Цагдаа нарын хувцас өөрчлөгдөж байгаа гэнэ. Одоо байгаагаасаа өнгө, загвар гээд бүх зүйлс нь өөрчлөгдөж бараг л хятад цэргийнх шиг болж байгаа сурагтай.

Үүнд нь цагдаа нараас гадна жирийн иргэд ч бас дургүйлхэж байгаа аж. “Өмнөх загвар нь гоё байсан юм, яах гэж ингэж өөрчилдөг байна аа” гээд л бухимдсан хүмүүстэй олон таарав. Ёстой төрийн төлөө огтоно боож үхнэ гэгч болж байх шив. Монголчуудад ямар бухимдах зүйл мундсан биш. Хайран нерв байгаа даа. Бүр тэгтлээ бухимдаар байгаа бол ядахдаа Ерөнхийлөгчийн сонгууль ярьмаар юм. Арай дээр сонсогдоно доо. Цагдаагийн хувцас ер нь мань мэтдээ ямар “падлий” байна аа. Ер нь тэгж яривал цагдаа нар өөрсдөө хувцас муухай байна гэж лав гомдоллоогүй л байгаа. Өөрсдөө юу ч хэлээгүй байхад жирийн иргэд өмнөөс нь бухимдаад л. Цагдаагийн шинэ хувцсыг хүн болгонд өмсүүлэх гээд байгаа бол бас бухимдаж болно. Гэтэл зөвхөн цагдаа нар л өмсөнө шүү дээ. Цөөн хэдхэн л цагдаа нар байгаа. Ер нь тэгээд төрийн холбогдох байгууллагууд нь учраа мэдэж байгаа болоод л цагдаа нарынхаа дүрэмт хувцсыг сольж байгаа биз. Олон жилийн турш хэдэн муу цагдаа нар нэг л янзын хувцастай явлаа. Солих цаг нь мэдээж болчихсон л байж таарна. Яахав, загвар, өнгө нь тааруу байж болох л юм. Гэхдээ хуучин муу хувцаснаас мэдээж дээр. Тийм байхад бухимдах хэрэг юу байна аа. Хүмүүс шинэ хувцас худалдаж авах, эсвэл бэлгэнд ч юм уу ирвэл баярладаг байх. Би лав цагдаа байсан бол шинэ хувцас дээрээс тавьж өгвөл баярлаад л авна. Сүүлийн үед бүх зүйл л дэлхийн стандартад шилжиж байгаа. Жишээ нь замын цагдаа нарын шар хантааз байна. Иргэд бас л үүнд дургүйлхээд л байдаг юм билээ. “Цэвэрлэгч шиг” гэх маягтай. Гэтэл дэлхийн стандарт л байхгүй юу. Дэлхийн аль ч улсад замын цагдаа нар яг ийм шар хантааз өмсдөг. Автомашины гэрэлд сайн харагддаг юм. Тэгэхээр жирийн цагдаа нарын шинээр өмсөж эхэлсэн хувцас ч бас дэлхийн стандарт руу ойртсон л байж таарна. Тийм байхад юундаа эсэргүүцдэг юм бэ. Тэгж яривал “Чамд хамаагүй, хаданд чимээгүй” гэдэг байхаа.

 

Л.Энхдэлгэр