмцэл явагдаж байна. Тэдний эрээ цээр хэтэрлээ. Намынхаа дунд шатанд юу болж байгааг хар даа. Яриад байсан авлига хээл хахууль алиагаа алдаж эхэллээ. Орон нутагт мэргэжилтэй боловсон хүчин алга. Дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн аймгийн дарга, бага ангийн багш Эрчим хүчний үйлдвэрийн газрын дарга болж байна. Ардын нам дөрвөн жил цалин, тэтгэвэр нэмж дээрээс нь сар бүр 21 мянган төгрөг өгсөн. Тэгэхэд доллар, төгрөг тогтвортой байв.

-Эдийн засгийн хөгжлийн сайд манай сонинд өгсөн ярилцлагадаа “Ажил хийх гэхээр Ардын намынхан хийлгэхгүй байна” гэж ярьсан байна лээ?

-Өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Их хурлын дарга, Прокурор, шүүх, тагнуул, АТГ нь бүх яамдууд, агентлагууд нь Их хурал дахь олонх нь байхад өөр юу гоншигноод байгаа юм. Өөр юу хэрэгтэй юм. Дээрээс нь Монголын түүхэнд байгаагүй мөнгөний эрх мэдэл, зээл, бонд, төсөв байна. Өөр юу хэрэгтэй гэж. Хэрэв бидэнд ийм мөнгө байсан бол эдийн засгийг жилд 30 хувиас буулгахгүй өсгөх байсан. Зээлгүйгээр өөрсдийн дотоод чадавхийг зөв зохион байгуулж эдийн засгаа өсгөөд явж чадсан. Өнөөдөр асар их зээл өр авчихаад цалин нэмэгдэхгүй, худалдан авах чадварыг нь унагаад байгаа Засгийн газартай харьцуулж болохгүй. Тэдэнд юу дутсан юм. Хоёр жилийн өмнө тэд ямар бардам байлаа даа. Нийт монголчууд хохирч байгаа энэ үед хэвлэл мэдээлэл асч буцалж байх ёстой. Гэтэл үгүй байна. Үүнд харамсч байна. Хаалтын гэрээ хийгдэж байгаа талаар мэдээлэл авч байгаа. Монгол жижигхэн шүү дээ.

-Танай бүлгийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналаа өргөн барьсан. Огцрууллаа гээд өөрчлөлт гарах юм уу?

-Найдаж байна.

-Ч.Хүрэлбаатар гишүүн Н.Батбаярыг явуулбал Монголын эдийн засаг 10 хувь, бүлгийн даргаа явуулбал эдийн засаг мөн арван хувиар өснө гэж мэдэгдсэн. Ажлаа хийхгүй явах, явуулах зүйлс яриад байх юм?

-Үнэн. Би ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Эхлээд бид гадаад, дотоод орчиндоо итгэлийг бий болгох хэрэгтэй. Итгэлийг бий болгохын тулд алдсан алдаагаа дүгнэж алдаа хийсэн хүмүүстээ хариуцлага тооцох ёстой. Тэгж чадвал тэд өөрсдийгөө дүгнэж байгаа юм байна, алдаагаа засах гэж оролдож байгаа юм байна гэсэн ядахнаа анхны суурь бэлтгэлийг бий болгооч. Уул уурхайг үзэн яддаг хүнээр Уул уурхайн сайд тавьчихаад гадны хөрөнгө оруулалтыг татаж улс орныг яаж хөгжүүлэх гээд байгаа хүмүүс вэ. Гадаадын талаар хамгийн сөрөг бодолтой хүнийг Эдийн засгийн сайдаар тавьчихаад яаж эдийн засгийг авч явах гээд байгаа юм бэ. Хоёр хөрш надад хамаагүй гэж ярьдаг Ерөнхий сайдтай Ардчилсан намын удирдлага яаж хол явах юм. “Би макро эдийн засаг мэдэхгүй, би микро хүн” гэж өөрийгөө улаан цайм хэлж байгаа Ерөнхий сайдыг яах юм. Үүнд жаахан өөрчлөлт хийвэл гадаад дотоод итгэл жаахан сэргэнэ. Ардчилсан намд нь, улс оронд хэрэг болоосой гэсний үүднээс л бид ийм зүйлийг хэлээд байгаа юм. Дотроо учраа олчих гэж шахаад нэмэр болсонгүй. Тийм чадвар ч алга.

-Хаврын чуулган эхэлснээс хойш парламентын гишүүд ямар гавьяа байгуулав. Нэг хүнийг огцруулна гээд сар гаруй л зууралдлаа. Ард түмнээ бодох болоогүй юу. Элгээрээ хэвтлээ шүү дээ. Ганц хоёрхон тогтоолын төсөл л батлав уу даа?

-Ардын нам ард түмнийхээ төлөө яваа. Ард түмний төлөө ажлаа хий гэж тэднийг шахаж байгаа. Эрх баригчид 40 хэдүүлээ байж ирцээ бүрдүүлээд хуулиа батлаад явах боломж хангалттай бий. Хуралдаад бүх өрөө тавиад, бүх хүнээ томилж, хуулиа зөрчөөд явдаг. Одоо яагаад тэгээд явахгүй байгаа юм. Учир нь тэдэн дунд зүрх нь цохилж байгаа амьд хүн байна. Эх орноо, түмнийхээ эрх ашгийг боддог хэдэн хүн байгаа нь харагдаад эхэлсэн. Болохгүй гэдгийг нь хэлээд эхлэхээр дотоод эрх ашиг зөрчилдөөд цаашаа явахаа больж эхэллээ. Ардын намаас үл хамаараад Ардчилсан нам дотор асуудлыг эрүүлээр харж задлан шинжилдэг, шүүмжилдэг хүмүүс хүссэн хүсээгүй гараад ирж байгаа юм.

Хүч түрсэн хоосон бодлогууд нь унаад байгаа шалтгаан нь энэ. Хоёр жилийн өмнө АТГ Ардын намыг шалга, ажлаа сайн хий гэж байсан Ерөнхий сайд нь өнөөдөр “АТГ ажил хийлгэхгүй байна аа” л гэж байна шүү дээ. Авлига Ардын намынхны үеэс арай хэтэрч байна. Ардчилсан нам дахь авлигачдыг цээрлүүлэх хэрэгтэй. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд Ардын намынхныг арай дэндүү шалгалаа. Өмд гутлыг нь тайллаа. Алдаа оноотой хэдэн хүмүүс байсан л байх. Үр дүн нь юу байв. Өнөөдрийнх шиг ийм байгаагүй л байсан. Ардын намын нэртэй авлига, хээл хахууль, албан тушаалын наймаа хийсэн хүмүүстэй бид эвлэрэхгүй байгаа. Одоо АН-ынхныг нэг сайн цэвэрлэбэл Монгол Улсад их хэрэгтэй дээ. Улс төр дэх бөөс хуурсыг түүх цаг болсон.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Үнэндээ лоозонгийн чанартай, эх үүсвэргүй, уялдаагүй хөтөлбөр гэдгийг шуудхан хэлье. Яаж ийгээд үлдсэн төрийн өмчит газруудыг худалдаж, хувьчилж авъя гэсэн бодолтой байгаа. 1996-2000 онд хийсэн зүйлээ одоо дахин хийх гэж байна. Урт нэртэй хуулийн үйлчлэлийг зогсоох гэж оролдож байгааг хараарай. Есдүгээр сар гэхэд Д.Ганхуяг гэдэг хүн байж л байх юм бол Оюу толгойн хоёр дахь шатны гэрээ хийгдэхгүй.

-Уул уурхайн сайдаа Н.Батбаяр сайд шиг явуулах арга хэмжээ авахгүй юу?

-Бид боломж олгож байна. Ардчилсан нам зүгээр нэг гудамжны нам биш. Монголын ард түмний ийм итгэлийг авсан нам хариуцлагаа үүрэх ёстой. Тийм бололцоог бид өгч байгаа юм. Улс төр хийхдээ ард түмэнд бурхан бумбын орныг амлаа биз дээ. Гэтэл өнөөдөр амьдралыг ямар там болгон хувиргаж байгааг харцгааж байна.

-Хуулиуд хэлэлцэх гэхээр л танай намынхан тав тав хоногийн завсарлага авчих юм. Ажил хийх сонирхол алга уу?

-Тогтоолын төслийнхөө таван үгийг зөв холбож чадахгүй байгаа хүмүүсийг яах юм. Орон нутгийн ИТХ нь хуралдаад Дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тогтоол гаргаж байна. Ийм хэмжээндээ хүртэл унаад байгаа юм. Эдийн засгийнхаа хэдэн тоог ойлгохгүй хүмүүс суугаад харамсч байна. Энэ бүхэндээ дүгнэлтээ хийгээсэй. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гэдэг нь Засгийн газрынхаа насыг уртасгах гэсэн ажил. Аргаа барахдаа бизнесийн зөвлөл байгуулаад хэдэн шинэ залуусаар юм хийлгэнэ гэж ярих болж. Монголын төр ийм ч болчих гэж дээ. Тийм л юм бол энэ хэдэн яамдын сайд нараа бүгдийг нь хөөгөөд явуулчих хэрэгтэй. Яамдыг нь татан буулгавал таарна. Үүнийгээ хүлээн зөвшөөрсөн их том илэрхийлэл байхгүй юу. Та минь хийж өгөөч гэж хадаг барьж байна. Монголын төр ингэж аль байдгаа алдаж байсан түүх байхгүй. Есөн сар гэхэд төсөв тасарлаа тодотгол хийе гээд гонгиноод ороод ирнэ. Сүүлийн үед нэг зүйл хамгийн ихээр намайг зовоох боллоо. Энэ Их хурал 2016 оны хүргэх болов уу. Энэ л их эргэлзээтэй санагдаад байгаа юм даа.

Э.ЭНХБОЛД

 

Ж.Энхбаяр: Улс төржилтийг бид дэндүү их үнээр төлж байгаад харамсч байна