Дэлхийн хамгийн том удирдагчдын нэг Монголд ирэх гэж байна.

Мэдээж хэлэлцээр хийнэ. Манайхан мөнгө авах нь баараггүй болчхоод их хүлээлттэй байгаана.

Яг ямар болзолтойгоор мөнгө өгөх болон авах нь одоогоор нууц байгаа ч 5 тэрбум ам.долларыг дараагийн 2 жилийн хугацаанд авах нь үндсэндээ тодорхой боллоо хэмээн хэвлэлүүд шуугиж үүнийгээ дагаад улс төр ч хөдөлгөөнд орлоо.

Монголчууд бид 2 жил юу ч хийхгүй зүгээр дээшээ хараад хэвтхэд энэ мөнгө хүрээд илүү гарна. Мэдээж улс юм хойно орлого олж л таарна.

Хүн нэг амьдрахдаа сайхан жаргалтай бодож санах юмгүй айл хотолоороо амар жимэр амьдрахыг хүсдэг бол энэ хүсэл одоогийн төрийн удирдлагууд дунд хүчтэй явагдаж байгаа бололтой.

Засгийн эрхийн төлөөх тулалдаанд одоогийн байдлаар Шонхор, Алтангадас, МоАХ фракцууд хүчтэй өрсөлдөж байгаа бөгөөд удаан тэссэн Алтангадас 7 хоног бүр МоАХ-ын партизануудаас нэгийг халдаг ажилтай боллоо. 14 хоногийн өмнө ЗТЯ төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг хөдөө томилолтоор ажиллаж байхад нь Засгийн газар ээлжит бусаар хуралдаж ажлаас нь чөлөөллөө. Энэ үед ЗТЯ сайд А.Гансүх гадаадад албан ажлаар явж таарсан бөгөөд нэгэнт гарсан ЗГ-ын шийдвэрийг яалтай ч билээдээ.

Харин өчигдөр ЦЕГ-ын дарга Б.Билэгтийг ажлаас нь чөлөөллөө.

Хүмүүс түүнийг "Удаан тэслээ" хэмээн хэлж байгаа боловч ЦЕГ-ын даргаасаа болино гэдэг удаан тэссэнээс долоон дор юм. Тэрээр Ерөнхийлөгчийн маш дотнын хүн гэдгийг Монголын ард түмэн бэлхнээ мэдэх тул маргааш өөр ажил албанд тохоон томилогдхыг байг гэх газаргүй билээ.

Дараагийнх нь хэн бэ? Хүчтэй улс төрийн тэмцэл дунд МоАХ-ны гишүүдийг ингэж нэг нэгээр нь ажлаас чөлөөлсөөр байх уу? Энэ тэмцэл юу өгүүлж байна? гэх зэрэг олон асуулт хариултаа хүлээж байна.

Тэгвэл энэ тэмцэл эрх мэдэл цаашлаад ихээхэн хэмжээний мөнгөний төлөөх тулаан юм биш биздээ?

БНХАУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал Монголчуудад ихээхэн хэмжээний мөнгийг өгөх сургаар хоорондоо толхилцож төрийн эрх мэдлийн төлөө тэмцэлдээд байгаа бол үүн шиг эмгэнэл гэж хаа байхавдээ.

Өнөөдөр Монгол улс эдийн засгийн хямралтай байгаа бол үүн дээр нэмэр болж улс төрийн хямрал нүүрлэж эхэллээ. Эрх баригчид эвийг  биш эрх мэдлийн төлөө шуналдаж байх хооронд ард түмэн хайран болж байгаа нь туйлын харамсалтай.