Монгол Улсын улс төрийн түүхийг үнэн мөнөөр нь улс төрийн үйл явдлуудын дүн шинжилгээг зөв хийж дотоод гадаад хүчин зүйлсийн зөрчлүүдийг том бодлогын төвшинд илчилж тавьснаар энэхүү түүхийн ээдрээ болон нууцлалыг олж тогтоож болно.
 
 
Бид улс төрийнхөө түүхийг монгол түмэндээ жинхэнэ бодит үнэнээр нь харуулах шаардлага хурцаар тавигдсан гэдгийг алхам бүртээ мэдэрч сэтгэл зовдог болоод байна. Дээд үнэнийг баримталж шударга ёсыг хэрэгжүүлэгчид улс төрийнхөө түүхийг үнэн мөнөөр нь гаргахыг зорьдог.
 
 
Харин их худлыг үнэн болгож, төрийн бодлого дээр лут лут алдаа гаргаж, улс орноо хохироосон ард түмнээ зовоодог тийм бүлэг этгээдүүд улс төрийн түүхийг өөрсөддөө ашигтайгаар туурвихыг, түүхэн үйл явцуудыг санаатайгаар гуйвуулдаг тийм хандлага байдгийг ч бид гаргаж тавих ёстой.
 
 
Ийм эвгүй хандлага нь ялангуяа Монгол Улсын улс төрийн амьдрал дээр тод томруунаар илэрдэг боллоо. Бид дээрх асуудлыг чухамдаа нийгмийн том өөрчлөлттэй холбож үзэх шаардлага гарч байна. Улс төрийнхөө том судалгаанд бид давхар хувьсгал гэсэн нэгэн ойлголтыг хэрэглэдэг гэдгийг хэлэх хэрэгтэй.
 
 
2009 онд бид "Тэртээ 20 жилийн өмнөх ардчилсан хувьсгалын түүх юу өгүүлнэ вэ?" гэсэн сэдвийн дор: "Монголын амьдралд давхар хувьсгал өрнөх үзэгдэл гурван удаа өрнөсөн гэдгийг бид ярьдаг.
 
 
Давхар хувьсгал гэдэг нь манай орны дотоод хүчин зүйлс, дотоод зөрчил, дотоодын хөдөлгөгч хүчтэй уялдаж өрнөдөг хувьсгал явагдахад энэхүү хувьсгалын араас манай улсыг далд колоничлолоор атгахад чиглэгдсэн эсэргүү хувьсгал дагалддагийг хэлж байгаа юм.
 
 
" Монголчуудын том тэмцэл нь үндэсний хувьсгал, ардын хувьсгал, ардчилсан хувьсгалын хэлбэрээр өрнөх тохиолдол бүрт ийм хувьсгалуудын араас эсэргүү хувьсгалын сэм гэтэн эдгээр хувьсгалыг зогсоож улмаар Монгол Улсыг буцааж далд колоничлолын гинжээр чангалан атгадаг байв.
 
 
Ийм үйл явцуудыг бид улс төрийнхөө түүхэнд дараах байдлаар дурьдсаныг толилуулвал: "1911 оны үндэсний хувьсгал нь Монгол Улсыг тусгаар тогтнуулахад чиглэгдсэн бол 1915 онд манай хоёр хөрш гүрэн Монгол Улсын тусгаар тогтнолыг таягдаж, манай улсад автономит засгийг, өөрөөр хэлбэл хараат засгийг сүндэрлүүлсэн.
 
 
Ингэж үндэсний хувьсгалын араас колониалист хувьсгал дагаж мөрдсөөр байгаад улс орныг хараат улс болгодог ийм хачирхалтай үзэгдэл одоогоос зуугаад жилийн тэртээд амилсан ажээ. Дараагийн давтамж нь 1920-иод онд явагдав.
 
 
1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 оны найман сарын эцсээс энэхүү хувьсгал далд колониалист хувьсгалаар түрэгдэж зогслоо. Ийм давтамж 70 жилийн дараа дахин амилсан ажээ. 1990 оны 2-р сараас эхэлсэн Ардчилсан хувьсгал гуравхан сарын дараа буюу 5-р сарын 6-нд зогслоо.
 
 
Ардчилсан хувьсгал зогсох болсон шалтгаан нь том хуйвалдаантай шууд холбогддог бөгөөд Ард түмний онц зөвлөлийн оронд Улсын бага хурлыг байгуулах асуудлыг ардчиллын лийдрүүд зөвшөөрсөнтэй шууд уялддаг боллоо.
 
 
Ардчилсан хувьсгалыг үргэлжлүүлэх үйл явц ийнхүү том хуйвалдаан, лут урвалтаас болж зогссоныг бид түмэн олондоо сонордуулсаар ирсэн юм. Ардчилсан хувьсгал зогссоноос хойш найман сарын дараа 1991 оны 1-р сард Ж.Бямбасүрэнгийн засгийн газрын 20-р тогтоолоор Монгол Улсад зах зээлийн шилжилт эхэлснийг, өөрөөр хэлбэл зах зээлийн хувьсгал өрнөснийг баталгаажуулжээ" гэв.
 
 
20-иод жил үргэлжилсэн ийм зах зээлийн хувьсгалыг бид хэзээ ч ардчилсан хувьсгал гэж нэрлэж байгаагүй. Зах зээлийн хувьсгал бол монжооч зах зээлийн хувьсгал байсан. Монжооч зах зээлийн хувьсгал Монгол Улсад гадны гурван давхар далд колонализмыг сүндэрлүүлсэн.
 
 
Хэрэв Ардчилсан хувьсгал 20 гаруй жил үргэлжилсэн бол гадны гурван давхар далд колоничлол Монголын хөрсөнд амилан өндийх нь байтугай их шунал, аугаа үзэн ядалтаар амилдаг гурван аймшигт бүргэдийн дүрс бүхий далд колониалист тогтолцоог хиар цохих байсан юм шүү.
 
 
Бид 2012 оныг улс төрийнхөө түүхэнд онцолж авч үзэх шаардлагатай. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл УИХ-ын 2012 оны сонгуультай давхцаж, шударга ёсны хувьсгал явагдсантай шууд уялддаг юм. Үндэсний үзэлд тулгуурласан таван хувьсгалыг МАХН, МҮАН хоёр удирдсан билээ.
 
 
Энэ хувьсгал нь МАНАН-гийн удирдлагыг төрийн гурван өндөрлөгөөс зайлуулах, стратегийн том ордуудыг ард түмний мэдэлд шилжүүлэх, баян ядуугийн их ялгааг гэтлэх чиглэлийг дэвшүүлжээ.
 
 
Ардчилсан нам улс төрийн том нүглийг үлдэж гадаадын колоничлогчидтой сэм хуйвалдаж 2012 оны "Шударга ёсны хувьсгалыг" саармагжуулж чадав. Гэхдээ энэ нь шударга ёсны хувьсгал бүрэн ялагдсан гэсэн үг огт биш.
 
 
Шударга ёсны эвсэл шударга ёсны хувьсгалаа хэрэгжүүлэх боломжгүй болж өөрийн улс төрийн тэмцлийг өөр хэлбэрээр явуулж эхэлсэн. Бидний гол хөндөх гээд байгаа зүйл нь юу вэ гэвэл яагаад шударга ёсны хувьсгалыг саармагжуулах явцад, саармагжуулсны дараа эсэргүү хувьсгал далдуур хэрэгжсэн гэдгийг зон олонд толилуулах ёстой.
 
 
Чухам ийм эгзэгтэй, төвөгтэй асуудлаар улс төр судлаач Л.Эрдэнэтуул судалгааныхаа дүнг "Зууны мэдээ" энэ оны 3-р сарын №52-д нийтлүүлэв. Бид Л.Эрдэнэтуулын судалгааны үр дүнг "Хөх толбо" сонины энэ оны №09-д товч дүгнэлтийн хамт уншигч олонд хүргэсэн.
 
 
Том хувьсгалыг дагаж эсэргүү хувьсгаль сэм араас нь гэтэж балладаг улс төрийн үйлдэл өвөрмөц хэлбэрээр илэрсэн гэдгийг бид дурьдах ёстой. Ийнхүү шударга ёсны хувьсгалын араас далд эсэргүү хувьсгал дагалдаж өнөөх бидний ярьдаг "давхар хувьсгал" 2012-2013 онд дахин амилсныг бид түмэн олондоо сонордуулах учиртай.
 
 
Ийм эсэргүү хувьсгал гадны гурван давхар далд колоничлолыг хүчирхэгжүүлж чадсаны хамгийн том илрэлийг бид "Хөх толбо" сонины энэ оны №8-д энэ оны 02-03-т нийтлүүлсэн.
 
 
Гадаадын шулаач капитал Оюутолгойн ордыг, бусад стратегийн ордуудыг гартаа оруулж авснаар Монголын эдийн засгийг дуртай үедээ яаж ч хэлмэгдүүлэх тийм чадварыг олж авснаа 2012 оны шударга ёсны хувьсгалыг зогсоох үеэр бүрэн харуулсан гэлтэй.
 
 
Манай үндэсний үйлдвэрлэлийн эсрэг гадаад худалдааг, гадаадын хөрөнгө оруулалтыг хандуулсан далд үйлдэл 2012 оны манай нийгэм эдийн засгийн төрх байдлыг маш эвгүй хандлага руу оруулсныг бид Монгол түмэндээ сонордуулав.
 
 
Үүнийг дахин толилуулвал: "Сүүлийн 23 жилд монжооч зах зээлийн хувьсгал зайлбаргүй хэрэгжсэний үр дүнг 2012 оны эдийн засаг, нийгмийн үр дүн бүрэн нотолж харуулсныг бид хэд хэдэн гол хандлага чиглэлээр дурьдах нь зүйтэй гэж үзлээ.
 
 
Юуны өмнө гадаад худалдаа, үндэсний үйлдвэрлэл гэсэн хоёр том үзүүлэлтийг хөндье. Үндэсний үйлдвэрлэлийн өсөлт гадаад худалдааны дотоод бүтцийн өөрчлөлтийг зөвхөн үндэсний хөдөлмөрийн бүтээмжээр зөв гольдрол лугаа хөтөлж чаддаг.
 
 
Гадаад худалдааны дотоод бүтэц алдагдалд нэрвэгдэх нь тэр бүр монголчууд мэднэ манай ажилчид, малчдаа шалгаалдаггүй гэдгийг бид хэлэх ёстой. Хэрэв Монголын гадаад худалдааны онц эрх ажилчин малчдын язгуур эрх ашгаасаа ангжирч гадныхны, харийнхны том гүрний саварт сэм атгагдчихад гадаад худалдаа маань үндэсний үйлдвэрлэлийн эсрэг малчид хөдөлмөрчин олны эсрэг чиглэгддэгийг хэлвэл зохино.
 
 
Саяын ярьсныг тоон үзүүлэлтээр нотолъё. 2012 онд үндэсний үйлдвэрлэл, гадаад худалдаа хоёрын сөргөлцөөн улам хурцаджээ. Ийм сөргөлдөөнийг хурцдуулахгүйн тулд үндэсний үйлдвэрлэлийн өсөлтөд захируулж экспорт-импорт хоёрын харьцамжийг зохицуулах учиртай.
 
 
Гэтэл ийм зохицуулалтыг МАНАН-гийн засгийн газар ч, шинэчлэлийн засгийн газар ч хийж чадсангүй. Монголын гадаад худалдаа гадны гурван давхар колоничлолд өртсөн учраас л их алдагдалд өртчихөөд байгаа.
 
 
Гол нь үүнээс шалтгаалж гадаад худалдааны асар их алдагдал манай үндэсний үйлдвэрлэлийг мөн ч их зовоодог болсныг бид хэлэх ёстой юм. Энэ нь хамгийн түрүүнд юугаар илэрч байна вэ гэвэл гадаад худалдааны алдагдлын өсөлт, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтөөс энэ 2012 онд шинэ УИХ "Шударга ёс"-ны хувьсгалыг эцэс саармагжуулж чадсан 2012 онд бараг гурав дахин давдаг болсон. 
 
 
Гадаад худалдааны алдагдал 32.2 хувиар өсөхөд дотоодын нийт бүтээгдэхүүн "үл хөдлөх үнээр" 12.3 хувиар нэмэгдэв. Гадаад худалдааны алдагдлын өсөлтийг хараа хяналтаасаа гаргачихаад зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг, зөвхөн үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг гол үзүүлэлт болгон өрөөсгөлөөр сурталчлах нь тун явцгүй байдгийг бид ухаарч ойлгох ёстой.
 
 
2012 онд гадаад худалдааны алдагдал 2354.3 сая ам.доллар болж, 2011 оноос 32.2 хувиар, 2010 оныхоос 8 дахин өсчихөөд байна. 2010 онд гадаад худалдааны алдагдал 291.6 сая доллар байсан. 2 жилийн дараа энэ алдагдал 8 дахин өсчихнө гэдгийг улс төрийн намууд ч, төрийн гурван өндөрлөг ч олж хараагүй байсан шүү.
 
 
Ингэж манай гадаад худалдаа том колоничлогчдын гарт атгагдчихлаа. 2012 онд үндэсний үйлдвэрлэл 12.3 хувиар өссөн дүн гарахад Монголын экспорт 4384.6 сая доллар болж 2011 оноос 432.9 сая доллараар буюу 9 хувиар буурав.
 
 
МАНАН-гийн засгийн газар ч, шинэчлэлийн засгийн газар ч ДНБ-ээ нэмэгдүүлэхдээ Монголын экспортыг 10 хувиар бууруулна гэж амлалт өгөөгүй л байх. Гадаадын шулаач капитал үндэсний үйлдвэрлэл рүү халдаж эдийн засгийн өсөлтийн хурдцыг бууруулахын зэрэгцээ гадаад худалдааны алдагдлыг нэн өндөр төвшинд хүргэсэн бол Ардчилсан нам байгуулагдсаныхаа 12 жйлийн ойг 2012 оны 12-р сарын 6-нд тэмдэглэхдээ Ардчилсан нам далд төрийн эргэлт хийсэн гэдгийг улс төр судлаач Л.Эрдэнэтуул илчилж энэ нь төрийн гурван өндөрлөгийг төдийгүй бас хүчний байгууллага, шүүх засаглалыг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг Ардчилсан нам гартаа оруулснаар илрэв гэжээ.
 
 
Ийнхүү шударга ёсны хувьсгалыг саармагжуулахдаа Ардчилсан нам гадаадын шулаач капиталтай хүч хавсарч далд эсэргүүн хувьсгалыг хийсэн нь ийнхүү илчлэгдчихээд байна. Шударга ёсны хувьсгалыг МАНАН-гийн эсрэг чиглүүлсний өш хонзонг Ардын нам, Ардчилсан нам хоёр хамгийн түрүүнд шударга ёсны хувьсгалын гол лийдэр Н.Энхбаяраас авсаар байна.
 
 
Улс төрийн том хэлмэгдүүлэлт шударга ёсны хувьсгалын лийдэр Н.Энхбаяр руу чиглэсэн явдал Монгол түмнийг бухимдуулж ээжүүдийн улс төрийн өлсөлтөөр, бас ээжүүдийн их хурилдайгаар шударга ёсны хувьсгалыг өвөрмөц хэлбэрээр үргэлжлүүлэх гарцыг нээгээд байгаа.
 
 
Монголын Ардчилсан Нам (МоАН), Ардчилса Нам (АН) гэсэн хоёр том ойлголтыг хутгаж болохгүй. Улс төрийн огт өөр өөр бодлогыг энэ хоёр нам баримталдгийг бид дахин дахин хэлэх шаардлагатай болов. Ардчилсан Намыг МоАН-ын шууд үргэлжлэл гэж үздэг буруу ойлголт монголчуудын дунд их дэлгэрчээ.
 
 
Ардчилсан хувьсгал 23 жилийн тэртээ зогсоход энэхүү хувьсгалыг амилуулах түүхэн үүргийг хүлээсэн улс төрийн хоёр лут хүч амьсгалаа хураасан гэлтэй. МоАН чухамдаа Монголын Ардчилсан Холбооны бүтэц дотор үйл ажиллагаагаа явуулах тийм тавилантайгаар байгуулагдсан.
 
 
Монголын Ардчилсан Нам нь МоАХ-ны дээр сандайлан сууж уул холбоог захирах тийм чиглэлээр зохион байгуулагдаагүй. МоАН өнөөгийн Ардчилсан Намын бүрэлдэхүүнд огт ороогүй юм.
 
 
МоАН-ыг улс төрийн түүхэн тавцангаас Ардчилсан хувьсгалын хамт том хуйвалдааны уршгаар тонилгосноос хойш 10 жилийн дараа хуурамч ардчиллын төлөөх гэсэн нэр хаяг бүхий таван нам 2000 оны 12-р сард нэгдэж, Ардчилсан намыг үүсгэжээ.
 
 
Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга З.Энхболд: "Ардчиллын төлөөх намууд нэгдэж, Ардчилсан нам байгуулагдсаны 12 жилийн ойн баяр тохиож байна... Монгол Улсад ардчилсан хувьсгал ялж, хүний эрх, эрх чөлөө, ардчилал, ил тод байдлыг тунхаглан зарлаж, зах зээлийн эдийн засгийн шинэ харилцааг эхлүүлснээр Ардчилсан хувьсгал зөвхөн улс төрийн системийг бүхэлд нь өөрчилсөн төдийгүй зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх суурь үндсийг тавьсан..." гэжээ.
 
 
Спикер З.Энхболд Ардчилсан хувьсгалын талаар, монжооч зах зээлийн асуудлаар тун маруухан мэдлэгтэй гэдэг нь түүний хэлсэн үгнээс шууд харагдаж байна. Ардчилсан хувьсгал 1990 оны 5 сард том нууцлаг хуйвалдаанаас болж зогсчихоод байхад З.Энхболд Ардчилсан хувьсгал ялсан гэж яаж худлаа ярьж чаддаг байна аа.
 
 
Ардчилсан хувьсгал зогссоныг, бүр тодруулбал эл хувьсгалыг хүчээр зогсоосныг 22 жилийн дараа Ардчилсан хувьсгал ялсан гэж Монгол түмэнд ичгүүр сонжуургүйгээр сонордуулж болно гэж үү.
 
 
Ардчилсан хувьсгал эхлэхээс хоёр сарын түрүүнд өөрчлөн байгуулалт Ардчилсан хөдөлгөөний хэлбэрээр өрнөх болсон үед хүний эрх, эрх чөлөө, ил тод байдлыг тунхаглаж байсныг монголчууд бүгд мэдэж байгаа.
 
 
Гэхдээ хүний эрх, эрх чөлөө, ил тод байдлыг заавал Ардчилсан хувьсгалтай хутгаж энэхүү хувьсгалын гол улс төрийн чиглэлийг бүрхэгдүүлэх шаардлага байх ёсгүй юм. Ардчилсан хувьсгалын улс төрийн гол чиглэл нь хүний эрх, эрх чөлөө, ил тод байдалтай хэзээ ч холбогдож байгаагүй бөгөөд энэхүү улс төрийн гол чиглэл нь манай улсад чухамдаа Зөвлөлтийн далд колоничлолыг гэтлэн давах, улмаар Монгол Улсыг хараат биш замналаар урагшлуулахтай шууд холбогдсон гэдгийг бид "Хөх толбо" сониноор байнга сонордуулсаар ирсэн юм.
 
 
З.Энхболд Ардчилсан хувьсгал зогссоныг, монжооч зах зээлийн хувьсгал төгс ялсныг огт ойлгохгүй явсаар эцсийн дүнд шударга ёсны хувьсгалыг саармагжуулахад УИХ-ын дарга гэдэг лут албан тушаалаа гоё ашиглаж чадсаныг бид хэлэх учиртай.
 
 
Ардчилсан хувьсгалыг санаатайгаар хуйвалдаанаар зогсоочихоод 20 жил өнгөрсний дараа Ардчилсан хувьсгал улс төрийн системийг бүхэлд нь өөрчилсөн гэж зах зээлийн эдийн засгийн хөгжүүлэх суурь үндсийг тавьсан гэж З.Энхболдын хийсэн дүгнэлт улс төрийн том алдаатай дүгнэлтүүд болчихлоо гэж бид үздэг.
 
 
Ардчилсан хувьсгалаар зах зээлийн эдийн засгийн харилцааг биш, чухамдаа олон хэвшилт эдийн засгийн харилцаан дээр түшиглэж бие даасан эдийн засгийн тогтолцоог төлөвшүүлэхийг зорьсон гэдгийг З.Энхболд огт ойлгоогүй явж байна.
 
 
Ардчилсан хувьсгалаар төрийн гурван өндөрлөгийг УБХ-ын хамт сүндэрлүүлэх зорилт тавигдаагүй. Ардчилсан хувьсгалаар Ард түмний онц зөвлөлийг, ерөнхийлөгчийн гүйцэтгэх засаглалыг байгуулах том зорилтыг дэвшүүлсэн.
 
 
Үүнээс гадна Монгол Улс гадныханд ямар ч өргүй, харин үлэмжийн авлагатай гэсэн улс төрийн чухал томъёоллыг дэвшүүлснээр, бас стратегийн дөрвөн том ордыг хаана гэсэн шаардлагыг тавьснаар Монгол Улсыг хараат биш замналаар урагшлуулах эдийн засгийн том нөөц хуримтлалыг, дотоодын их үндэсний алтан сан хөмрөгийн асуудлыг улс төрийн лут шинэлэг бодлогын төвшинд гаргасныг Ардчилсан намынхны удирдлага, ардын намынхны удирдлага өнөөг хүртэл ухаарч чадахгүй явсаар байгааг бид хэлэх учиртай.
 
 
Ер нь монжооч зах зээлийн хувьсгалын гай ланчгаас болж Монгол Улс сүйрэл сүйтгэлийн гольдрол руу орсныг, гадаадын их шуналт колоничлогчид Монгол Улсын эрдэс баялгийн ордуудыг бүрэн эзэгнэх болсон том нүглийг нуун хаахын тулд Ардчилсан намын удирдлагууд сүүлиин гурван жилээс л Ардчилсан хувьсгал гэдэг ухагдахууныг зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж, харин Монгол Улсыг сүйрэл сүйтгэл рүү оруулсан монжооч зах зээлийнхээ хувьсгалыг нуун далдлах, ийм монжооч хувьсгал огт явагдаагүй гэж улайм цайм гүжирдэх, 1990 оны 5 сард зогссон Ардчилсан хувьсгалыг зориуд санаатайгаар амжилттай хэрэгжиж биелснийг Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд зоож үнэмшүүлэх бохир чиглэлийг улайран баримталдаг болов.
 
 
Ийнхүү улайран довтлогчдын нэг нь спикер З.Энхболд болчихоод байна. З.Энхболдын хэлсэн дээрх гайхамшигтай үгс "Ардчилал" сонины 2012 оны 12-р сарын 7-ны өдрийн №245-д нийтлэгджээ. 
 
 
Ардчилсан хувьсгалыг гуйвуулсан бас нэг баримтыг бид хөндөх шаардлагатай болсон. "Үндэсний шуудан" сонины 2012 оны №287-д: "Өгчидөр Төрийн ордонд АН-ын удирдлагууд "Баялаг бүтээгчид"-дээ баяр хүргэв.
 
 
Учир нь 1990 оны ардчилсан хувьсгалын үр дүнд Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн" гэжээ. Ардчилсан намын удирдлага чөлөөт зах зээлийн эдийн засгийн онолыг зөвхөн сурах бичгийн төвшинд мэдсэнээс биш том гүрнүүдийн баримталдаг далд колониалист бодлогыг огт ойлгохгүй явсаар бөөн будлианд, том төөрөгдөлд орчихоод байгаа шүү.
 
 
Ардчилсан намынхан ер нь улс төрийн балайралд, улс төрийн хэт танхайралд Ардын намынхантай адил дэндүү аймшигтайгаар нэрвэгдчихээд байгааг бид дуулгах нь зөв байх.
 
 
Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, чөлөөт зах зээлийн нийгэм гэсэн хоёр том ухагдахуун Монголын, нөхцөлд гэлдэрсээр яваад Ардчилсан хувьсгалын ач буянаар нэг нь нөгөөдөө шилжсэн гэдэг хачирхалтай дүгнэлтийг Ардчилсан намын бацаан лийдрүүд гаргаж тавьж байна.
 
 
"Ардчилсан нам онол улс төрийн төвшингөөр дэндүү доогуур зиндаанд гэлдэрч явдгаа байнга өөрсдөө илчлээд байгаа юм. Монгол Улс маань барууны экономиксын зиндаанд, барууны улс төр судлалын төвшинд ч хөндөгдөөд байх тийм хэмжээнд хүрээгүй.
 
 
Монгол Улс маань далд колони улс шүү дээ. Гэтэл барууны онол номнолд далд колониализмын ойлголтын талаар ганц ч үг өгүүлбэр байхгүй. Тэр ч бай-тугай Зөвлөлтийн дээд удирдлага хэзээ ч далд колониализм хэмээх томъёоллыг ярьдаггүй ч гэсэн Их Монгол улсаас асар их газар нутгийг хүн амтай нь, байгалийн баялагтай нь, эдийн засагтай нь, соёл иргэншилтэй нь сэм хулгайгаар эзэгнэж явсан явдал хожим ЗХУ-ыг асар том далд колониализм сүүдэр мэт дагаж энэ гүрний хувь заяаг түүхэн огт буруу урсгал руу оруулжээ.
 
 
Энэ их том нутаг дэвсгэр дээр маш харгис бодлого хэрэгжиж байсныг Лавренти Берия илчилсэн нэгэн баримт байдгийг бид дурьдах гэсэн юм. Тухайлбал "Дуулиант 100 төрийн эргэлт хуйвалдаан" гэсэн номны 420-р хуудсанд: "Алсын хараатай улс төрч Берия Москвагийн явуулж байгаа оросжуулах үндэсний бодлого, үндэстний цөөнхийн эрхийг дарах бодлого нь ямар тэсрэх аюултай гэдгийг тод харж байв.
 
 
Тэрбээр хүчээр оросжуулах бодлогоосоо татгалзаж, удирдах албан тушаалуудад үндэстнүүдийн боловсон хүчнүүдийг дэвшүүлэх санал тавьж байсан байна" гэж дурьджээ. ЗХУ-д далд колониализм ямар хэлбэрээр хэрэгжиж байсныг Л.Берия 1953 онд анх гаргаж тавив. Тэрбээр Москва нь оросжуулах үндэсний бодлого явуулдаг байсан. Үндэсний цөөнхийг уусгах бодлого тэсрэх аюултай гэдгийг Берия олж харжээ.
 
 
Тийм учраас хүчээр оросжуулах бодлогоос татгалзах хэрэгтэйг сонордуулж үндэстнүүдийн боловсон хүчинг чухал албан тушаалуудад тавихын чухлыг хэлж байлаа. Лавренти Берия бол ЗХУ-ын маршалл, ЗХУ-ын баатар, атомын бөмбөгийг зохион бүтээсэн лут хүн байв.
 
 
Энэ хүн 50 насныхаа ойгоор БНМАУ-ын баатар цол хүртсэн гэдгийг бид бас хэлэх хэрэгтэй. Сталинийг нас барсны дараа ЗХУ-д засгийн дээд эрхийн төлөө тэмцэл хурцдаж гол тэмцэл Берия, Хрущев хоёрын хооронд явагдсан.
 
 
Берияг баривчлангуутаа шууд устгаж, дараа нь түүний байцаалтын тухай материалууд хэвлэгдсэн гэдэг нь тогтоогдоод байгаа. Бид мэтийнх нь ямар ч л байсан их ЗХУ-д, социалист оронд засгийн төлөө тэмцэл явагддаггүй гэсэн ойлголтоор хүмүүжиж явсаар 1964 оны эцсээр Хрущевийг бүх албан тушаалаас нь зайлуулах хуйвалдааныг шууд Брежнев, Подгорный, Шелепин, Суслов нар зохион байгуулсан ажээ.
 
 
Монгол Улсад ч гэсэн Монгол үндэстнийг оросжуулах далд бодлого, далд колониалист бодлого тун өвөрмөц хэлбэрээр хэрэгжиж байв. Бид Зөвлөлтийн дээд удирдлага, Монгол Улсыг жинхэнэ шилжилтийн үеээр, шинхэнэ социалист байгуулалтын шатлалаар оруулаагүй бөгөөд харин манай улсыг завсрын үед цаг ямагт том бодлогоор барьж байсан учраас ийм хачирхалтай түүхэн орчинд Монгол Улс капиталист биш замналаар,социалист замналаар явах хувь тавилангүй болчихсон байлаа.
 
 
Монгол Улсыг Ардчилсан намынхан Ардчилсан хувьсгалын ач буянаар төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн нийгэмд шижлсэн гэж байнга ярьдгийг бид мэднэ. Ийм дүгнэлт албан ёсоор хэвлэлд нийтлэгдсэний дараа бид энэ бол буруу томъёолол гэдгийг урьд нь ч хэлж байсан, одоо ч дахин сануулахад юу нь буруу байхав.
 
 
Монгол Улс шилжилтийн үед байгаагүй, зөвхөн завсрын үед л гэлдэрч явж байсан учраас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг үүсч төлөвших боломж огт байгаагүй гэдгийг хэлэх нь зүйд нийцнэ. Завсрын үед чухамдаа хараат эдийн засгийн тогтолцоо л бий болдог.
 
 
Ийм учраас манай улс хараат эдийн засгаас хараат биш эдийн засаг руу, бие даасан эдийн засаг руу орох бодит шаардлагатай тулгарсан. Эл шаардлагыг зөвхөн Ардчилсан хувьсгалаар л амилуулж болдгийг бид мэднэ. Бие даасан эдийн засагтай болохын тулд Монгол Улс шилжилтийн үед заавал дэвшин орсон байх шаардлагатай.
 
 
Зөвхөн шилжилтийн үед л капиталист биш замнал дээр л монголчууд бид жинхэнэ төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг төлөвшүүлэх ёстой байсан. Гэвч ийм эдийн засгийг төвхнүүлж сүндэрлүүлэх тийм хувь тавилан монголчууд бидэнд ногдсонгүй.
 
 
Харин далд хараат эдийн засгийг л завсрын үед бий болголоо. Энэхүү хараат эдийн засгийг бид социалист эдийн засаг гэж нэрлэдэг байсан. Бас төлөвлөгөөт эдийн засаг ч гэж томъёолж явж байсан удаа бий.
 
 
70-аад оны эцсээр далд колониалист бодлогын жинхэнэ паяныг бид олж харсан. Харин 1978 оноос өмнө бид далд колониалист бодлого гэдэг ойлголт Монголд амилсан гэдгийг бүрэн төгс олж хараагүй ч гэсэн Монгол, Зөвлөлтийн гадаад худалдааны баланс, Монгол, Зөвлөлтийн төлбөрийн балансаас, Монгол, Зөвлөлтийн эдийн засгийн харилцаа нэг л биш, ийм хачин харилцаа байх ёсгүй гэсэн үнэлгээ хийгдэж байсан удаатай.
 
 
Ардчилсан хувьсгал зогсчихоод байхад Монголд огт байхгүй төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас Чөлөөт зэх зээлийн нийгэмд шилжинэ гэсэн ойлголт нь үндсээрээ буруу дүгнэлт. Ардчилсан намынхны аймшигтай төөрөгдөл гэж бид үздэг.
 
 
Ийм ч учраас Ардчилсан намын удирдлагын иймэрхүү хачин дүгнэлтийг бид цаашдаа ч илчилж шүүмжлэх болно. В.И.Ленин ажилчин ангийн агуу сургаальд өргөмжлөгдсөн марксизмыг бүх чиглэлээр нь бүтээлчээр хөгжүүлэхэд, уул сургуулийг элдэв дайралт довтолгооноос хамгаалахад асар их хувь нэмэр оруулсан гэдгийг бид монгол түмэндээ, ялангуяа залуу үеийнхэндээ хэлэх учиртай.
 
 
Бид их Лениний төрсөн өдрийг тохиолдуулж түүнийг агуу удирдагч гэдэг талаас нь дурсаж хэлэх хэд хэдэн чухал томъёоллууд байдгийг дахин толилуулах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал: "Оросын социалист хувьсгалын онол, бодлогыг Ленинээс өөр боловсруулчих хүн тэр үед Орос оронд байгаагүй...
 
 
Оросын большевик намыг улс төрийн том бодлогоор, социалсит замналаар хөтөлж чадах ганцхан хүн нь чухамдаа Ленин өөрөө байсан юм. Ленинээс өөр Орос орныг социалист замналаар зөв удирдах хүн тэр үед даанч төрөөгүй байсан.
 
 
Троцкий, Бухарин, Сталин нарын хэн нь ч Ленин шиг диалектик аргыг, улс төрийн том бодлогыг, нийгэм улс төрийн гол үйл явцуудын ээдрээт сүлжээг олж тайлах чадварыг даанч эзэмшээгүй байв.
 
 
Гэвч Ленинийг цааш нь харуулах, улмаар Зөвлөлт засгийн дээд эрхийг гартаа оруулж авах гэсэн шовинист маягийн лийдрүүд Зөвлөлт засгийн дээд удирдлагад орчихсон байсныг тэр үед большевикуудын хэн нь ч олж харж чадсангүй.
 
 
Ленинийг алах л юм бол Их Октябрийн социалист хувьсгал зогсох байсан гэдгийг Лениний хамтран зүтгэгчид даанч ойлгоогүй явсан. Ленинийг устгах л юм бол пролетарийн диктатур булшлагдаж, коммунист большевикуудын нам жинхэнэ пролетарийн нам байхаа болино гэдгийг хожмын түүх гэрчлэх биз. Засгийн дээд эрхийг авах гэсэн лут том лийдрүүд тэр үед нэгэнт гараад ирчихсэн байв.
 
 
Энд бид юуны өмнө Сталинийг хэлэх хэрэгтэй. Сталин Ленинийг алсан гэдгийг Лениний гэргий Крупская, бас Орджоникидзе мэдэж байжээ. Ленин бүрэн цус харвалтанд өртсөний дараа буюу 1923 оны 3-р сарын 10 гэхэд Их Октябрийн социалист хувьсгал зогсчээ.
 
 
Энэ цаг мөчөөс Зөвлөлт улсад шал өөр хувьсгал эхлэлээ авлаа. Чухам энэ цаг үеэс эхэлж Зөвлөлт улс, большевик нам, Зөвлөлт засаг түүхийн шал өөр урсгалаар, бүр аймшигт, эмгэнэлт гольдролоор явах болжээ.
 
 
Түүхийн гольдрол өөрчлөгдсөнийг Зөвлөлт улс социалист замналаас гарч, өөр замналаар гэлдрэх эмгэнэлийг л илчилж чадах хүн коммунист большевикуудын намын дотроос Ленинээс өөр байсангүй.
 
 
Сталин коммунист большевик намын дээд удирдлагыг гартаа авч, Зөвлөлт улсад шилжилтийн үеийг дуусгаж, улмаар гэрэлт социализм руу дэвшин орно гэдгийг л хэлж байсан болохоос биш, Зөвлөлт холбоот улсад Сталин өөрийгөө далд колониалист бодлого хэрэгжүүлж эхэлснийгээ, Зөвлөлт улсыг TOM колоничлогч гүрэн болгож өөрчлөх тухайгаа хэзээ ч ярьж байгаагүй юм.
 
 
Өөрөөр хэлбэл, марксизм-ленинизмийн нэрээр, социалист замналын уриан дор Зөвлөлтийн ард түмнийг огт өөр нийгмийн тогтолцоо руу хөтөлж явсныгаа Зөвлөлтийн дээд удирдлага ер нь мэдээгүй өнгөрсөн гэдгийг хэлэх хэрэгтэй.
 
 
Том колоничлогч дэглэмийг төлөвшүүлчихээд, үүнийгээ социалист нийгэм байгуулж байна хэмээн ярих нь үнэхээр их балайралд коммунист большевикуудын нам нь ч, Зөвлөлтийн засгийн газар нь ч 70 гаруй жил төөрөлдөж явснаа мэдээгүй байжээ.
 
 
Зөвлөлтийн дээд удирдлага коммунизмыг колониализмаас зааглаж чаддаггүй, социализмыг шовинизмаас салган ялгаж мэддэггүйг хожмын улс төрийн үйл явдлууд харууллаа. Ленин 1922 оны 10-р сарын 6-нд Зөвлөлтийн том лийдрүүдийн нэг Каменевт нэгэн зурвас бичиг илгээж, түүндээ "би эцсийнхээ дусал цусыг дуустал их Оросын шовинизмтай тулалдах болно" гэжээ.
 
 
Ленин Зөвлөлт засгийн дээд удирдлага Их Оросын шовинистуудн гарт орж эхэлснийг улс төрийн гярхай нүдээр олж харсан. 1922 оны 12-р сарын 30-нд бичсэн сүүлчийн захидлууддаа, бас 1923 оны 1-р сарын 4-нд бичсэн захидалдаа Сталиныг Зөвлөлтийн дээд удирдлагаас зайлуулах хэрэгтэй гэсэн улс төрийн дүгнэлтийг бичиж үлдээжээ.
 
 
Сталин Зөвлөлт засгийн дээд удирдлагыг гартаа оруулж авсан гэдгээ хэзээ ч, хэнд ч хэлж яваагүй. Коммунист большевикуудын намын хамтын шийдвэрээр бид бүгд тууштай явах ёстой гэдгийг Сталин ярьж байв.
 
 
Сталин өөрийгөө Зевлөлт улсыг социалист замналаар явуулж байна гэж сурталчилдаг мөртлөө Лениний дэвшүүлсэн эдийн засгийн шинэ эргэлтийн бодлогыг таягдаж хаяснаа ил хэлээгүй явсан билээ.
 
 
Сталин ленинизм гэдгийг үндэслэж тавихдаа Ленинизмээр бамбайлж, далд колониалист бодлогоо айхавтар халхавчилж явж чадсан. Хамгийн гол нь Ленинийг алснаар Их Октябрийн социалист хувьсгалыг зогсоолгосон явдал тэр үед нэг ч хүний, нэг ч лийдрийн хараанд, сэтгэхүйд өртөөгүй байв.
 
 
Бүүр сүүлд 1937 оны 2-р сард Орджоникидзщ Сталинтай айхавтар зөрж, үлдээсэн. Түүндээ "Ленинийг Сталин алсан, Сталин коммунист большиевикуудын намыг дампууруулж, Зөвлөлт улсыг их цусан далайд живүүлнэ шүү" гэж бичжээ." В.И.Ленин Оросын Хаант засгийн газрыг Монгол Улсаас савраа тат гэж 1916 онд хэлж байжээ.
 
 
Мөн Оросын ажилчид тариачид Монголыг колоничилдог шиг тийм колонитой байх ёсгүй гэж бас анхааруулсан. Монголчуудад машин хэрэглэх, хөдөлмөрийг нь хөнгөвчлөх, ардчилал руу, социализм руу шилжихдээ бид туслах ёстой гэсэн гайхамшигтай үгийг хэлж байсныг дахин сануулъя.
 
 
Ардчилсан намын удирдлага дөвчигнүүр Бат-Үүлээр их Лениний хөшөөг буулгуулсан нь Монгол Улсын улс төрийн түүхэнд өөрийн намаа хар үсгээр тэмдэглүүлэх хувь тавилантайгаа учирчихлаа.
 
 
Доктор П.Нэргүй 
 
Эх сурвалж: "Хөх толбо" сонин