Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээлтийн үг хэлснээр АОХН-ийн VII бага хурал эхэллээ. Монгол улс нь 27-ноос 29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг зохион байгуулж байна.

Чуулга уулзалтын төлөөлөгчдийн нэгдсэн хурал Төрийн ордны Их танхимд эхэлсэн бөгөөд хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал даргалж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээж, үг хэллээ. “Монгол Улс сүүлийн хоёр жилд АОХН-ийг даргалахдаа ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг санаачилж, байгууллагыг институтчилах үйл хэрэгт том алхам хийлээ. Мөн ардчиллын боловсролыг дэлгэрүүлэх ажлын хүрээнд бүс нутаг болоод өөрийн улсдаа олон ажлыг хийж өнгөрүүлсэн юм. Бидний тэргүүлсэн хоёр жил шувтарч, дараагийн улс Эль Сальвадорт шилжинэ. Хэдийгээр бидний даргалах ажиллагаа дууссан ч ардчиллыг дэлгэрүүлэх үйл хэрэгт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн юм. Энэхүү нээлтийн ёслолын дараа Парламентчдын, Эмэгтэйчүүдийн, Иргэний нийгмийн, Залуучуудын, Бизнесийн ардчилалын чуулга уулзалтууд эхлэх юм.

Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг 2011 оны долдугаар сараас эхлэн даргалж байгаа тул ийнхүү Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа юм. Энэ хуралд дэлхийн 104 орны 1215 төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн байгаа.

Улаанбаатар хотод 2003 онд Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудын олон улсын бага хурлыг 500 орчим төлөөлөгчтэйгөөр хийж байснаас  өөр ийм олон хүн оролцсон том арга хэмжээ зохион байгуулсан туршлага манай оронд  байхгүй. Монголд анх удаа ийм өндөр хэмжээний хурал болж байгаа нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд өргөх, ардчиллын суурь зарчим, ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж. Гадаадын хэвлэл мэдээллийн 50 гаруй байгууллагын төлөөлөл, Монголын 200 гаруй сэтгүүлч уг үйл ажиллагааг сурвалжлахаар болж байгаа юм.