Уг журмын 6.5-д “ Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авах тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дүгээр заалтууд хүчингүй болно” гэж нэмлээ.

4.3 дугаарт “Орон сууц худалдан авсан этгээд нь худалдан авсан байрыг 15 жилийн хугацаанд бусдад худалдахгүй, ашиг олох зорилгоор түрээслэхгүй байна”, 6.4 дүгээрт “Хэрэв худалдан авагч энэхүү журмын 4.3-д заасан хугацаанаас өмнө орон сууцаа худалдах бол ТОСК-ийн зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж кв.метрийн үнэ ханшаар зөвхөн ТОСК-д буцаан худалдана” гэсэн заалтууд байгаа юм. 

“Төрийн орон сууц корпораци” ТӨҮГ-ийн захиалан бариулж, ашиглалтанд оруулсан “Буянт-Ухаа 1” хорооллын 1764 айлын орон сууцыг төрийн албан хаагч, зорилтот бүлгийн иргэдэд худалдан борлуулахтай холбогдуулан гаргасан журмын дагуу байр худалдан авах эрх олгох сугалаагаар 1540 иргэн байр худалдан авах эрх хожжээ. Эдгээрээс 39 иргэн байрны үнийн 30 хүртэл хувийн төлбөрийг төлж, 913 иргэн 30 хувийн урьдчилгааг төлж захиалгын гэрээ байгуулсан, 6 иргэн 100 хувь төлбөрөө төлж, байрны түлхүүр авах нөхцлөө бүрдүүлсэн байна. Дээрх захиалгын дүнгээс харахад захиалга өгсөн иргэдийн дийлэнх нь байрны үлдэгдэл 70 хувийн төлбөрийг орон сууцны 8 хувийн зээл авч төлөхөөр төлөвлөсөн байна.