Бөхийн дэмжээгээ улс төрөөр сольж, бусад улс төрийн хүчинд хүчтэй улстөрч гэдгээ харуулаад байгаа “Женко” Х.Баттулга сүүлийн үед юу л болоод байна даа.

Түүний хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихгүй байх хуулийн төслийг хамгийн их дэмжсэн. АН-ынхаа талд биш, эсрэг санал гаргахад нь Х.Баттулгыг чичлэх хүн олон байсан. Тэр байтугай “Сөрөг хүчинтэйгээ нэгдэж, Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах нь” гэж хардаж, сэрдэж байсан, одоо ч хардаж байгаа. Гэхдээ эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэгчээр Х.Баттулга “Давхар дээл” тайлах хуулийн төслийг анхнаас нь дэмжиж ирсэндээ бардсан уу, ямар ч байсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаасаа огцорсон нь үнэн. Тэрбээр сайдаасаа огцрох болсон шалтгаанаа “Учир шалтгаан тодорхой.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болохгүй гэсэн хуулийн төсөл өргөн барьсан. Засгийн газрын гишүүний зүгээс хуулийн төслийг дэмжсэн ч УИХ дээр унасан. Үзэл бодолдоо тууштай хандсан учир Засгийн газарт байгаад байх нь онцгүй юм гэсэн үндэслэлээр огцрох хүсэлтээ гаргасан. Гэхдээ Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхаа хийж эхлүүлсэн бодлогын ажлыг УИХ-ын гишүүнийхээ хувьд байнгын хороо, бүлэг, УИХ-д шахаж, шаардаад явна гэсэн бодолтойгоор ажлаа өгсөн. Өнөөдөр хамгийн том эмгэнэл намаараа талцаж, үүнээс болж янз бүрийн зүйл болж байгаа учир хувь хүнийхээ хувьд эсрэг явдаг. Монгол Улс хөгжих ёстой. Хариуцлага гэж яриад байна. Би хариуцлагаа үүрээд явна” гэсэн удаатай. 

Харин давхар албан тушаалаас халгаасан Х.Баттулга гишүүн яагаад бүх зүйлийн эсрэг зогсох болов гэдэг хачирхалтай. Төмөр замын бодлогоо хамгийн их дэмжих ёстой хүний нэг. Гэтэл Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн эсрэг санал гаргаж, тэр бүү хэл нарийн төмөр зам барих асуудлыг эсэргүүцэн зогсоно. Тэрбээр урд хөрш руу нарийн төмөр зам тавьж болохгүй гэдгээ илэрхийлсэн нэвтрүүлэг хүртэл бэлтгүүлж “Би өөрөө зохиолыг нь гаргасан” гэж хээв нэг ярьж явах гэж. Үүнийг нь хүмүүс ойлгохоос илүүтэй асар их эсэргүүцэл, шүүмжлэл дагуулсан ч тэрбээр үзэл, бодолдоо үнэн ч зогсох юм. Ерөнхийлөгч түүнийг дуудаж уулзан баахан загнасан. “Төмөр замын хувьд Монгол Улс бодлоготой. Энэ асуудлыг өөрөө салбарыг нь хариуцаж байсан сайдын хувьд мэдэж байх ёстой. Өөрт чинь бүх боломж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэдэн газрын зураг үзүүлж, эвлүүлэг хийгээд асуудал шийдэхгүй. Бид зөвхөн урд хөрш рүү ачаагаа зөөх гээд байгаа юм биш. Гурав дахь хөрш рүү дамжуулан гаргах бодлого ч бий.

Ямар улс руу гаргаж байгаа тэр улсынхаа царигийг тавина гэсэн. Монгол Улс бол ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг. Хөдөлшгүй үнэн бол хөрш гэдэг. Аль аль талын ашиг сонирхлыг харилцан хүндэтгээд, дээд хэмжээнээс эхлээд бүхий л түвшинд харилцаагаа үргэлжлүүлж байна. Гадаад бодлогын хувьд Монгол Улс нэгдмэл бодлоготой байх ёстой” гэж ирээд зэмлэсэн. Гэвч “Женко” Х.Баттулга Монгол Улсаа хөгжүүлэхийн тулд урд хөрш рүү татах төмөр замыг нарийн царигаар тавих ёсгүй гэсэн үзлээсээ хэзээ ч салахгүй гэдгээ уулзалтын дараа илэрхийлчихсэн юм. Тэгэхээр түүнд орос үзэл илүү байгаа нь тодорхой бололтой. 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу