Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын  “Маргаан

хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах

тухай” 33 дугаар тогтоолыг эс зөвшөөрч гомдол

гаргах нь

 

 

 Иргэн М.Төрбат би Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Л.Одсэрийг томилох” тухай 2013 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 158 дугаар  захирамж  болон уг захирамжаа Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэн хүчингүйд тооцох шийдвэр гаргахгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн үзэл санаа, суурь зарчим,зарим заалтыг зөрчсөн хэмээн үзэж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн агуулгатай мэдээллийг 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хүргүүлсэн.

 Миний гаргасан мэдээллийг  Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар  хянаж 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай”  33 дугаар тогтоол гаргажээ.

Уг тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр дахин хянуулахаар гомдол гаргаж байна.

 

Нэг. Цэцийн гишүүн Д.Сугар миний мэдээллийн үндэслэл, шаардлагын агуулгатай шууд хамааралгүй үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол хүчинтэй байгаа нь Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн дагуу гаргасан захирамжаа хүчингүйд тооцох эрхгүй байх хууль зүйн үндэслэл болохгүй харин ч дээрх субьектууд хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон тус тусын бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэрээ хуульд нийцүүлэн бусдын шийдвэрээс үл  хамааран засаад явах бүрэн эрхтэй ба ингэх ч үүрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайдын шийдвэр, үйл ажиллагаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль бус шийдвэрт барьцаалагдах, түүнээс шууд хамаарч хууль зөрчсөн хэвээр байх ёсгүй ба Цэцийн гишүүн Д.Сугар ингэж дүгнэсэн нь харамсалтай байна.

 Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 3 дахь хэсэгт Ерөнхий сайд... Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал...” гэж заасан нь Ерөнхий сайд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Засаг даргад нэр дэвшүүлэхээр ирүүлсэн тогтоол бүрийг дагах үүрэгтэй биш харин өөрийн бүрэн эрхийн хүрээнд тогтоол, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, хуульд нийцээгүй бол  татгалзах, хуульд нийцүүлэхийг шаардах, зөвлөх, өмнө гаргасан шийдвэр хуультай зөрчилдсөн тохиолдолд хүчингүй болгож хуульд нийцүүлэх зэргийг зохицуулсан зохицуулалт мөн.

Миний мэдээллийн үндэслэл, шаардлага бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг Ерөнхий сайд хүчингүй болгох эрхтэй, эрхгүйн  тухай маргаан биш харин Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гаргасан үйлдэл, мөн энэхүү захирамж нь тодорхой хууль зүйн факт, нэгэнт бий болсон хууль зүйн үр дагавар, Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу илт хууль бусд тооцогдсон, эрх зүйн чадамжгүй болсныг үндэслэн Үндсэн хуульд нийцүүлэн хүчингүйд тооцохгүй байгаа эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэхийн Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахийн “... нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн ... захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд... гарын үсэг зурна”, Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж  Үндсэн хуулиар Монгол Улсын Ерөнхий сайдад албан тушаалтны хувьд шууд хууль зүйн үүрэг болгосон, чиг үүрэгт нь шууд хамааралтай өөр ямарч субьекттэй хуваалцахгүйгээр хоёрдмол утгагүй гүйцэтгэх хууль зүйн үүргийг биелүүлээгүй, биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь Үндсэн хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг  зөрчсөн эсэхийг хянуулж тогтоолгох агуулгатай байсан.

1992 онд ардчилсан Үндсэн хуулийг боловсруулж баталсан манай хуульчид, хууль тогтоогчид, төрийн түшээд төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтаны шийдвэр,үйл ажиллагаанд ажил, амьдралын  туршлага, мэдлэг, боловсрол, улс төр, эдийн засаг, үзэл бодлын, хувийн, санаатай ба санамсаргүй зэрэг олон шалтгааны улмаас алдаа, дутагдал, зөрчил завхрал, туйлшрал, зөрчилдөөн, хийдэл гарахыг урьдчилан ухаалгаар тооцоолж байсан, үүсэх болон үүссэн зөрчлийг засч залруулах механизмыг Үндсэн хуулинд суулгаж өгсөн байдаг.

Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсний зорилго, үзэл санааг  Засгийн газрын болон  Ерөнхий сайдын шийдвэр ямар нэгэн хууль зүйн факт, нэгэнт бий болсон хууль зүйн үр дагаврын улмаас  хуульд нийцэхгүй болсон тохиолдолд түүнийг засч залруулж хуульд нийцүүлэх боломж, эрхийг олгосон, хууль зүйн үүрэг болгосон хэрэг бөгөөд хэрэв Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгоогүй, хүсээгүй тохиолдолд Үндсэн хуулийн зөрчлийг арилгуулахаар ирүүлсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг асуудлыг хянан шийдвэрлэж  байх процессын зохицуулалтыг хийж өгсөн нь төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд зөв зохистой явагдах, хууль дээдлэх зарчмыг хангуулах, эрх зүйн хийдлийг арилгах нөхцлийн хангуулах зорилготой юм.

Миний мэдээллийн шаардлага бол Ерөнхий сайдын зүгээс шинээр үүссэн хууль, эрх зүйн байдалд дүгнэлт хийж өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан захирамжаа хүчингүйд тооцон хуульд нийцүүлэхгүй байгааг Үндсэн хуулийн цэцээр хянуулж зөрчлийг арилгуулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үүний дагуу хуульд нийцээгүй Хурлын тогтоолоо хүчингүй болгох,  хуулийн шаардлага хангасан нэр дэвшигчийг  Ерөнхий сайдад дахин мэдүүлэх, ингэсний дүнд аймаг, орон нутгийн ажил хуулийн дагуу хэвийн явагдах нөхцлийг хангуулах  гэсэн эцсийн дүндээ Үндсэн хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохиногэснийг хангуулах зорилгыг агуулсан.

Зүй нь Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлж хүчингүйд тооцсоноор Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэхийн Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахийн “... нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх гэсэн чиг, үүргийг биелүүлж цаашид төрийн байгууллага, албан тушаалтнууд, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын үйл ажиллагаанд хууль дээдлэн ажиллах, эрх зүйн соёлыг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болох байсан.

Гэвч Ерөнхий сайд Үндсэн хуульд заасан өөрийн чиг үүргийг биелүүлэхийг  хүсэхгүй байгаа үйлдэл нь төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтнуудад муу үлгэр үзүүлж байгаа нь хамгийн хортой байна.

 Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн үзэл санааны агуулга нь төрийн эрх мэдлийг оновчтой хуваарилж хэрэгжүүлэх,Үндсэн хуулийг хүндэтгэн биелүүлэх, төрийн бусад хууль тогтоомжийг Үндсэн хуулийг биелүүлэн хэрэгжүүлэхэд нийцүүлэх, хуулийг дээдлэхийн тулд төр иргэн хоёр харилцан хариуцлага хүлээх, хүний болон иргэний эрх, эрх чөлөөг эрхэмлэн хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдах нөхцлийг бүрдүүлэх, байгууллага, албан тушаалтан хэн боловч хууль ёсыг чандлан сахих зэргээр хуулийн засаглал тогтооход чиглэгддэг.

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хуулийг 1992 онд анх баталж мөрдсөнөөс хойш Монгол Улсын Ерөнхий сайд зарим  аймаг, нийслэлийн Засаг даргыг хууль зөрчин томилж дураар авирлах тохиолдол нэг биш удаа гарч байсан ба энэ дагуу иргэдийн мэдээллээр Үндсэн хуулийн цэц тухай бүр хянан хэлэлцэж засч залруулж Үндсэн хуульд нийцүүлж байсан  практик бий.

Тухайлбал 1996 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Монгол  Улсын Ерөнхий сайд М.Энхсайхан Монгол Улсын Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн тухай” 10 дугаар Дүгнэлт,  1997 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн “Монгол Улсын Ерөнхий сайдын 1996 оны 132 дугаар захирамж Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн зарим заалтыг зөрчсөн тухай” Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар Тогтоолоор Ерөнхий сайдын хууль зөрчсөн захирамжийг засч залруулж байсан байдаг.

            Мөн иргэн Ш.Раднаасадийн хамт гаргасан  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-д заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн шаардлагыг огт хангаагүй Д.Жаргалсайханыг  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамж гарган Баянхонгор аймгийн Засаг даргаар томилсон нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж тогтоож өгөхийг хүссэн бидний мэдээллийн дагуу 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн 111 дүгээр тогтоол гарган хуралдаанд бэлтгэж байсан, мөн иргэдээс  Хөвсгөл, Дорнод аймгын Засаг даргаар  үүрэг гүйцэтгэгчийг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянуулахаар гаргасан мэдээллийн дагуу 2013 онд Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган хуралдаж байсан зэрэг нь Цэцийн гишүүн Д.Сугарын тогтоолын  Үндэслэл хэсэгт заасан Ерөнхий сайдын захирамжийн талаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх шууд үндэслэл тогтоогдохгүй байна гэдгийг  үгүйсгэсэн харин ч Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхэд шууд  хамаарах,  маргаан үүсгэн хянах шууд үндсэлэл  болно гэдгийг баталж байна.

Үндсэн хуулийн цэц өргөдөл, мэдээлэл, хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх” 4 дэх хэсгийн “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх гэснийг зөрчсөн эсэх маргаантай асуудлыг хянан хэлэлцэнэ гэж тодорхой хуульчилсан байна.

Энэ дагуу Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайдаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ-ын дарга, гишүүд, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн үйл ажиллгаа, шийдвэр Үндсэн хууль зөрчсөн талаарх иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэн хэлэлцэж байсан ба зарим тохиолдолд албан тушаалаас нь огцруулах хүртэл шийдвэр гаргаж байсан байдаг.

Ерөнхий сайд аймгийн Засаг даргаар Л.Одсэрийг томилохдоо Үндсэн хуулиас үндэслэн гарсан нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаандаа баримтлах зарчмуудыг үл тоосон, зөвхөн өөрийн улс төрийн явцуу эрх ашгийг хуулиас дээгүүр тавьсан нь харагддаг.

Тодруулбал албан тушаалтан эрх зүйн акт гаргахдаа

  • Захиргааны болон албан тушаалтны тушаал шийдвэрийг боловсруулж бэлтгэхдээ анхаарал болгоомжтой байх, шаардлагатай мэдээ мэдээлэл, үндэслэлийг урьдчилан судлах;

-   Шийдвэртэй холбоотой талуудын ашиг сонирхол болон холбогдох фактуудыг үнэн зөв тодорхойлох;

-   Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглахыг хориглох;

-   Эрх зүйн хувьд тодорхой, ойлгомжтой, хоёрдмол утгагүй байх;

-   Хууль ёсны бус болчих аливаа үр дагаврыг тооцоолох

зэрэг үйл ажиллагаандаа баримтлах наад захын зарчмуудыг  үл тоожээ.

Ерөнхий сайд өмнө нь зарим аймаг, нийслэлийн Засаг даргын томилгооны асуудал хууль зүйн маргаан дагуулж байсныг анхаарч Үндсэн хуулиас үндэслэн гарсан дээрх зарчмууд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын зөвлөлгөөг удирдлага болгосон бол өнөөдөр Говьсүмбэр аймаг хуульд нийцсэн, иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн Засаг даргатай, Улсын дээд шүүхийн шийдвэрийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж  нөхөн сонгуулийг явуулж иргэдийн Хурлын Төлөөлөгчид бүрдсэн, аймгийн ажил амьдрал хуулийн хүрээнд хэвийн явагдах нөхцөл бүрэн бүрдсэн байх байсан.

Алдаатай акт гэж байхгүй харин хууль бус акт, илт хууль бус акт л гэж бий. Актын дотоод илэрхийлэл болсон үйлдэхүй нь ямагт санаатай байдаг, ямар нэг үр дагавар бий болгодог, үйлдэл хийдэг гол шинжтэй байдаг.

Аймгийн Засаг даргын томилгооны асуудал хуулийн дагуу шийдэгдтэл  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д ”Засаг даргыг чөлөөлсөн, огцруулсан бол Засаг даргыг шинээр томилох хүртэлх хугацаанд түүний бүрэн эрхийг нь Засаг даргын орлогч хэрэгжүүлж хариуцлагыг нь бүрэн хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалт байсаар атал  хэрэглээгүй  буюу хэрэглэхийг хүсээгүй байснаар энэ байдал даамжирч Үндсэн хуулийн зөрчилд хүргэлээ.

Улсын дээд шүүхийн шийдвэр гарч хуралдаанд оролцсон 3 төлөөлөгчийн бүрэн эрх хүчингүй болж тухайн хуралдаанаас гарсан шийдвэр эрх зүйн чадамжгүй болсон даруйд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид, мөн миний бие  Ерөнхий сайдад хандан шийдвэрээ Үндсэн хуульд нийцүүлэхийг хүссэн бичиг хүргүүлж байсан ба өнөөдрийг хүртэл бидний өргөдөл гомдолд хариу өгөхгүй үл тоомсорлож байгаа нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг давхар зөрчиж байгаа хэрэг болно. 

 Эс үйлдэхүйг уг албан тушаалтан үүрэгтэй байсан /бас үүрэггүй мөртлөө эрх хэмжээгээ хэтрүүлбэл ялгаагүй хууль бус үйлдэл мөн/ шийдэх ёстой байсан, шийдэх хангалттай хугацаа байсан, уг албан тушаалтан хүсээгүй, хийгээгүй,шийдээгүй, мэдээгүйг, аль аль нь хууль зүйн үр дагавар бий болгож хэн нэгний эрх, ашиг сонирхолд их ч бай бага ч бай хохирол учруулах тул захиргааны акт гэж үзэж Үндсэн хуулийн цэц болон захиргааны хэргийн шүүхээр зөрчлийг арилгуулдаг.

 Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл өөрийн бүрэн эрхийн дагуу гаргасан захирамжаа Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэсний дагуу хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй нь  Үндсэн хуулийн  Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “ ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг  ноцтойгоор зөрчсөөр байх тул Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан хэлэлцэх шууд үндэслэл болох ёстой.

Хэрэв ийм биш аваас ардчилсан Үндсэн хууль маань тунхагийн шинжтэй болох ба Үндсэн хуулийн цэц гэж байхын ч хэрэг үгүй мэт ойлгогдож байна.

Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдхүүнийг удирдах замаар нийгмийн бүхий л амьдралыг зөв гольдролоор нь явуулах үүрэгтэй албан тушаалтан билээ.

Харин түүний хууль зөрчсөн  зөрчил нэг талаас нийгэмд муу муухай зүйл болон харагддаг бол нөгөө талаас их бага түшмэдүүд түүн шиг хууль зөрчиж албан тушаалаа ашиглах атгаг сонирхолд дурладаг нь нууц биш тул Ерөнхий сайд хууль дээдэлсэн, хуулиар засагласан, шударга үйл ажиллагаатай байх ёстой албан тушаалтан мөн.

Тэрчлэн Ерөнхий сайдын бас нэг үүрэг бол төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтнуудын аливаа хууль зөрчсөн үйлдлийг огт өөгшүүлэхгүй, таслан зогсоох явдал мөн.

Сүүлийн жилүүдэд зарим Засаг дарга, сайд, агентлагийн дарга нар өөрсдийгөө “төр” гэж өргөмжлөх, Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдлүүдтэй барьцах, Ерөнхий сайдын “гарын хүн” хэмээн дөвчигнөх, хуулийг үл тоох, шүүх, хууль сахиулах байгууллагыг үл хүндэтгэх шүүхийн шийдвэрийг огт биелүүлэхгүй хууль завших явдал гаарч нийгэмд ялангуяа төрийн албаны харилцаанд шударга ёс, хууль дээдлэх ёсыг алдагдуулж байгаад Үндсэн хуулийн цэц, түүний гишүүд онцгой анхаарч ажиллах шаардлага үүсч байна гэж иргэн би үзэж байна..

Цэцийн гишүүн Б.Сугарын тогтоолын Үндэслэл хэсгийн 2-т мэдээлэлд   дурдсан асуудлыг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэсэн нь үндэслэлгүй бөгөөд магадгүй төрийн өндөр албан тушаалтантай холбоотой маргааныг хэлэлцэхээс зайлсхийсэн, өөрөөсөө холдуулсан улс төрийн зориг дутсан байх гэж дүгнэж байна.

Миний мэдээлэлд хамаарах маргааныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх болон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийн шийдвэрээр эцэслэн шийдэж дуусгавар болгосон.

Одоо Ерөнхий сайдын Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж дүгнэлт гаргах асуудал хүлээгдэж байна гэж би үзэж байна..

 

Иймд Цэцийн гишүүн Д.Сугарын “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” тогтоол үндэслэлгүй, дахин хянуулах нь зүйтэй гэж үзсэн миний  гомдлыг дахин хянахаар томилогдох Үндсэн хуулийн цэцийн 3 гишүүн гомдлын үндэслэлийг анхааран судалж Үндсэн хуулийн үг, үсэг, үзэл санаа, зарчим, зүйл, заалтад нийцсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

 

 

Хоёр. Иргэн М.Төрбат би Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягын гаргасан “Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Л.Одсэрийг томилох тухай” 2013 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 158 дугаар  захирамж  гаргасан, энэхүү захирамжаа хуульд нийцүүлэн хүчингүй болгохгүй байгаа эс үйлдэхүй Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн агуулгатай өмнөх  мэдээлэл дээрээ шинээр  дараахь шаардлагыг нэмэгдүүлж байна.

 

1. 2012 онд  Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас  М.Бадамсүрэнг аймгийн Засаг даргад томилуулахаар хоёр ч удаа нэр дэвшүүлсэн ч Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-д заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь  ”төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх”  гэсэн хуулийн шаардлагыг үндэслэн   томилохоос тухай бүр  татгалзсан байдаг.

Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэн нь  Ерөнхий сайдын дээрх шийдвэрийг үл зөвшөөрч шүүхэд хандсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн хуралдааны тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайдыг хууль зөрчөөгүй гэж үзэн М.Бадамсүрэнгийн гомдол, нэхэмжлэлийг хангаагүй.

Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшигч М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ариунболд, Н.Энхтуяа нар   шүүхэд өгсөн тайлбартаа “М.Бадамсүрэн нь нэр дэвшигчийн шаардлагыг хангахгүй байгаа, түүнийг Засаг даргаар томилох нь хуульд нийцэхгүй тул... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэснээс үзэхэд Засаг даргад нэр дэвшигч нь  хуулийн шаардлагыг заавал хангасан байх ёстой гэдэг зарчмыг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хатуу баримталж байсан байдаг.

Улсын дээд шүүх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-д заасан шаардлагыг хангасан  этгээдийг л аймгийн Засаг даргаар Ерөнхий сайд томилох нь хуульд нийцнэ гэдгийг нэгэнт тогтоож, хэн бүхэн үйл ажиллагаандаа мөрдөх, шүүхийн практик , эх сурвалж  болгожээ.

Монгол Улсад хуулийг нэг мөр ойлгож хэрэглэх, иргэд хууль шүүхийн өмнө тэгш байх зарчимтай билээ.

 

2. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  2013 оны 10 дүгээр сарын 09-ний өдрийн 158 дугаар  захирамжаар Л.Одсэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилсон.

 Л.Одсэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-д заасан “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн хуулийн шаардлагыг огт хангаагүй этгээд болох нь түүнийг аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэхэд Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын ХЭГ-аас Ерөнхий сайдад хүргүүлсэн Л.Одсэрийн товч танилцуулга, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн гарын үсэгтэй 2014 оны 04 дүгэр сарын 01-ний өдрийн 415 тоот тодорхойлолтоос  нотлогддог.

Л.Одсэр  “Чойр хайрхан” ХХК-ны ерөнхий  захирал, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр л ажиллаж  байснаас  төрийн албанд ганц ч жил ажиллаж байгаагүй байна. Харин Л.Одсэр нь өөрийнхөө 1990-1994 онуудад Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцсан хугацаагаа төрийн албанд ажилласан гэж тайлбарлаж хуулийн шаардлага хангасан гэдэг нь Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 04 дүгэр сарын 01-ний өдрийн 415 тоот тодорхойлолтоор  үгүйсгэгдэж байна.

Аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа этгээд ийнхүү цэргийн сургуульд сурсан жилүүдийг төрийн албанд ажиллаж байсанд тооцох ёстой гэж хуулийг санаатайгаар буруугаар тайлбарлаж, түүнийг нь Ерөнхий сайд хүлээн зөвшөөрч Засаг даргаар томилсныг хуульчид, төрийн албаны зөвлөлийнхөн битгий хэл жирийн иргэд хүртэл ёс зүйгүй этгээдүүд монголын төр, хуулийг хэрхэн гутаан доромжилж байгаад дургүйцэж зэвүүцэн байгааг сонсоход дэндүү харамсалтай байсныг энд зориуд дурдаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргахын өмнө  Засаг даргад нэр дэвшигч нь хуулийн шаардлагыг хангасан эсэхийг  хянаж тодруулах, өөрийн гаргах эрх зүйн актын хууль зүйн үндэслэлийг хангуулахад анхаарах, Ерөнхий сайдыг  мэдээлэл, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэгтэй Ажлын алба,  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн болон Орон нутгийн удирдлага, хөгжлийн газрыг энэ тал дээр чиглүүлэн ажиллуулах үүргээ орхигдуулсан эсхүл ажил хариуцсан мэргэжилтэн, хуульчдын зөвлөлгөөг үл тоож улс төрийн явцуу эрх ашгийг урьдал болгон хууль дээдлэх ёсыг хөсөрдүүлж Монгол улсад хууль, шударга шүүх байхгүй юм шиг дураараа авирлан шийдвэр гаргасан нь хэн бүхэнд ойлгомжтой байна.

            Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тухайн ажил, алба, албан тушаалтны нийгэмд үзүүлэх нөлөө, нийтлэг эрх ашгийг хамгаалах шаардлагаар тодорхой шалгуурыг тавьдаг нь хүний эрх, төрийн албаны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажлын үр нөлөө болон бусад олон эрх ашгийг баталгаажуулж  хангуулах зорилгыг агуулдаг.

Тухайлбал “Монгол Улсын Ерөнхийлөгч 45 нас хүрсэн уугуул иргэн байна”, “УИХ-ын гишүүн 25 нас хүрсэн хүн байна”, Шүүгч болох хүн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх”, “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй Монгол Улсын  40 нас хүрсэн иргэнийг томилно” гэх мэт.

Дээрх хуулийн хязгаарлалтыг зөрчиж шаардлага хангаагүй этгээдийг тухайн албан тушаалд томилох нь хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн Үндсэн хуулийн тулгуур зарчмыг уландаа гишгэсэн бүдүлэг бөгөөд шоглоомтой үйлдэл болно.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнө нь Монгол Ардын Намын гишүүн М.Бадамсүрэнг Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэрийг гаргахдаа түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалын байдлыг сайтар судлан хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж  байснаас үзэхэд томилгооны асуудалд хариуцлагатай хандаж байсан нь харагддаг ба харин Ардчилсан намын гишүүн Л.Одсэрийг аймгийн Засаг даргаар томилохдоо намын харьяалал, улс төрийн үзэл бодлыг хуулиас дээгүүр тавьж Монгол Улсын иргэдэд ялгамжтай хандсан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэхийн “ ...хүн бүр хууль...тэгш байна”,  Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хүнийг...үзэл бодол...ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг мөн зөрчжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.5.2-д заасан Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь “төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх” гэсэн туйлын тодорхой гипотез агуулсан заалтыг зөрчсөн болон Монгол улсын иргэдийг намын харьяалал, улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, тэгш бусаар хандсан нь Үндсэн хуулийн

 

1. Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”;

2. Дөчин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн ..., захирамж гаргах бөгөөд түүнд Ерөнхий сайд... гарын үсэг зурна”;

3. Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгон”;

4.  Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ ...хүн бүр хууль...тэгш байна” ;

5. Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хүнийг...үзэл бодол...ялгаварлан гадуурхаж үл болно” гэснийг тус тус зөрчсөн  гэж үзэж байна.

 

Иймд  Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хуулийн шаардлага хангаагүй Л.Одсэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилсон захирамж гаргасан болон иргэдийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан, тэгш бусаар хандсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг өмнөх мэдээллийн шаардлага дээр нэмж хянан дүгнэлт гаргана уу.

 

Хавсаргасан материал:

 

1.М.Бадамсүрэнгийн нэхэмжлэлтэй Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дүгээр тогтоолын хуулбар

2.Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын ХЭГ-аас Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн Засаг даргад нэр дэвшигч Л.Одсэрийн товч танилцуулгын хуулбар

3. Л.Одсэрийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцсан 4 жилийн хугацааг төрийн албанд ажилласан жилд тооцох боломжгүй тухай Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 415 тоотын хуулбар

4. Монгол Улсын дээд шүүхийн тамгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б-401 тоотын хуулбар

5. Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж хүргүүлсэн  шаардлагын хувь

 

 

 

Гомдол гаргасан: Иргэн М.Төрбат