УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Хяналтын тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болсон.

Тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Хяналтын тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хойшлуулсан юм. Ингээд байнгын хорооны хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн ч  дэмжсэнгүй.

Уг хууль нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох, Дипломат албан тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл байв. Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард өргөн барьсан бөгөөд төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлах тухай төсөл юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл "Энэ төслийг хойшлуулах нь зүйтэй. Үндэсний баяр наадам дөхөж байгаа энэ үед хэлэлцэхгүй байх нь зүйтэй. Тиймээс хуулийн төслийг ирэх намар хүртэл хойшлуулах нь зүйтэй" гэв. Гишүүд саналаа хэлсний дараа энэ хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн горимын саналаар санал хураалаа.  Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн юм.