УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Ж.Эрдэнэбат өнөөдөр Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн зарцуулалтыг шалгуулж, дүгнэлт гаргуулах хүсэлтээ ерөнхий аудитор А.Зангадад тавилаа. Өөрөөр хэлбэл, энэхүү 50 тэрбум төгрөг Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу зарцуулагдсан эсэхийг шалгуулах юм байна.

Энэ сарын эхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зарцуулалт, ажлын гүйцэтгэлээ танилцуулах үеэр Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнууд холбогдох баримт мэдээллийг УИХ-ын гишүүдэд гаргаж өгөхгүй, гаргаж өгөхөөс удаа дараа зайлсхийж байгаа, тендер, хууль тогтоомж зөрчсөн тухай асуудал хөндөгдөж байсан юм.

Мөн Ж.Эрдэнэбат гишүүн автомашин унах эрхгүй нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон 222 албан тушаалтны нэр, албан тушаал, зарцуулсан зардал бүрийг яам, агентлаг тус бүрээр нь гаргаж ирүүлэхийг аудитын байгууллагаас хүсчээ.