Н.Энхбаяр өлсөх үү, эс өлсөх үү гэдэг нь эргэлзээтэй байна. Эксийн сонгосон шийдлийг намынхан нь анхаарлын төвдөө авч жагсах уу, жагсахгүй юу гээд зовж буй.

Эмч нарын хэлж буйгаар эксийн биеийн байдал сайнгүй байгаа аж. Тэдний оношилж буйгаар тэрбээр  “комонд” орсон бололтой. Учир нь түүний эрүүл мэндийн талаар эмнэлгийн дүгнэлт гарчээ. Дүгнэлтэд “Н.Энхбаяр нь 2013 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр ШШГЕГ-ийн ТГГ-ын Нэгдсэн эмнэлгээс УХТЭ-д шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тус эмнэлэгт эмчлэгдэж байна. Монгол Улсын Төрийн тусгай хамгаалалтын хуулийн 20 дугаар зүйлийн долоод заасны дагуу ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийг хамгаалах үүднээс Эрүүл мэн­д­ийн сайдын 70, 130 дугаар тушаалаар томилогдсон зөвлөх эмч нарын баг удаа дараа хамтарсан үзлэг зохион байгуулж оношлогоо, эмчилгээг чиглүүлэн, хяналт тавьж ажилласан бөгөөд үзлэг шинжилгээний дүгнэлтийг Эрүүл мэндийн яам болон танай ангид тухай бүрт нь хүргүүлж байсан. Өвчтөнд бодисын солилцооны түгмэл хүнд хямралын хам шинж болон олон эрхтний архаг дутмагшил дээр үндэслэн захын мэдрэлийн алдагдал, нуруу тархины суурь хэсгийг хамарсан цусан хангамжийн хямрал илэрч байгаа. Оношлогоог баталгаажуулах зарим шинжилгээ, эмчилгээг манай улсад хийх боломжгүй байна. Эмчилгээний явцад ирэх үед илэрч байсан амьсгалын дээд зам, дунд чихний үрэвсэл дарагдсан боловч бодисын солилцооны хямрал гүнзгийрч, биеийн байдал хүндэрч амь насанд аюул учирч болзошгүй болоод байна.

Иймээс Монгол Улсын Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын 2002 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 313/316 дугаар тушаалаар баталсан “Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх тухай” журмын 3.1.2-д заасны дагуу эмчлэгч эмчийн тодорхойлолтыг өвчний түүхийн хуулбарын хамтаар ТГГ-ын Нэгдсэн эмнэлгийн хөдөлмөр магадлалын комисст шилжүүлэхээр хүргүүлэв” гэжээ.

 Түүнчлэн экс ерөнхийлөгч өөрийн биеэр хүсэлт гаргасан байна.