Аливаа орон өөрөө өөрийгөө авч явах үүрэгтэй эдийн засаг гэдэг хөдөлмөрийн харьцаанд дээр тогтох ёстой ажээ. Маркс хэдийгээр хувийн өмчийг зөвшөөрч “Комунизмын тунхаг” номондоо бичсэн хэдий ч үйлдвэрийн хэрэгслийг буюу үйлдвэрийг хувьчлахыг буруу гэсэн.

Яагаад гэвэл “Нэмүү өртөг” нэрийн дор капиталист маягийн эдийн засаг үүсэж ардчиллын хамгийн чухал гурван өндөрлөгийн нэг тэгш эрх гэсэн өндөрлөг алдагдах аюултай гэжээ. Тиймээс эрх чөлөөний тухай социализмын үед нэг их ярьдаггүй байсны гол шалтгаан бол тэгш эрхийг эхлээд баталгаажуулахыг чухалчилсан бололтой.

Харамсалтай нь 90-ээд оны ардчилал нэртэй өөрчлөлт хувьчлал нэртэй эдийн засгийн алуурчныг төрүүлсэн. Түүнээс хойш Монгол оронд эдийн засаг биш наймаа цэцэглэж дамлан зардаг компаниудын орон болжээ. Ардчиллын том өндөрлөг болох тэгш эрх устаж байгуулах гэсэн ардчилал нь бүр ч бүтэлгүйтжээ. Ямар ч орны эдийн засаг нийгмийн төлөө болохоос хэдэн цөөн хүмүүсийн төлөө биш. Аль ч орны эдийн засаг төлөвлөгөөт байх ёстой. Төлөвлөхгүйгээр ямар ч эдийн засаг оршин тогнох боломжгүй.

Юуг төлөвлөх вэ гэвэл иргэдийнхээ хэрэгцээг төлөвлөх. Ирэх жилд эсвэл ирэх 5 жилд иргэдийн хэрэгцээ хэрхэн өсөн нэмэгдэж ямар бараанууд илүү аж амьдралд хэрэгтэй вэ гэдгийг тооцож урьднаас бэлдэж хангалуун амьдрах л гол зорилго. Ингэж төлдөвлөж төлөвлөгөөт эдийн засгийг хэрэгжүүлж чадвал барааны дутагдал үүсэж хомсдол бий болохгүй. Мөн цаашилбал хэт их үйлдвэрлэж илүүдэл гарч хохиролд орохгүй.

Ерөөсөө эдийн засаг гэж орчуулдаг экономи гэсэн үг анхнаасаа эртний Грекээс гаралтай үг бөгөөд гэр бүлийн хууль гэсэн утгатай ба үүгээрээ олдсон орлогоо хуваалцах гэсэн ойлголт ажээ. Гэтэл Монголын эдийн засаг хэнтэй ч хуваалцдаггүй зөвхөн л өөртөө ашиг гаргах гэсэн хувь хүмүүсийн асуудал тул эдийн засаг биш. Чөлөөт зах зээлийн хууль гэдэг бол цэвэр хулгай дээрэм. Маркс яагаад “Капитал” нэртэй ном бичсэн бэ гэхээр үйлдвэрийн ажилтан зөвхөн өдрийн 8 цагийн ажлаас илүү их бүтээдэг тул тэр илүүг буюу мэргэжлийн хэллэгээр нэмүү өртөгийг капиталистууд бараандаа шингээж аваад цааш худалддаг тухай бичжээ. Марксын хэлсэнээр үйлдвэрийг өмчлөгч бараа-мөнгө-бараа гэсэн харьцаагаар мөнгийг зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгүүлэх атал хэтэрхий капиталист харьцаа үүсэж мөнгө эцэстээ өөрөө капитал болдог ажээ. Ингээд үйлдвэрийн эзэн одоо зөвхөн мөнгө хөөх тул үйлдвэр гэсэн бүхэл бүтэн нийгмийн өмнө хариуцлагатай хамтын хөдөлмөрийг зөнд нь хаяж хувь хүмүүсийг балладаг аюултай гэж анхааруулжээ.

Нэгэнт үйлдвэрийн эзэнд мөнгө л захирагч болох тул цаашид дампууралд орохоос өөр замгүй. Социализмын үед зөвхөн мөнгө биш харин нэр төр, хөдөлмөрийн баатар, шагнал цол гэх мэт янз бүрийн хөдөлгөх хүч байсан тул хөдөлмөрчин хүн хэзээ ч хэн нэгний боол биш гэдгээ мэдэж өөртөө итгэлтэй байсан. Харин өнөөдөр ардчиллын нэртэй жилүүдэд эдийн засаг зөвхөн тоолдог мөнгө л ихтэй бол бүх юм бүтнэ гэсэн буруу онол тархсанаар бүгдийг мөнгө л захирч тушаадаг болсон. Эндээс л хөлсний ажилтан, цагийн ажилтан гэх мэт эзэнгүй иргэдийн арми үүсчээ.

Төр иргэдээ орхиж үүрэгт ажлаасаа мултарсан. Ерөөсөө ямар ч хүн хангалттай цалин авах төрийн үүрэг. Яагаад гэвэл цалингийн асуудал шийдэгдсэн хүн ирээдүйгээ төлөвлөж амьдралаа гартаа авна. Үүнийг л эрх чөлөө гэж нэрлэдэг.

Ерөөсөө өмч гэдэг ямар нэг зүйлийг хязгааргүй ноёлохыг хэлдэг бөгөөд түүнийгээ яаж ч болно гэсэн үг. Нэгэнт л яаж ч болно гэсэн тул өмчийг хүчирхийлдэг. Үүнтэй адил хувийн өмч гэж нэрлэж буйгаа маш сайн тайлбарлаж нийгмийн болон нийтийн өмч гэсэн чухал ойлголтоос салгахгүй бол цаашид эдийн засаг хөгжих боломжгүй болох нь ээ. Хэзээ ч хэнд ч өмчлүүлж болохгүй зүйл бол үйлдвэрийн хэрэгслээс гадна газар нутаг. Нийгмийн болон нийтийн мэдэлд байх ёстой зүйлсийг хувьд өгвөл тэр хүмүүс нэгэнт яаж ч болно гэж ойлгосноор нийгмийг бас яаж ч болно гэсэнтэй адил. Сүүлийн 20 жил ийм л өмчийн тухай буруу ойлголтууд нийгмээ балласан шүү дээ. Өмчийн тухай буруу болон алдаатай ойлголтууд бараг л зориуд ингэж алдаатай тайлбарласантай бас холбоотой.

Маркс яагаад үйлдвэрлэийн хэрэгслийг хувьд өгч болохгүй гэж анхааруулсан бэ гэвэл хувьчлагч өөрөө өмч ноёрхогч тул түүгээрээ далимдуулан хүний амьдралыг дарангуйлж цашаагаа нийгмийг сарниулдаг. Маркс хүн хувьдаа юутай ч байж болно гагцхүү олон нийтэд хамаарах ёстой баталгаатай амьдралын эх үүсвэрүүдийг л битгий хувьд өгөөрэй гэж 150 жилийн өмнө хэлжээ. Монголчууд үүнийг анхаралдаа аваагүй тул улс оронд хамгийн аюултай ажилгүйдэл бүрхэжээ.

Америкийн Нью Иоркийн университэтийн профессор Рубини гэж хүн Уол Стрит сонинд “Марксын зөв байжээ” гэж 2008 онд ярилцлага өгсөн. Маркс хэзээ ч эдийн засаг гэсэн үгийг ганцааранг нь хэрэглэх дургүй байжээ. Тэр эдийн засгийг заавал улстөртэй мөн нийгэмтэй холбож ярьдаг байжээ. Яагаад улстөртэй холбодог вэ гэхээр эдийн засгийг залуурдаж эрүүл байлгах ёстой.

Тиймээс чөлөөт зах зээл гэсэн ойлголт маш их алдаатай ойлголт. Хоёрдугаарт эдийн засгийн гол зорилго бол нийгэм. Нийгмийн төлөө л эдийн засаг зохион байгуулагдах зорилготой гэжээ. Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх суурь болохоос биш нийгмийг сорон мөлжих хэрэгсэл биш. Монгол орны хувьд анхнаасаа Марксын онолууд боломжгүй байсан. Яагаад гэвэл ухамсартай, боловсролтой ажилчин анги байсангүй. Тиймээс олон монголчуудыг хөдөөнөөс авчирч малчин хүүг хөдөлмөрчин ангийн эгнээнд оруулах том ажил өрнөсөн. Үүний дараа харин бүтээн босголт боломжтой болсон гэдгийг мартаж болохгүй. Улаанбаатар хот гэнэт л тэнгэрээс унаад ирээгүй шүү дээ.

Яагаад Монголын том том эдийн засагч нар 20 жилийн өмнө Марксын энэ анхааруулсаныг үл тоомсорлон нийгмийн буюу олон нийтийн өмчийг хувьчилж олон мянган хүнийг ажилгүй болгож нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулав. Эсвэл том эдийн засагч нар Марксыг уншаад ойлгоогүй юу. Онгироо, хөөрүү, хариуцлагагүй нөхдүүдийг хэт баяжуулж ардчиллын алтан дүрэм болох тэгш эрхийг яагаад алдагдуулав. Үүнээс хамааран олон хүн ажилгүй гудамжинд гарч эрх чөлөөгүй болж сүүлдээ байраа зарж гадаадын паспорт авч дэлхийн хаа ч явагдаагүй үндэстний задрал явагдлаа шүү дээ.

Ямар орон ингэж 90-ээд онд ард түмнээ бор зүрхээрээ амьдардаг тэнүүлчид болгож хувиргасан бэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Гадаад паспорт өвөртлөж очоод л тухайн орныхоо хамгийн доод түвшиний хар ажил хийж олон хүн мохож сэтгэлийн дарамтанд орсон. Байраа зараад явсан хүмүүс буцаж ирээд ажилгүйчүүдийн эгнээнд орсон гэхэд хилсдэхгүй. Төр хаачив. Төрийн мэргэн ухаан байхгүй юу. Хувьчлал гэсэн мэргэжлийн үг нийгмийн болон нийтийн өмчийг нэг л хүнд эсвэл нэг л гэр бүлд өгөөрэй гэсэн ойлголт биш ажээ.

Гэтэл Монгол орон нийгмийн мэдэлд байх ёстой шүдэнзний үйлдвэрээс авахуулаад байшин үйлдвэрлэх комбинат хүртэл бүгдийг олон нийтийн гараас мулталж ганц хоёр хүний өвөрт хийжээ. Хаана ямар ч оронд хувийн өмч ноёлох ёсгүй. Үүний эсрэг тэмцэхээр улстөр гэж байдаг. Олигтой улстөртэй улс орнууд бүгд үйлдвэрүүдийг бүрэн захирдаг шүү дээ. Хувийн гэж нэрлэж буй үйлдвэрүүд хэзээ ч яаж ч болно гэсэн ойлголт биш. Ямар ч хувийн гэж буй үйлдвэрүүд төрийн удирдлага дор ажиллах жамтай. Доороо баялагтай газар нутгаа хүртэл нийгмээс салгаж ганц хоёр хүмүүст өгч буй явдал алдаатай бөгөөд хэнд ч хэзээ ч нутгаа өмчлүүлж эсвэл эзэмшүүлж болохгүй. Эзэмшлээ гэхэд юу хийх гэж буйгаа танилцуулж зөвшөөрөл авах хэрэгтэй.

Хаа ч дураараа эрх чөлөөтэй гэсэн ойлголт байхгүй. Хувьчлал гэдэг чинь нийгмээс тасраад дураараа явна гэсэн ойлголт биш. Монгол оронд эдийн засгийн маш хүчтэй хууль алга л байна шүү дээ. Америкийн Милтон Фридман гэж хүн 90-ээд онд хуучин социалист орнуудад очиж хувьчлал гэж уриалсандаа буруутсан. Тэр хүн яагаад буруугаа хүлээсэн бэ гэхээр нэгэнт үүсээд тогтчихсон байсан нийгмийн бүтцийг устгаж олон мянган гэр бүлүүдийг амьдралын эх үүсвэргүй болгож түүний оронд хэтэрхий шуналтай олигархуудыг төрүүлсэндээ харамсажээ.

Яагаад Оросын Ходорковский шоронд орж Англид байсан Брезовский амиа хорлосон бэ гэхээр тэд хувьчлал нэрийн дор Орос орны эдийн засгийг үймүүлж тэгсэнээрээ олон хүний аж амьдралыг балласан тул шүү дээ. Милтон Фридман бол маш нүгэлтэй хүн гэдэг тодорхой болсон. Хэдийгээр Фридман төрийн цаана бүхэл бүтэн нийгэм оршиж буй гэдгийг олж харсангүй. Монголын төрийг 90 онд унагаасан явдал бол Монголын нийгмийг устгасантай адил юм болсон. 20 жилийн дараа Монголын бүх иргэдийн 99 % бор зүрхээрээ амьдарч ердөө 1% хүрэхгүй цөөхөн хүмүүс хэтэрхий баяжсан явдал бол Монгол оронд эдийн засаг байхгүйгийн гэрч.

Нэгэнт эдийн засаг байхгүй болсон тул гэр бүлийн орлого гэдэг зүйл бас устсан. Уул уурхайг шууд эдийн засаг гэх ямар ч боломжгүй. Яагаад гэвэл Монгол хүн уул уурхайн хөдөлмөрийн харьцаанд оролгүй шууд гадаадын үнэтэй техник технологийн золиос болсон. Өндөр техник технологийг шүтэн бишрэх ямар их аюултайг Монгол орны хаа л бол байгалийн онгон төрхийг сүйтгэж буй гэмт үйлдэлүүдээс харж болно. Гадаадын өндөр мэргэжилтэнгүүд хэт инжэнэрчлэл ярьж Монгол хүний толгойг эргүүлээд л хамаг баялгийг аваад явцгаах ойлгомжтой. Нэг л өдөр тэдний хэн ч үлдэхгүй нүүдлийн шувуу шиг яваад өгнө.. Харин Монгол орон аманд ч үгүй хамарт ч үгүй сүйдсэн байгалтай л хоцорно. Магад хэдэн арван гэр бүлүүд баяжиж бас л Америк явцгаана биз. Ерөөсөө аливаа төр социалист зарчим дээр ажилладаг болохоос хэзээ ч капиталист зарчим дээр ажиллах ёсгүй.

Үүнийг 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеэр Америк орон яруу тодоор харуулсан. Тиймээс Америк руу зугатаагаад ч хүн төрөлхтөний эдийн засгийн онолоос мултрах боломжгүй. Марксын онол байгаагүй бол Английн “Битлз” хамтлаг боломжгүй байсан гэж судлаачид ярьдаг. Үнэхээр л Марксын хэлсэн эрх чөлөөг 20-р зууны дундуур Өрнөдийн орнууд хэрэгжүүлж чаджээ. Аж үйлдвэр хөгжиж мэргэжлийн ажилтан гэсэн ойлголт ноёлсон тэр цаг үед хүн бүр л өөрийн мэргэжлээ дагаж цалин өсөж эрх чөлөө олгогдсон гэдэг. Ингээд тэр үед амьдралын хангамж болон боломж өссөн тул олон хүмүүс мэргэжлээ орхиж өөрсдийн сонирхосон чиглэлээр ажиллаж амьдрах боломжтой болжээ. Битлз хамтлагийн гишүү д ч гэсэн заавал нэг мэргэжил сурахаар дуртай урлагийн салбарт ажиллахаар шийдэцгээжээ. Ингээд л тэд дуу хөгжимд умбан орж дэлхийн залуусыг эрх чөлөө рүү татан оруулжээ. Тиймээс Зүүн Европ ч бас Баруун Европ ч Марксаар л амьсгалжээ. Битлз хамтлаг фэнүүддээ биш Марксд л баярлах учиртай ажээ.