Засгийн газар “Оюутолгой” компанитай өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх захирал Крейг Киннел нар оролцсон юм. Энэ үеэр “Тавантолгой цахилгаан станц” төслийн захирал М.Энхсайхантай ярилцлаа. 

-“Оюутолгой” компанитай эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байна вэ? 

-Тавантолгойн цахилгаан станцыг гадны хөрөнгө оруулалттай барихаар бид хичээж ажиллаж байна. Энд зөвхөн станц барих асуудлыг онцолж болохгүй. Цахилгаан станцаас гарч байгаа эрчим хүчийг хэрэглэх хэрэглэгч байх ёстой. Мэдээж гол хэрэглэгч нь яах аргагүй “Оюутолгой” компани. Том хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хоорондын харилцаанд тулгуурласан ажил. Ингэхдээ зөвхөн нэг нь нөгөөдөө өгч, авах тухай асуудал биш. Бидний хамтын ажиллагаа ганцхан цахилгаан станц байгуулахад төвлөрч байгаа гэж ойлгож болохгүй. Ерөөсөө Монголд өмнийн бүсийн цахилгаан эрчим хүчний систем байгуулах тухай ярьж байгаа юм. Тиймээс өмнөх төслүүдээс нэг шат ахисан, ач холбогдолтой стратегийн асуудал шийдэх гэж байгаагаараа онцлогтой. Одоогоор манайх зүүн, баруун, төвийн эрчим хүчний системд холбогдсон. Уул уурхай дагасан аймгийн хөгжлийн тухай ярьдаг ч эрчим хүчний системд хараахан холбогдож амжаагүй байсан. Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Даланзадгадад зургаан МВт, Тавантолгойд хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 18 МВт-ын цахилгаан станц ажиллаж байна. Энэхүү гэрээгээр бид 450 МВт-ын цахилгаан станц байгуулах хүрээнд сүлжээ үүсгэх анхны алхмыг хийх ёстой. Үүнийг бид “Оюутолгой” компанитай хамтарч шийдэх хэрэгтэй. Тэр тусмаа тус компани Хятадаас шугам татаад эрчим хүчээ авч байгаа энэ үед манай талаас эрчим хүчээ нийлүүлэх асуудлыг шийдэх шаардлагатай. Энэ харилцааг зохицуулсан гэрээг дөнгөж сая үзэглэлээ. Ийм гэрээ байгуулснаар бид цаашдаа ч хамтарч ажиллана гэсэн нэг нэгнийхээ сэтгэлийг илэрхийлж байгаа юм. Оюутолгой компани шинээр барих цахилгаан станцаас эрчим хүчээ авах нь гэдэг мэдээллийг гадны хөрөнгө оруулагч энэхүү арга хэмжээнээс авна. Мэдээж цахилгаан станцад хөрөнгө оруулахын тулд итгэлтэй байх хэрэгтэй шүү дээ. 

-Цахилгаан станцтай болсноор Хятадаас авч байгаагаас үнээс бага үнэтэй байна гэсэн үг үү? 

-Одоохондоо шууд хэлэх боломжгүй. Учир нь цахилгаан станц барих төслийн сонгон шалгаруулалтад дөрвөн хөрөнгө оруулагч тунаж үлдсэн байгаа. Тэднээс цахилгаанаа хамгийн хямдаар өгөх хөрөнгө оруулагчийг бид сонгоно. Манай талаас эрчим хүчний үнийг аль болох бага байлгахаар зорьж байна. Яг одоо эрчим хүчний үнийг Хятадаас авч байгаатай харьцуулах цаг нь болоогүй. 

-Энэ төсөлд хөрөнгө оруулж байгаа компаниуд манайд ямар шаардлага тавьж байна вэ? 

-Дөрвөн хөрөнгө оруулагчийн хоёр нь Японы компани байгаа. Тус улсын атомын цахилгаан станцын салбарт тэргүүлж байгаа компаниуд юм. Түүнээс гадна Өмнөд Солонгос, Францын хамтарсан консорциум багтаж байна. Энэхүү компаниудад өнгөрсөн зургадугаар сард техникийн даалгаврыг нь өгчихсөн. Энэ сард багтааж уг дөрвөн компанид арилжааны даалгавар өгөхөөр зэхэж байна. Энэ нь олон гэрээний төслүүдийг хэлж байгаа юм. Тодруулбал, хөрөнгө оруулалтын гэрээ, эрчим хүч худалдах, худалдан авах, усны гэрээ, нүүрс худалдаж авах, үнс зайлуулах гэрээ гэхмэтчилэн 20 орчим гэрээний асуудал байгаа юм. Энэ бүх гэрээнд ажиллана гэдэг маш их цаг хугацаа зарцуулдаг чимхлүүр ажил байдаг. Одоо талуудтай тохирсон асуудлаа цаасан дээр буулгаад хөрөнгө оруулагчдад хүргэх ажил явж байна. Ер нь Оюутолгойтой хамтарч ажиллах гэрээ байгуулсан учраас хөрөнгө оруулагчид тооцоогоо гаргаад, уралдаад хүрээд ирнэ. Ингэсэн тохиолдолд өөртөө тохирох ашигтайг нь сонгоно. 

-Уг төсөлд ажиллах боловсон хүчин, хүний нөөцийг хэрхэн шийдэж байгаа вэ? 

-Тавантолгойд барих цахилгаан станцыг маш сайн чанартай барих шаардлага тавьсан. Америкийн механик инженерүүдийн холбооны стандартыг тавьж байгаа. Бид тоног төхөөрөмжийг өөрсдөө шалгах шаардлагагүй. Америкийн инженерүүдийн холбооноос зо- хих журмын дагуу шаардлага тавиад тамга дардаг. Тэгэхээр бид зөвхөн тамгыг нь хараад тоног төхөөрөмжөө хүлээж авна гэсэн үг. Дээр нь байгаль хамгааллын маш хатуу шаардлага тавьж байна. Монголын стандартаас дээгүүр төвшнийх гэсэн үг. Ийм төсөлд хөрөнгө босгоно гэдэг амаргүй. Бидэнд хийх ажил маш их байна. 

-Том төсөл учраас санхүүжилт их шаардаж байгаа байх. Хөрөнгө босгох ажил ямар байна вэ? 

-Дахиад давтаад хэлмээр байна. Мөнгө босгоно гэдэг амаргүй ажил шүү. Ерөнхийдөө Тавантолгойн цахилгаан станцыг барихад нэг тэрбум ам.доллар санхүүжилт хэрэгтэй. Энэ цахилгаан станц ашиглалтад ороход өөрсдийн бэлэн нүүрсээ эрчим хүч болгох юм. Ингэснээр тухайн газар байгаа нүүрс олборлогч, орон нутаг, Оюутолгой компанийг цахилгаанаар бүрэн хангана шүү дээ. Мэдээж энэ төсөл амжилттай хэрэгжвэл дараа, дараачийн цахилгаан станц барих төслийн сайн суурь болж өгнө. Ингэвэл бид цахилгаанаа урд хөрш рүү экспортлох боломж гарах ч юм билүү. Том ажлуудын суурь нь энэ төсөл учраас нямбай, хичээнгүй ажиллах хэрэгтэй байна. Тавантолгой цахилгаан станц барьснаар ДНБ одоогийнхоос гурван хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. 

-Төсөл хэрэгжүүлэхэд манай хууль, эрх зүйн орчин хэр ээлтэй байна вэ? 

- Ер нь том төслүүдийг шилтэй зүйрлэдэг. Маш амархан хагарах аюултай. Тэгэхээр том, жижиг асуудал гэж ялгахгүй ажиллах ёстой. Жижиг гэж бодсон зүйл ч шилийг хагалж мэднэ шүү дээ. Тэгэхээр бүх зүйлд тулж ажиллах шаардлага үүсч байгаа. Ер нь ингэж ажиллах ёстой. УИХ-аас баталсан хууль эрх зүйн хүрээнд энэ төслийг хэрэгжүүлэх боломж бидэнд бий. Гэхдээ төрийн байгууллагууд ажлаа хурдан хийх хэрэгтэйг хэлмээр байна. Тэдний ажлын хурд биднийхээс хоцроод байгаа. Гэхдээ би гомдоллохыг хүсэхгүй байна.

Ц.Оюунтунгалаг