"Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо", Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо хамтран кока кола, пепси ундааны үйлдвэрлэл, сурталчилгааг зогсоох шаардлагыг ирэх даваа гаригт Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүргүүлэхээ мэдэгдэв.

Уг шаардлагыг Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн төв, Монголын анагаах ухааны академи, ЭМШУИС зэрэг арав гаруй ТББ, холбоо, хөдөлгөөнүүд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Учир нь кола, пепси зэрэг ундаа нь хэт таргалалт, ясны сийрэгжилт, зүрх судасны өвчин, бөөрний чулуу үүсэх, чихрийн шижин, шүд цоорох зэрэг өвчин үүсгэдгийг ЭМШУИС-ийн судалгаагаар давхар баталсан байна. Хамгийн ноцтой нь кола ундааны найрлаганд орсон "Мерхандиз-7" хэмээх бодис хүний эрүүл мэндэд хортой эсэхийг компанийн зүгээс нууцалсаар байгаа гэнэ. Тиймээс Турк улсад "Кока кола" кампанийг шүүхэд өгч, ундааныхаа найрлагыг ил болгохыг шаардсан бол Латви, Энэтхэгийн зарим мужид бүрэн хориглосон байна. Харин АНУ, Европын ихэнх орнуудад кола, пепсиг зүй зохистой, хязгаартай хэрэглэх тал дээр олон нийтийг хамарсан өргөн хүрээтэй сурталчилгааны ажлыг зохион байгуулах болсон аж. Тэр бүү хэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2010 онд хийжүүлсэн ундааг насанд хүрээгүй хүмүүст хэрэглүүлэхийг хориглох, уг ундааны сурталчилгааг хүүхэд рүү нь хандуулахгүй байх, насанд хүрсэн хүмүүст зөв зохистой хэрэглэх талаарх зөвлөмж гаргасныг дэлхий нийтээр даган мөрддөг гэнэ.

Дашрамд дуулгахад хийжүүлсэн ундаа нь амны цангааг тайлдаггүй харин сахар орлуулагч ихээр агуулагддаг тул улам ундаасган, уух хүслийг нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн колаг цусны толбо, төмөр эдлэлийн зэв зэргийг арилгахад хэрэглэдгээс гадна хүний хумс, шүд зэргийг нэг хоногийн дотор өөртөө уусгаж даг аж.

М.Ууган