Яг энэ цаг үед бид ээлжит “Асуултын тэмдэгтэй хүн”-ээр БОАЖ-ын сайд  асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүхийг нэрлэж байна.

Сайд  байхдаа Араб руу шонхор гаргах зөвшөөрөл  өгсөн хэмээн нэг хэсэг шонхор нэртэй  явсан тэрээр өдгөө нүүрс дамлаж зарсан хэрэгт буруутгагдаж “нүүрс”  хочтой болох дөхжээ.

Энэ оны эхнээс түүнийг “Нүүрс” хөтөлбөрөөс  охиныхоо компаниар дамжуулан мөнгө идсэн, эрэн сурвалжилж байгаа,  гадаад руу оргон зайлсан гэх мэдээлэл гарах  болсон юм. Энэхүү мэдээлэлд  Л.Гансүх  албан ёсоор  хариу өгөлгүй, шалгаж байгаа гэх  Авлигатай тэмцэх газар ч таг дуугүй өнөөг хүрэв. Ингээд сайд  Л.Гансүхийн асуудлуудын тухай бичсэн мэдээллүүдээс иш татъя.


Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нүүрстэй холбоотой хэрэгт холбогдсон гэнэ. Сэтгүүлч нарын мэдээлж байгаагаар Л.Гансүх зөвлөх  Шинэчлэлийн Засгийн газрын “Нүүрс” хөтөлбөрийг хариуцан ажиллаж байхдаа ямар нэг тендер зарлалгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компанийг охиныхоо нэр дээр байгуулан энэ хөтөлбөрт оруулжээ.

Мөн өөрийн байгуулсан ижил нэртэй аж ахуйн нэгжээр дамжуулан “Багануур” хувьцаат компаниас авсан нүүрсээ бусад албан байгууллага, аж ахуйн нэгжид хямд үнээр зарж ашиг олсон нь илрээд байгаа сурагтай.
Эх сурвалж: Shudarga.mn

 Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх  долоо хоногийн өмнө хилээр оргон зугтсан байна. Түүнд Авлигатай тэмцэх газрынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлмэгц тэрбээр гадаадад гарсан гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж хэллээ.

Л.Гансүхийг шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар ажиллаж байхдаа ард иргэдэд сайн чанарын нүүрс нийлүүлэх нэрээр төрийн хөрөнгийг хувьдаа завшиж, олон мянган иргэдийг хохироосон гэж үзэж байгаа аж. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хийхдээ ямар нэгэн тендер зарлалгүйгээр “Эм Жи Эл Эс Би” компаниар дүүрэг, хороодод  нүүрс хүргэх ажлыг хийлгэсэн гэнэ.

Энэ компанийг түүний охин Г.Цэрэнжагзан удирддаг юм байна. Охиныхоо компанийг ямар ч тендер зарлалгүй “Нүүрс” хөтөлбөрт оруулсныхаа дараа тэрбээр “Эм Жи Эл Эс Би  Ди” гэх мэт ижил нэртэй аж ахуйн нэгжүүдийг байгуулжээ. Энэ аж ахуйн нэгжүүдээр дамжуулж төрийн өмчит Багануур хувьцаат компаниас нэг тонн нүүрсийг 27 мянга 500 төгрөгөөр худалдаж авах гэрээ хийсэн байна.

Гэрээний дагуу нийлүүлсэн нүүрсний нэг тонн тутмыг 80 мянган төгрөгөөр зарж борлуулжээ.Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас Л.Гансүх ямар ажлаар  гадаад явсныг асуухад ”Ажилдаа ирэхгүй байгаа, өвчтэй. Гадаадад байгаа” гэсэн товчхон хариултыг өглөө.
Эх сурвалж: Өдрийн сонин

“Нүүрс” хөтөл­бөрийг ашиглан мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа Л.Гансүх гадаад руу оргон зайлсан гэж бид албаны эх сурвалжаас мэдээлэл авч мэдээлсэн. Гэтэл чуулганаар үг хэлэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнийг өмөөрлөө. Тэрбээр хэлэхдээ “Л.Гансүх оргоогүй. Солонгост эмчилгээ хийлгэж байгаа” гэв.

Харин Л.Гансүх солонгосоос ингэж ярьжээ “Юун оргон зайлах вэ. Зүгээр байгаа хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ.Би хөлний ясний хагалгаанд орсон юм.Яс учраас хугацаа шаарддаг юм байна.Ирэх нэг дэх өдөр шинжилгээгээ өгчихөөд очно.

Надад улсын хөрөнгө мөнгөөс идэж уусан асуудал байхгүй.Би Засгийн газраас хэрэгжүүлсэн Нүүрс хөтөлбөрийн танилцуулгыг олон нийтэд дэлгэрэнгүй хүргэнэ.Харин хийснээ тайлагнаж, дүгнүүлэх боломж олдлоо”.
Эх сурвалж:
Zindaa.mn

Хөлний хүнд хагалгаанд ороод эмчлүүлж байгаа гэх тэрбээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ОХУ дахь айлчлалын багт орж Санкт-Петербург хотод болсон Эдийн засгийн форумд оролцсон байна. Бүр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай гар барилцан зогсож буй зураг нь интернэтэд таржээ.

Солонгост удаан хугацаагаар эмчлүүлнэ гэж байсан Л.Гансүх юу болоод Ерөнхий сайдыгаа дагаад Орост явж байдаг билээ гэдэг асуулт яах аргагүй олны анхаарлыг татав.”Ясны хагалгаа хийлгэсэн учраас хугацаа шаарддаг юм байна.Солонгост удна” зэргийн юм ярьж явсан түүнийг одоо харвал мах шөл сайтай эрүүл саруул байгаагаас гадна ихээхэн баяр баясгалантай харагдаж байх юм.

Тодорхой хэрэгт шалгагдаж байгаа хүнийг эх оронд нь авчраад шалгуулж буруу, зөвийг нь олуулахын оронд гадаадад айлчлалаар авч явж байгаа нь ямар учиртайг Ерөнхий сайдаас асуумаар байна. Мөн Л.Гансүх зөвлөх үнэхээр буруугүй юм бол сандрах бус цагдаагийн байгууллагад сайн дураараа очоод нэрээ цэвэрлэмээр юм.Тэгвэл олон ч хүний эргэлзээ тайлагдах гээд байна даа.
Эх сурвалж: 
Mongolic.mn

Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  “Л.Гансүхийн тухайд гадагшаа эмчилгээнд явсан. Өнгөрсөн жилийн турш Н.Алтанхуягаар оролдсон, энэ жил зөвлөх рүү орж байна.Уг нь бол нэг тонн нь 200 мянган төгрөгт хүрч байсан нүүрсийг 80 мянган төгрөг болгож бууруулсан.

Энэ чинь “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүн. Засгийн газраас хийж байгаа бүх юмыг муухай, эсвэл  Н.Алтанхуягийн хавь ойрынхон иддэг гэдэг хэл аманд оруулж байна. Зөвлөх н.Батмөнхийг байцаагаад таньдаг компанидаа тендэр олгосон гээд баахан шуугиулсан.

Засгийн газар уг нь мөнгө идэхийн тулд биш ард түмнийхээ төлөө л ажиллаад байгаа юм шүү дээ.Авлигатай тэмцэх газартай холбоотой холбоотой хоёр өгүүлбэр хэлсэн.  Юм л бол “Цагдана хорино” гэж айлгадаг.Цагдаагийн байгууллагад би “Аж ахуйн нэгжийг шалга” гэж хэлээгүй.Гэтэл ийм схем яваад байна.Болохгүй шүү дээ” гэлээ.

АТГ-аас Л.Гансүхэд эрүү үүсгэн шалгаж байгаа юу гэдэгт албан ёсны тайлбар хэрэгтэй болж байна.Эсвэл хуулийн байгууллага аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү үүсгэн шалгаж байгаагаа мэдэгддэг болсон уу.Нөгөө талаас хуулийн байгууллага шалгах ёстой асуудал мундахгүй байгаа.

Үүний дагуу ажлаа хийх гэтэл төрийн өндөр албан тушаалтан нэрээр халхавчлан дарамтлах, мөрдөн байцаалтаас зайлсхийх явдал цөөнгүй байдаг.Гэхдээ яг хэнийх нь үнэн бэ.
Эх сурвалж:
Unen.mn

Байгаль орчин аялал жуулчлалын сайд асан Л.Гансүхийн гэх хэрэг хаашаа эргэх бол гэсэн олон таамаг хөврөх боллоо. Түүнчлэн түүнийг мөнгө завшсан хэрэгт нэр холбогдсон мөртлөө юунд өнөөдрийг хүртэл дуугуй явж юунд тэгтлээ их найдсан юм бол гэх хүмүүс ч байна.

Үнэхээр “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшаагүй юм бол яагаад одоог хүртэл олны эргэлзээг тайлахгүй ОХУ-д болсон Эдийн засгийн форумд оролцоод явж байна вэ гэх яриаг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн ахлагчаар томилогдон ажиллаж байхдаа төрийн мөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт нэр холбогдсон тул түүнийг АТГ-аас шалгах болсон юм.

Тэрээр их мөнгө идэж уусан гэх хэргийн талаараа “Би Монголд очоод дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ” гэж байсан. Гэтэл одоог хүртэл таг чиг.Өөрөөр хэлбэл Л.Гансүх өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбоогүй гэдгээ батлан нэр төрөө цэвэрлэх нь түүний эн тэргүүний зорилт баймаар юм гэж хэлэх олон хүн байна.

Тэгээд ч сүүлийн үед манай төрийн өндөр том албан тушаалтнууд өөрсдөө сайн дураараа хуулийн байгуулагад очиж шалгуулдаг болсон.Тиймээс Л.Гансүх зөвлөх яагаад ийм алхам хийж болохгүй гэж.
Эх сурвалж “Өглөөний сонин”

 Сайн чанарын, үнэ хямд нүүрс олгох уриатай “Нүүрс” хөтөлбөрийн дор Л.Гансүх олон тэрбум төгрөгийн ашиг олсон гэж хуулийнхан үзэж байгаа юм байна. Л.Гансүх зөвлөх үнэхээр буруугүй юм бол сандрах бус цагдаагийн байгууллагад сайн дураараа очоод нэрээ цэвэрлэмээр юм.
Эх сурвалж: “Өглөөний сонин”

Энэ бүх мэдээллүүдэд өгсөн хариу одоогоор алга. Ямар боловч Л.Гансүх гадаадад оргон  зайлаагүй Монголдоо байгаа юм байна. Түүнийг ЦЕГ-аас шалгасан тухай мэдээ, баримт алга. Тэгэхээр асуудал  байгаа  бол  Авлигатай  тэмцэх газар л мэдэж байгаа хэрэг байх. Гэхдээ  тэрээр “Нүүрс” хөтөлбөрийн талаар тайлагнана.

Ямар  ажил хийснээ  үзүүлэх боломж гарлаа”хэмээн хэлснээ яагаад ажил хэрэг болгохгүй байгаа нь анхаарал татаж байна. Өвчтэй гэчихээд Санктпетербургт хуралд  оролцож  явсан нь ч бас ойлгомжгүй. Яг  үнэндээ бол  энэхүү  чимээгүй байдал нь  Л.Гансүх үнэхээр улсын мөнгө “идсэн” байна гэх үзэл бодлыг иргэдэд “суулгаад” буй  юм.

Хэрэв тийм биш  бол дээрх ишлэлүүдэд дурдсанчлан Л.Гансүх зөвлөх  үнэхээр л иргэдэд үнэнийг хэлмээр юм. Иймийн  учир тэрээр яалт  байхгүй асуулт тавих ёстой хүмүүсийн  нэг ажээ.


Д.Содон