-Д.ЭРДЭНЭЧУЛУУН МУЛТАРЧ П.ЦАГААН, ДАШ.ГАНБОЛД НАР ТУНАЖ МЭДЭХЭЭР БАЙНА-

Шүүхийн салбарт шинэчлэл хийж чадах уу. Энэ асуултын эхний хариулт өнөөдөр тодорхой болохоор байна. Учир нь өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийг сонгох хурал болно. Уг хуралд орон нутгийн төлөөлөл оролцох бөгөөд дотроо нэлээд “хор гүйсэн” сонгууль болох гээд байгаа аж.

Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх зөв­лөгөөн хяналтын шатны болон зарим анхан шат, давж заалдах шатны шүүхүүдэд энэ сарын 26-нд нэлээд маргаантай болж өнгөрсөн. Маргаантай гэхийн учир нь анх удаа зарим шүүгч уг хурлыг хаяж гарсан болон эсвэл хуралд оролцсон хэрнээ саналаа өгөөгүйтэй холбоотой юм.

Хяналтын шатны болон Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөний дараа  Улсын дээд шүүхээс Д.Эрдэнэчулуун, Хууль зүйн яамнаас П.Цагаан, Давж заалдах шатны шүүхээс Д.Дамдин-Од, Анхан шатны шүүхээс.

Ц.Батхүү нарын нэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар дээрээс нь үүрэгдчихээд байгаа. Тэдгээрээс Д.Эрдэнэчулууны тухайд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, мөн өмнө нь гэр бүлийн хүн болох Х.Эрдэнэсувдыг шүүгчээр томилуулахад шалгалтын тестийг сейфээс хулгайлж шалгалтад оруулсан гэдэг үндэслэлээр нэр бүхий гавьяат хуульчид хийгээд салбарын шүүгчдийн зүгээс нэлээд эсэргүүцэлтэй тулгарч мэдэхээр байгаа юм. Тухайн үед уг шалгалтын дүнг Ерөнхийлөгч Н.Багабандид дахин өргөн барих гэхээр Х.Эрдэнэсувдаас гадна арав гаруй шүүгчийн асуудал хөндөгдөх гээд байсан учраас тэгсгээд өнгөрөхөөс аргагүйд хүрсэн аж. Тэдгээр шүүгч арайхийн босго оноо авч шалгалтад тэнцэж байхад Х.Эрдэнэсувд 100 хувийн үнэлгээ авсан нь тийнхүү хардахад хүргэсэн бөгөөд тухайн үедээ салбартаа дуулиан болж байсан талаар гавьяат хуулчид тэргүүтэй зарим шүүгч нуухгүй байна. Тэр үед Д.Эрдэнэчулуун текст задалснаа хүлээж, “Эхнэрээ арай ч 100 хувь хуулаад бөглөчихнө” гэж бодоогүй хэмээн даргынхаа өмнө үнэнийг өчиж сануулга аваад өнгөрсөн гэнэ.

Иймд хэрэв өнөөдөр болох зөвлөлгөөнөөр санал хураах үеэр дээрх эсэргүүцэлтэй санал нийлэх шүүгчдийн тоо олширвол түүний оронд Хууль зүйн дэд сайд асан Даш.Ганболд шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдох магадлал өндөр байгаа аж. Тэрбээр шүүхийн шинэтгэл гэж ярьж эхлэхээс бүр өмнө 10 гаруй жилийн тэртээ шүүх эрх мэдлийн анхны стратеги төлөвлөгөөг боловсруулж байсан, ажилласан газар бүртээ хийж бүтээсэн сайн мөртэй гэлцэж байна.

Дашрамд дурьдахад СЕХ-ны гишүүн Д.Эрдэнэчулуун нь Улсын дээд шүүхийн Тамгын хэлтсийн даргаас чөлөөлөгдмөгцөө Шүүхийн ерөн­хий зөвлөлд нэр дэвшиж байгаа, мөн СЕХ-ны гишүүн Н.Дагва нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж буй энэхүү давхардал шүүгчдэд таалагдахгүй байгаа нь зүйн хэрэг гэж үзэх талтай. Харин П.Цагааны тухайд тэр бол хаанаас нь ч харсан улстөрч. Шүүх эрх мэдлийг улс төрд ойртуулснаар шүүхийн шийдвэр улстөржих нь тодорхой гэж тус салбарынхан үзэж байна. Нөгөөтэйгүүр энэ нь шүүхийн шинэтгэлийн явцад төдийгүй тун удахгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуульд ч сөрөг нөлөө үзүүлж мэдэх юм. Шүүхийн шинэтгэлийн талаар хамгийн их ярьж, олон нийтэд таалагдсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, түүний эрх мэдлийнхээ хүрээнд шууд томилдог тус салбарынхан УИХ-аас сонгогддог СЕХ-ны гишүүнийг давхар хаших ямар шаардлага байна вэ гэдэг нь хачирхалтай.

 Энэ бүхэн яагаад Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй гэж. Тэртэй тэргүй Ерөнхийлөгчийн хийгээд түүний шүүхийн шинэтгэлийн салбарт хийж буй ажлууд олон нийтээс хангалттай өндөр үнэлгээ авч буй. Гэтэл өөрийн хүмүүсийг Шүүхийн ерөнхий зөвлөл болон СЕХ-нд тарааж байршуулах, давхар алба хашуулах нь олон нийтийн сэтгэл зүйд сэвтэй төдийгүй хардлага төрүүлж байна. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагааны тухайд “Оюутолгой” компанийн ТУЗ-д ажиллаж байсан болон Төрийн тэргүүнтэй дэндүү ойр ажиллаж буйн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлд орж ажиллах нь мөн л шүүхийн салбарынханд төдийлөн таалагдахгүй байгаа юм. Учир нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь арваас доошгүй жил, гишүүд нь таваас доошгүй жил хуулийн салбарт ажилласан байх ёстой гэнэ.

Ямартай ч Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшээд байгаа шүүгчдийг “Нийслэлийн фракцийнхан” буюу “Г.Зоригийн” хүмүүс гэдгийг нотлох хүн олон байна. Түүнчлэн дөрөвдүгээр сарын 26-нд болсон зөвлөлгөөний өмнөх өдөр Улсын дээд шүүхийн дотор тодорхой хэмжээний найраа ч гэх үү, сэм тохироо явагдаад авсан нь нууц биш боллоо. Тийм ч учраас шүүгчид өөрийн итгэл үнэмшлээрээ саналаа өгч чадахгүй, зарим нь энэ бүхнийг эсэргүүцсэн нь хурлыг хаяж “гайхалтай” явдал гарсан юм. Харин өнөөдөр болох хурлаар хэрэв ийм зүйл болбол шүүхийн шинэтгэл хийнэ гэдэг “үлгэр” болох биз ээ. Тэр тусмаа энэхүү “сонгууль”-иар илээр санал хураавал бүр ч бусармаг хэрэг болно. Төрийн албанд ажиллаж, даргадаа таалагдах гэж “бүлтэгнэж” буй нь нэгэнт нууц биш болсон шүүхийнхэн даргынхаа эсрэг илээр санал өгч чадах уу. Үүнийг мэдээд батлагдсан дэг журмаа зөрчөөд нууц санал хураалт явуулаагүй нь шүүх байгууллагад ардчилал алга болсны эхний жишээ биш гэж үү.

Шүүхийн ерөнхий зөвлөл гэгч нь хэр “амттай”, ашигтай албан тушаал вэ гэдэг бас сонин. Энэ бүхний хариулт нь ерөөсөө л мөнгө, эрх мэдэл юм. Өнгөрсөн жил 60 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөсөн тус байгууллагад энэ жил өмнөх жилийнхээс бараг хоёр дахин их төсвийг баталж өгчээ. Дашрамд дурьдахад өмнөх зөвлөгөөн буюу нэр дэвшигчийг тодруулах санал хураалтын урьд өдөр нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт Д.Эрдэнэчулуунд “Зөвхөн чи ганцаараа нэр дэвшинэ шүү“ гэж хэлсээр байтал өрөө бүрээр орж шүүгчдэдээ энэ тухай хэлсэн байдаг. Үүнд эгдүүцсэн шүүхийнхэн “Шүүхийн шинэтгэлийг хийнэ гэчихээд ганцхан нэр дэвшигч өрсөлдөж болохгүй” гэж үзээд  Даш.Ганболдыг олж “Та өрсөлдөөч“ гэсэн санал тавьсан юм байна. Ингээд хурал болох өдрийн өглөө Даш.Ганболд материалаа тараалгахаар өгөхөд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт “Ганцхан хүний материал ирсэн“ гээд хурлаа эхлүүлэхийг завджээ. Энэ үеэр хоёр нэр дэвшигчийн материал тараагдсан гэдгийг Улсын дээд шүүхийн холбогдох ажилтнууд хэлж байж хурлаа эхэлжээ. Үүнээс харахад болж өгвөл Д.Эрдэнэчулууныг торойтол ганцааранг нь сойчих эрмэлзэлтэй байсан бололтой. Гэвч шударга үнэний “сахиул” болсон олон арван шүүгчид ийм ардчилалгүй сонгуулийг хүлээн зөвшөөрнө гэж үү.

Ямартай ч өнөөдөр орон нутгаас ирж оролцох анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн нэрийг тодруулахдаа саналыг нууцаар хураана гэж найдъя. Түүнчлэн албан тушаалын давхардал үүсгэхгүй байх талаас нь онцгой анхаарахгүй бол шүүхийн салбарт шинэтгэл хийх итгэл найдвар бөхөж мэдэхээр байна. Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн энэ цаг үед түүний шууд эрх мэдэлд байдаг гол байгууллагын сонгууль болон томилгоо хэр шударга болохыг олон нийт хийгээд хуулийн салбарынхан анхааралтай ширтэж буйг сануулахад илүүдэх юун.

 

У.Оргилмаа