ГЕРМАНЫ ШИГШЭЭ БАГИЙН ДОВТЛОГЧ МИРО КЛОЗЕ ДАШТ-Д КАРЬЕРТАА 15 ДАХЬ ГООЛОО ОРУУЛЖ, БҮХ ЦАГ ҮЕИЙН ДЭЭД АМЖИЛТТАЙ ЗЭРЭГЦЛЭЭ.

Тоглолтын эхний гоолыг Марио Гөце оруулсан. Тоглолтын эхэн хэсэгт Германы багийн гол аюулыг тарьж байсан тэрээр Т.Мюллерийн дамжуулалтыг мөргөсөн нь хөлөнд нь ойж гоол болсон юм. Залуу одын хувьд карьерынх нь анхны ДАШТ-д оруулсан гоол нь энэ байв.

Гэхдээ энэ тэргүүлэл гуравхан минут үргэлжилсэн юм. Сэлгээгээр гарч ирсэн Ш.Мустафигийн алдааг ашиглан Андре Айев Нойерын хаалганд мөргөж гоол оруулсан. Айев энэ ДАШТ-ий хоёр дахь гоолоо орууллаа.

Үүнээс хойш таван минутын дараа талбайн төвд бөмбөг тасалсан С.Мунтари маш гоё дамжуулалтыг А.Гьянд гаргаж өгч, Гьян ч гоол оруулснаар Ганнын баг гэнэтийн тэргүүллийг олж авсан юм.

Гэхдээ Германы баг бууж өгсөнгүй, 71 дэх минутанд тооны харьцааг тэнцүүлсэн. Т.Кроосын хийсэн булангийн цохилтод Б.Ховедес хүрч, түүнийг нь Клозе гүйцээснээр энэ ДАШТ-ий анхны, нийт 15 дахь гоолоо оруулж, алдарт Роналдогийн амжилттай зэрэгцлээ.

 

 

 

АРГЕНТИН - ИРАН

2014 оны ДАШТ эхлээд өдгөө хэсгийн 2-р тойргийн тоглолтууд явагдаж буй билээ. F хэсгийн хүрээнд хэсгийн 2-р тойргийн тоглолтоо хошой аварга Аргентиний шигшээ баг Азийн том төлөөллүүдийн нэг Ираны шигшээ багтай хийлээ. Ираны шигшээ баг бүтэн 90 минутын турш маш гайхалтай сайн хамгаалалтыг үзүүлж, Аргентиний шигшээ багийн довтлогоог үнэхээр "тоглуулахгүй" байж чадсан ч шүүгчийн мэдлийн цагт домогт Месси "10" дугаарынхаа ид шидийг үзүүлж гайхалтай цохилтоороо хожлын гоолыг оруулж улмаар Азийн төлөөлөл Иран ялагдал хүлээлээ.  

 

 

Тоглолтын эхнээс л урьдчилан таамаглаж байсанчлан Сабеллагийн залуус тоглолтын удирдлагыг гартаа аван ширүүн довтлогоо, илүүрхсэн бөмбөг эзэшилт, олон дамжуулалтуудыг өгч байсан юм. Хэдийгээр Аргентиний шигшээ багийн довтлогоо аюултай, ширүүн байсан ч Ираны шигшээ багийн хамгаалалтын систем үнэхээр "магтам" тоглолтыг үзүүлж хэр баргийн довтлогоог өөрийн бүсдээ оруулсангүй. Эдгээр багууд урьд нь албан ёсны тэмцээний тавцанд хоорондоо таарч тоглож байгаагүй ч нөхөрсөг тоглолт хийн тэнцээг авч байжээ. Харин энэхүү тоглолтоос эхлэн статистик түүх өөрчлөгдөж байгаа ба Аргентийн давамгайлж эхэлсэн байна. 

 

 

Аргентиний шигшээ баг талбайн төвд төвлөрсөн Ираны хамгаалалтыг нэвтлэх хэмжээний төвийн санаачилгыг үзүүлж чадалгүй ихэнх довтлогоогоо жигүүрээр дамжуулан төв рүү хөндлөн дамжуулах маягаар үзүүлж байв. Үндсэндээ Месси дээр 3-4 тамирчин "бүчиж" хамгаалсан нь үр дүнгээ өгч, Ди Мариагийн дамжуулалтуудыг ч мөн амжилттай таслаж байсан юм. Ираны шигшээ баг тоглолтыг турш бүтэн хамгаалсан юм уу гэвэл үгүй! Тэд өөрт олдсон цөөн хэдэн боломжоо үнэхээр чанартай сайн хийсэн ба сөрөг довтлогоог Ашкан Дежага, Шожае маш зохион байгуулалттай хийн үе үе хаалгач Ромерог сандаргаад байв. Ашкан Дежагаг торгуулийн талбайд Забалета унагаасныг шүүгч анзаарсангүй, мөн зарим нэг алдааг Ираны талд үлээгээгүй зэрэг шалтгаануудаар өнөөдрийн тоглолтонд шүүлтийн асуудлыг эргэн сөхөх маргаан үүсч болох юм. 

 

2-р үе эхлээд Ираны сөрөг довтлогоо улам амжилттай болж талбайн баруун жигүүрээс ирсэн хөндлөн дамжуулалтыг Реза мөргөсөн ч хаалгач Ромеро аюулгүй болгосон. Аргентиний шигшээ баг хамгаалалтандаа ч тэр, довтлогоондоо ч Ираны шигшээг 2-р давхрын тоглолтонд үнэхээр бараагүйг энд онцлох хэрэгтэй болов уу. Сүүлд оруулсан Палашио, Лавецци нарын сэлгээ ч тэрхүү Ираны чанд хамгаалалтыг нэвтэлж чадаагүй юм. 

 

Бүтэн 2 үеийн турш маш сайн хамгаалалтыг үзүүлж тэнцээ авахад Ираны шигшээ баг тун ойрхон байлаа. Хэрвээ тэд Аргентиний шигшээ багтай тэнцээ авсан бол хэсгээс шалгарах магадлалаа ихэсгэх байсан. Гэхдээ бүх зүйл ердөө хэдхэн хормын хугацаанд Аргентиний талд шилжин Ираны эсрэг цаг явж эхэлсэн юм. 90 дэх минут өндөрлөж, шүүгч 4 минутыг сунгаад удаагүй байхад нэмэлт цагийн эхний минутанд Аргентиний шигшээ багийн довтлогоог Месси хийж нэг тоглогчийг зүүн талдаа дарж аргалаад солгой хөлөөрөө 16 орчим метрээс гайхалтай хүчтэй цохилт хийн тооны харьцааг 1-0 болгосон ажээ. 

 

 

 

Ийнхүү бүтэн 90 минутын турш маш сайн хамгаалалтыг үзүүлж, үнэхээр түүхэндээ байгаагүй сайн тоглолтыг үзүүлж байсан Ираны шигшээ багийн хүсэл мөрөөдлийг ердөө Мессигийн ганцхан цохилт үгүй хийж Ираны шигшээ багийн цаашдын хэсгээс шалгарах ирээдүй ч тун бүрхэг болсон юм. 

Онцлох мөч 

 

 

Яах аргагүй Мессигийн хожлын гоол! Үнэхээр Аргентиний шигшээ багийн "10" дугаарын ид шидийг үзүүлж Марадонагийн залгамж гэлтэй гайхалтай гоолыг тэрээр шүүгчийн мэдлийн цагт оруулсан билээ. Өмнөх тоглолтондоо мөн багийнхаа хожлын гоолыг оруулаад байсан Месси үнэхээр энэ дэлхийн аваргад өөрийгөө цомын төлөө ирсэн юм шүү гэдгийг дэлхий нийтэд дахин батлан харууллаа. 

 

Бүтэн 90 минут Ираны шигшээ маш сайн хамгаалалтыг хийж Мессигийн олон хувилбарт тоглолтыг хазаарлаж байсан ч ердөө тоглолтын төгсгөлд хийсэн ганц байрлалын алдаа л тэдний хэсгээс шалгарах том мөрөөдлийг нь холдуулсан юм. Энэ тоглолтын онцлох мөч яах аргагүй Лионел Мессигийн уг дэлхийн аваргад хийж буй 2 дахь гоол, Аргентиний шигшээг хэсгээс шалгаруулсан "алтан" гоодл байлаа. 

Онцлох тоглогч 

 

Энэ тоглолтонд Месси онцгой байсан ч Ираны шигшээ багийнхан илүү онцгой байсан болов уу. Нэн ялангуяа Фүлхэмд тоглодог Ашкан Дежага гайхалтай байж багийнхөө сөрөг довтлогоог аюултай болгож байсан юм. Түүний чөлөөт цохилт болон булангийн цохилтууд Аргентиний шигшээ багийн хамгаалалтыг сандаргаж, Ромерог хэмжих шахсан мөргөлт нь гоол ч орох боломжтой байлаа.

 

Хэрвээ өнөөдөр Дежага довтлогоонуудаа төгсгөл сайтай хийсэн бол магадгүй Ираны шигшээ баг өнөөдөр хожих ч магадлалтай байсан юм. Гэхдээ тэрээр төгсгөлөө тун муу хийж байсан ч үнэхээр онцгой байж чадлаа. ДАШТ-д тийм ч сайн амжилт үзүүлдэггүй Ираны шигшээ баг дэлхийн 2 удаагийн аварга Аргентиний шигшээ багтай ийм сайн тоглолтыг үзүүлнэ гэж төсөөлөө ч үгүй байх. Ираны шигшээ багийг магтая!