УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой сүүлийн үед яригдаж буй төмөр замын царигийн асуудлаар ярилцлаа. 

-УИХ-ын гишүүн Х.Баттулга төмөр замын талаар нэвтрүүлэг хийсэн нь нийгмийн дунд томоохон хагарал бий болгоод байна л даа. Ер нь өргөн, нарийн төмөр замын талаар та юу хэлэх вэ? 

-Энэ асуудал бол төмөр замын түүх л юм даа. Зарим хүн түүхийг өөрчилсөн байна. Би та нарт төмөр замын түүхийг яриад өгье. 1949 онд монголын төмөр зам байгуулагдах шийдвэр гараад хоёр жилийн дотор одоо байгаа төмөр зам баригдсан түүхтэй. 2007 онд буюу С.Баярын Засгийн газрын үед гурван компани төмөр зам барих зөвшөөрөл авсан. Эм Си Эс 247 км, МАК 47 км, Дарханы Ттөмөртэйн орд 100 км төмөр зам барих зөвшөөрөл авсан. Дарханы төмөр зам баригдаад дууссан. Одоо тэр зам ашиглалтад орчихсон, тээвэрлэлт хийгдэж байгаа. Эм Си Эс, МАК хоёр зураг төслөө хийгээд, ТЭЗҮ гаргаад газар шорооны ажил нь эхэлж байсан. Ингээд нарийн царигийн төмөр замын 51 хувь нь тодорхой хугацааны дараа төрийн мэдэлд очино гэсэн  нөхцөлтэй төмөр замыг өөрийнхөөрөө хөрөнгөөр бариад дуусгана гэсэн тодорхой шийдвэр гарчихсан байсан. Гэтэл тэр ажлыг Х.Баттулга зогсоосон. Оросуудтай нийлж өргөн царигийн төмөр зам барина гэж элдэв түвшинд яриа хэлэлцээр хийж, Лакунин гэдэг хүн монголд хэд хэдэн удаа ирсэн. Тэр хүн ирээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д,Дэмбэрэл нартай уулзаж баахан юм болсон. Тэгээд Засгийн газрын хуралдаан дээр оросуудтай хамтарч төмөр зам барих үүрэгтэй “Дэд бүтцийн  хөгжил” гэдэг нэртэй хамтарсан компани байгуулна гэдэг асуудлыг Х.Баттулга оруулж ирээд, зөвшөөрөл авсан. Ингээд “Дэд бүтцийн хөгжил” гэдэг компани байгуулагдаж, ТУЗ-ын даргаар нь ОХУ-д элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангай, гүйцэтгэх захирлаар нь Виталий Морозов гэдэг орос нөхөр томилгодож байсан. Тэр компани ямар үүрэгтэй байсан гэхээр энэ яригдаад байгаа төмөр замыг барих ёстой байсан. Ингээд энэ компанийг байгуулж, төмөр зам бариулна гэж  баахан юм болоод 2010 оны таван сард “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого” гэдэг баримт бичиг батлагдсан. Тэр баримт бичгээр бол 1800 км төмөр зам барих. Тэр нь 15х20 хэмжээтэй өргөн царигтай байх гэсэн бодлого байсан. 

-Бодлогын баримт бичигт өөр тодорхой юуг зааж өгсөн байсан бол? 

-Бодлогын баримт бичгийн  6-гийн 2-т экспортын зориулалтын төмөр зам барих шаардлага гарах юм бол Засгийн газар саналаа УИХ-д  оруулж батлуулна гэсэн нэг өгүүлбэр орсон. Энэ ажиллагаа явагдаж байх үед далдуур буюу 2009 онд Монголын сайд Хятадад айлчлаад төмөр замын салбарт хамтран ажиллана гэж санал солилцоод 2009 оны 3 сарын 18 –ны өдөр “Хятадын төмөр зам” хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг газартай Х.Баттулга санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр санамж бичигт тэдний тал мөнгөө босгож, төмөр зам барина. Монголын Засгийн газар Таван толгойн ордыг ашиглах онцгой эрхийг тэр компанид өгнө гэсэн санамж бичигт гарын үзсэг зурсан. Энэ үйл явдлаас хэдэн сарын дараа буюу 2009 оны долоодугаар сарын 22-нд Хятадын төмөр замын дэд сайд нь монголд айлчлаад одоо сайд хийж байгаа А.Гансүхтэй гурван хуудас санамж бичигт гарын үсэг зурсан. Тэр санамж бичиг дотор нарийн царигийн төмөр замыг хятадын тал мөнгөөрөө барина гээд маршрутыг нь хүртэл зааж өгсөн. Харин монголын тал ашигт малтмалын ордууддаа урд хөршийг оруулах замаар санхүүжилтийг шийдвэрлэхэд оролцоно гэсэн санамж бичиггт гарын үсэг зурсан. Ийм юм болсны дараа буюу 2011 оны 3 сарын 18 ний өдөр  Х.Баттулгын туслахаар өмнө нь ажиллаж байсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа гэдэг хүн БНСУ-ын “Moric-Korea” гэдэг групптэй төмөр зам монголд бариулна гэсэн 21 хуудас гэрээг байгуулсан. Тэр 21 хуудас гэрээн дээр “Зөвшөөрсөн Х.Баттулга” гээд гарын үсэг сурчихсан байдаг юм. Тэр гэрээг монголд хэн ч мэдэж, харж байгаагүй. Нууцаар хийсэн. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тухайн үед БНСУ-д айлчилж байх тэр хугацааг далимдуулж ийм нууц гэрээнд гарын үсэг зурсан. Ингээд 1800 км төмөр зам барих гэрээг хэлэлцээрийг оросуудтэй нэг хийгээд, яг тэр үеэр хятадын холбогдох хүмүүстэй давхар хийгээд, тэрний дараахан солонгосуудтай хийгээд бүгдийг нь хуураад хаясан. Үүнээс болоод л энэ төмөр замын ажил гацсан.

-Х.Баттулга гишүүний хэлж буйгаар тухайн үеийн Засгийн газар төмөр зам барих хөрөнгийг өгөөгүй гээд байгаа шүү дээ? 

-Одоо болохоор С.Баярын Засгийн газар мөнгө өгөөгүй учраас юм хийж чадаагүй гээд яриад байгаа. Мөнгөө өөрсдөө босгоно гэсэн нөхцөлтэйгээр оросууд хөрөнгийг нь гаргаад санхүүжилтийг нь шийдээд 1520 км төмөр зам барина гэсэн тайлбарыг тэр үед хийж байсан. Монголын Засгийн газраас юу чгарахгүй гэж ярьж байсан. Ийм юмнууд хийж будлиан хутгаж хаячихаад одоо болохоор баахан хятадын эрлийзүүд монголд ирээд нарийн төмөр цариг бариад урд хөршөөс хэдэн зуун хүн оруулах гэж байна гээд байна аа.

-Та тэр нэвтрүүлгийг нь үзсэн биз дээ? 

-Харсан. Тэр 1435 км нарийн царигийн төмөр зам тавина гэдэг баримт бичигт чинь Х.Баттулгын даалгавараар А.Гансүх нь гарын үсэг зурчихсан байдаг юм. Энийг юу гэж ойлгох вэ. Тэгээд ашигт малтмалын ордуудад тэднийг оруулна гээд биччихсэн байдаг юм. Энийг юу гэж ойлгох вэ. Эцсийн дүнд нь хоёр жилийн дотор УИХ-ын бүх гишүүдэд буюу 2010 оны тавдугаар сард төрийн чухал шийдвэр гаргахад өндөр үүрэг гүйцэтгэсэн учраас дурсгаж байна гээд шилэн хорготой зүйл бэлэглэсэн. Тэр нь одоо миний ширээн дээр байж л байгаа. Тэрний маргааш нь “Монголд хоёр жилийн дотор төмөр зам барина” гэж өдрийн сонинд ярилцлага өгсөн байдаг. Мартаагүй байлгүй. Одоо юу  ярьж явна. Ийм л юм ярьж хэлсэн учраас энэ төмөр замын ажил бүтэлгүйтэж байгаа юм. Энэ асуудлаар гурван улсыг хуурсан явдал нь эргээд Таван толгойг эдийн засгийн эргэлтэнд оруулахад асар их муу нөлөө үзүүлсэн. Тэр үед ажлын хэсгийг Н.Алтанхуяг ахалж байсан. Нарийн бичгийн даргаар Хүрэлбаатар байсан. Тэр ажлын хэсэгт Х.Баттулга өөрөө ч байсан. Тэгээд сүүлд нь нэг их тохиролцоо хийх гэхэд оросууд нь та нар Таван толгойн талаар урьд нь тохиролцсон тохиролцооноосоо буцсан гээд суучихсан. Тэдний тэгж ярьдаг нь зөв. Та нар биднийг хуурч мэхэлсэн гээд суучихсан учраас Таван толгой эдийн засгийн эргэлтэд орж, гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирүүлэх хаалга хаагдчихсан.

-Дээрх нэвтрүүлгээс болоод төмөр замын ажил гацах болов уу.  Ер нь одоогийн байдлаар төмөр зам тавих ажил ямар шатандаа яваа бол? 

-Өнгөрсөн жилээс бондын мөнгөөр газар шорооны ажил хийж эхэлсэн. 400 сая ам.доллараар бүтэх ёстой. Одоогоор 200 сая ам.долларыг нь өгсөн ажил зогслоо гэж Зам тээврийн сайд А.Гансүх нь мэдэгдэж байгаа. Ерөнхий сайд нь болохоор А.Гансүх хамтарсан компани байгуулаад, тэр компани нь 200 сая ам доллар босгох ёстой.  Тэрийгээ хийхгүй байгаа юм гэсэн тайлбар хийж байгаа. Энэ янзаараа бол энэ төмөр замын ажил мөнгөгүй гээд зогсоно. Хувийн компаниуд өөрсдийнхөө мөнгөөр  мөнгөтэй байх үедээ босгоод 2013 онд ашиглалтад оруулчих байсан. Гэтэл төмөр замын ажлыг замаас нь хорлоод наашаа ч үгүй цаашаа ч үгүй болгож орхилоо. Засгийн газар санал оруулж ирсэн. Тэр саналыг нууц хуралдаанаар хэлэлцсэн. Би нээлттэй хэлэлцэе нуух юм байхгүй, ард түмэн үнэнийг мэдэх цаг нь болсон. Хэн юу хэлснийг мэдэх ёстой гэсэн ч олонхоороо хаалттай хуралдсан. Харамсалтай нь хаалттай хийсэн тэр хуралдааны материалыг С.Ганбаатар гишүүн твиттер дээрээ олон нийтэд дэлгэсэн байна. тэгэд бослого гаргана гэх зүйлийг ч бичсэн. Энэ үйлдэл нь дахиад л ажил хорлох далд санаа агуулсан. Дахиад хэлье. 1800 км төмөр зам барих ажил бүтэхгүй. Угаасаа наадах чинь мөрөөдөл байсан. Алтай таван богдын оргилоос Нөмрөгийн гүүр хүртэл төмөр зам барьчихаад тэрүүгээр юу зөөх юм. Малын арьс шир ачих юм уу.  Яахав баримт бичиг бол байж болно. 

-Тэгэхээр юу гэсэн үг вэ 1800 км зам тавина гэдэг нь анхнаасаа худлаа зүйл байсан гэж үү? 

-1800 км төмөр зам бариад тэрүүгээрээ тээвэрлэлт хийгээд монголыг хөгжүүлнэ гэдэг чинь ээлжит хууран мэхлэлт гэж хэлмээр байна. Аминд тулчихаад байгаа гол асуудал нь энэ говийн аймгуудад байгаа 2-3 хан ордоо яаж эдийн засгийн эргэлтэд зөв оруулах вэ, яаж энэнээс ашиг хүртэх вэ, яаж зардал багатайгаар олборлож, ашиг олж зарах вэ, эндээс олсон хэдэн төгрөгөөр ард түмний зовлонг хэрхэн нимгэлэх вэ гэсэн ганц л асуудал байгаа. Одоо монгол үлдэж байгаа 3-4 хөн ийм том компанийг дэмжих ёстой. Тухайлбал, Дорнод аймагт байгаа “Дачин тамсагт” болон Зүүн баянд байгаа “Доншин” гэсэн хоёр компани газрын тос олборлож байна. Урагшаа эргээд Ухаа худаг, Таван толгой, Оюутолгой  л байна. Оюутолгой, Тавантолгой хоёр хоорондоо 200 гаад км-ийн зайтай. Тэднээс гарах бүтээгдэхүүнийг хаашаа гаргах вэ гэдэг асуудал байна. Хойшоо гаргах арга байхгүй. Оросоор дамжаад баруун европ руу гаргана гэсэн асуудал бүүр ч байхгүй. 10 аад мянган км явахаар тээврийн зардал өндөр гарах юм байгаа биз дээ.

-Та Орос руу төмөр зам тавих нь ашигтай бус гэж хэлэх гээд байна уу? 

-Тэр зүгт хувилбар муутай. Яагаад гэвэл оросууд багтаж ядсан нүүрсний орд, нөөц газартай. Одоо тэр дайн байлдаан болоод байгаа Донецкийг дурьдаж болно. Тэгэхээр уул уурхайд чиглэсэн бодлого, хөдөлгөөн бол ойрын 10 хэдэн жилдээ урд хөрш л харагдаж байгаа. Монгол байтугай дэлхийн том том орнууд бидний урд хөрш рүү эдийн засгаа нь эрчимтэй хөгжүүлж байгаа гээд ийшээ нүүдэллэж байна. Энэ улсыг яаж ч үзэн ядаад, ямар муу яриа тараасан ч гэсэн өмнөд хөршид дэлхийн эдийн засаг эргэлдэж байгаа нь хэнд ч ойлгомжтой. Тийм болохоор 247 км яваад л МАК-ийнханд урагшаа гарц байж л байгаа. Ойрын 10-15 жилдаа Оюутолгойн бүтээгдэхүүн урагшаа гарна. Энэ асуудлаас хэн ч хаашаа ч холдож чадахгүй. Тэгэхээр аминд тулчихаад байгаа гол асуудал бол Гашуун сухайт, Нарийн сухайт чиглэлийн төмөр замыг яаж хурдан байгуулах вэ гэдэг байна. Энэ асудлаар зургаан жил улс төр хийж хороллоо. Хорлож дуусах болоогүй юу. Засгийн газраас гарсан энэ саналыг зарчмын хувьд дэмжиж байгаа. Дэмжихээс өөр хувилбар байхгүй гэдгийг ерөнхийлөгч ч хэлж байна. Сүүлийн үед нэг хөгийн юм болоод байгаа нь төмөр замын царигийг нарийнаар тавьчих юм бол баахан хятадууд зэвсэгтэй орж ирээд монголыг эзэлчих юм шиг яриад байгаа биз.ы21 дүгээр зууны Монгол төрийн сайд байсан хүн ийм хөгийн юм ярьж, ард түмний тархийг угаана гэж хэний санаад ордог юм. Орчин үеийн дайн байлдаан  чинь буутай, танктай үеэс аль хэдийнэ гараад явчихсан. Тэр төмөр зам чинь цэрэг дайны үүднээс авч үзэх юм бол юу ч биш болсон. Хэнд ч хэрэггүй.  Одоо байна ш дээ, байлдааны хүнд даацын онгоцоор холын тусгалтай пуужинг дуртай газраа буулгачихна. Пуужингаараа нэг айлын жижиг амбаарыг ононо гэвэл хүссэнээрээ сөнөөдөг болсон цаг. Ийм техникийн түвшинд цэрэг дайны асуудал хөгжчихсөн байна.  Тэгтэл энэ нэг нэвтрүүлгээр айлгаж, УИХ, Засгийн газар төмөр замын бодлогыг хэлэлцэх асуудлыг үгүй хийх гэж оролдоод байна.  УИХ шийдвэрээ гаргах ёстой.

-Цаашид Монгол Улс төмөр замын асуудлаарх бодлого нэг болгох ёстой гэдэг нь дээрх үйл явдлаас харагдаж байна тийм үү?

-Хувилбар бол манайд маш энгийн. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор гэж Х.Баттулгыг сайд байх үед ямар ч тооцоо судалгаа байхгүй, хажуудаа нэг жижиг нууртай төсөл бий. Х.Баттулга тэрийгээ одоо ч ярьж л байгаа. Гэхдээ тэр байхгүй.  Тэр төсөл байхгүй гэдгийг ерөнхийлөгч хэлсэн. Зургаан жил яригдаж байгаа тэр аж үйлдвэрийн цогцолбор бий болдог юм аа гэхэд өргөн, нарийн царигаараа хослуулж тавиад  Оюутолгой, Тавантолгойн бүтээгдэхүүнийг тийшээ ачиж очоод боловсруулаад тэрийгээ гаргах бололцоотой. бүдүүн нарийн хоёр царигийг хослуулж тавиад хоёр улс руу гаргачихаж болно. Ийм арга байж л байна. Харин одоо юу болоод байна  вэ гэхээр энэ төмөр замын босгоно гэдэг арга хэмжээний хүрээнд өмч хөрөнгийн асар их будлиан бий болсон. М.Энхсайхан нэг хэсэг дээрх асуудлаар нэлээн ярив. М.Энхсайхан яриад эхэлсэн  чинь хэсэг хугацааны дараа Тавантолгой цахилгаан станц төслийн захиралаар тавиад амыг нь хаагаад авсан. Сүүлийн үед монголд чинь юм ярьдаг хүний амыг худалдаж авах амархан болсон шүү дээ.  Бие даагчид үг хэлвэл албан тушаалаар амыг нь худалдаад авчихна.  Үнэнийг худалдаж авч эд нар дийлэхгүй ээ. Энэ төмөр зам чинь ийм л учиртай юм. Түүнээс төмөр зам барихыг эсэргүүцээд байгаа хүн монголын төрд байхгүй. Монголчуудад маш жирийн энгийн нэг л асуудал тавигдчихаад байгаа. Гарсан бүтээгдэхүүнийг нэг замаар нэг, нэг машинаар зөөх үү нэг толгойгоор зуун вагоноор зөөх үү гэдэг дээр монголын төр зургаан жил зогсож байна. Би наадхыг чинь яриад эхлэхэд Ц.Нямдорж Таван толгойд 300 ширхэгхүнд даацын автомашинаар нүүрс зөөдөг гэдэг мэдээлэл тараасан. Тухайн үед би Засгийн газрын гишүүддээ үнэнийг хэлсний төлөө долоо хоног хэвлэлээр миний талаар муу мэдээ явна та нар харж л байгаарай гэж хэлж байсан. Гуравдахь өдөр нь “Нийгмийн толь” сонин дээр тэр 300 машины чинь асуудал гарч байсан юм. Ийм л юм болоод байгаа юм. Тийм учраас одоо монголын төр энэ шийдвэрээ гаргах хэрэгтэй. Нэг хүнээс хэзээ болтол айж энэ улсын хөгжлийн асуудлыг хойш татах гэсэн юм. Нэг хүн монголын төрийг хэдэн удаа хорлож болох юм гэдэг асуудал үүсчихээд байна. Манай улс төрчдийн нэг арчаагүй байдал нь энэ. Энэ бүхнийг чинь УИХ-ын гишүүд цөм мэдэж байгаа. Ардчилсан намынхан, Ардын намынхан толгой дараалан бүх баримт бичгийг цөмөөрөө мэдэж байгаа. Айгаад хэлэхгүй байгаа юм наадуул чинь. Аймхай хүн 10 үхнэ гэдэг байх аа.

-Та монголын төрийг хорлож байна гэж хэд хэдэн удаа хэллээ. Яг хэнийг хэлээд байна вэ?

-Бүх зүйл эцсийн эцэст үнэнд гүйцэгдэнэ. Улс орныхоо эрх ашгийг гэж энэ гишүүд УИХ-д орж ирсэн, өөрсдөө улстөрд ирсэн зорилго биелүүлэх гэж улс орноо мөн ч их хорлох юм даа. Одоо УИХ-д дараачийн ерөнхийлөгч болох гэж байгаа хоёр хүн байна Тэр зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс сийхгүй байна ш дээ. Би нэрлэчих үү. Нэг нь Х.Баттулга, нөгөөдөх нь бие даагч С.Ганбаатар. Өөрийгөө дараачийн ерөнхийлөгч гээд итгэчихсэн. Тэрэндээ хүрэхийн тулд энэ улс орныг сүйтгэхээс ч буцахгүй байна. С.Ганбаатар гэдэг этгээд Оюутолгойг олон улсын ГААГ-ийн шүүхэд өглөө л гэсэн. Тэр шүүхийн шийдвэрээ авчирч ард түмэнд танилцуулах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр юу болж байна гэхээр Монголын Засгийн газар ухаан муутай алхам хийсэн учраас Рио тинто энэ хууль бус зохисгүй үйлдлээ зогсоохгүй бол далд уурхайн ажил байхгүй шүү гэсэн утгатай мэдэгдэл хйичихсэн байна. Ингэж л энэ улстөрчид улс орныг хорлож байна. Тээр жил Өүлэн ээж гэнэт гарч ирээд л өндөгнийхөө цусыг гаргаад таван хүн тэр цусыг долоогоод зогсож байсан байх аа. Иргэний хөдөлгөөнийхөн монгол төрийн төлөө үнэнчээр зүтгэнэ гээд л зогсож байсан. Өнөөдөр тэдний нэлээн хэд нь УИХ-д ороод ирчихсэн байж байгаа. Ажиллаж байна уу тэд. Өүлэн эх хаачсан, Чингисийн хүүхдүүд нь хаачсан. Байхгүй. Өөрсдөө дарга болоод авахаараа энэ улс орныг сүйтгэх гээд хөгийн улстөр хийгээд, энэ улсыг сүйтгэх гээд ийм л юм хийж байна. 
 
                                                                                                                                                                                        Д.Мягмар