Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийллээ.

-АН-ын бүлгийн завсарлага авсан шалтгааныг танай бүлэг юу гэж үзэж байгаа вэ?

-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах асуудлыг МАН-ын бүлгийн 26 гишүүн тавиад үндсэндээ бүтэн сарын хугацаа өнгөрч байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт нар гаргах шаардлагатай байна. Ард иргэдийн амьдрал ядуурч, бизнес эрхлэгчид дампуурч байна. Гадаадын хөрөнгө оруулалт Монголоос зугтаж байна. Ийм үед явуулж байгаа буруу бодлогоо өөрчилж, зөв бодлого дэвшүүлж ажиллая. Ингэхийн тулд салбар хариуцсан сайдад нь хариуцлага тооцох ёстой гэж  бид огцруулах асуудлыг хөндсөн. Харамсалтай нь эрх баригч намын бүлэг асуудлыг сар гаруй гацаалаа. Хуулийн хугацаа нь аль хэдийнэ дуусчихсан. Ийм байдлаар асуудлыг хойш тавьж зугтаах бус хүндрэл бэрхшээлтэй асуудлаа цаг алдалгүй барьж авч, олон талаас нь нухацтай ярилцаж, зөв шийдвэр, бодлого гаргах ёстой. Ингэж асуудлыг хойш тавьснаараа улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд сайн зүйл авчрахгүй. Тийм болохоор аливаа асуудлыг цаг тухайд нь шийддэг байя гэж эрх баригч намынхандаа уриалмаар байна. Нөгөөтэйгүүр АН мөрийн хөтөлбөртөө “Даргын шийдвэрийг биелүүлдэг биш төрийн хуулийг хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгоно. Төрийн бүх шатанд хяналт хариуцлагын тогтолцоог бий болгоно” гэж заасан. Гэтэл өнөөдөр ерөөсөө л албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хуулийг үл биелүүлдэг тогтолцоо бий болчихлоо.

-Завсарлага авах шалтгаанаа салбарын яамнаас тагнаж, чагнах төхөөрөмж илэрсэнтэй холбож тайлбарласан. Энэ нь сайд огцруулах асуудлыг хойшлуулах үндэслэл мөн гэж үү?

-Энэ бол тийм ч зайлшгүй үндэслэл биш. Мэдээж хууль хэрэгжүүлж байх явцад алдаа дутагдал гарсан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм билээ. Гэхдээ сайд огцруулах асуудлыг хойшлуулах ноцтой үндэслэл биш гэж бид үзэж байгаа.

-МАН-ын бүлгээс Хөгжлийн банкны захирлыг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү. Ер нь тус газарт танай бүлгээс Эдийн засгийн хөгжлийн яамныхантай холбоотой гомдол гаргасан уу?

-Манай намын бүлгээс энэ талаар асуудал тавиагүй. Бид зөвхөн хуулиа биелүүлэхийг Ерөнхий сайд, Засгийн газар холбогдох албан тушаалтнуудаас шаарддаг. Алдаа дутагдлаа засахыг сануулж шаардаж байгаа. Гэхдээ Ерөнхий сайдын 50 тэрбумын багцын асуудлаар аудитын байгууллага болон АТГ-т шалгуулах талаар яригдаж байгаа.

-Өчигдөр олон улсын байгууллагуудын оролцоотой манай улсын эдийн засагт онош тавьсан зөвлөгөөн хаалттай боллоо. Энэ зөвлөгөөнөөр ерөнхийдөө Ардын намынхны хэлж ярьж сануулж байсан зүйлүүд яригдлаа гэх хүмүүс байсан?

-Дэлхийн банк, ОУВС-гийнхны өгч байгаа зөвлөгөө бол яг л манай намын бүлгийн гишүүдийн тавьдаг тэр асуудал байсан. Бидний тавьж байгаа шаардлагуудтай бараг 100 хувь нийцэж байсан. Ийм байхад эрх баригч нам алдаагаа хурдан засч, зөв бодлого явуулж, улс орон, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлж, иргэдээ ажил орлоготой болгох бодлогоо хурдан хэрэгжүүлж эхлээсэй л гэж хүсч байна.

-Төмөр замын царигтай холбоотой асуудлаар танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын бүлгээс зургаан гишүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Тодорхой боомтуудаар нарийн царигийн төмөр зам тавих Засгийн газраас оруулж ирж саналыг олон талаас нь судалж, ярилцах ёстой гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар байр сууриа нэгтгээгүй байна. Гэхдээ 2010 онд УИХ-аас батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтын хүрээнд асуудал яригдах ёстой. Мөн ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжүүдийг бид анхаарах ёстой гэж  үзэж байгаа. Асуудлыг нухацтай ярьж байгаад саналаа нэгтгэнэ.