АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудасаар дамжуулан Газрын тухай хуулийг эсэргүүцэж, ташаа мэдээлэл өгч байна гэсэн.

Энэ талаар Ё.Отгонбаяр гишүүн өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр газрын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль хяналтын байгууллагаар дарамталж, Үндсэн хуулиар олгосон эрхэнд нь бүдүүлгээр халдаж байгаадаа АН-ын бүлгийн дарга уучлалт гуйх ёстой гэв.

Ё.Отгонбаяр гишүүн хэлэхдээ "Газрын тухай хуулийн төсөлд газар эзэмших эрхийг үндсэндээ өмчлөх эрх болгон хувиргасан байгаа. Хуулийн зохицуулалтаас үзвэл "Газар өмчлөх гэж тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах" гэж заасан байгаа. Харин "Газар эзэмших гэдэг нь гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах" гэж заасан. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан Газрын тухай хуулийн төслийн 27 дугаар зүйлд зааснаар газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрлөөр газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх, барьцаалах эрхийг нь нээгээд өгчихсөн. Энэ нь захиран зарцуулах эрх үнэн хэрэгтээ нээгдчихэж байна гэсэн үг. Тийм болохоор ийм асуудал дээр байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй" гэв.