Гайхамшигтай, ховорхон тогтоцтой байгалийн үнэт үзмэр болох Даян Дээрхийн агуй нь Хөвсгөл аймгийн нутагт оршдог. Энэ агуй нь дотроо 450 м.куб талбай арав гаруй өрөө тасалгаатай бөгөөд зүг бүр рүү харсан олон ам хаалгатай.

Дээрхийн агуй нь олон янзын рашаантай, мөн “Эхийн умай” хэмээх эмэгтэй хүний савыг дүрсэлсэн амсартай дэлхийд ховор үзмэр аж. Агуй орчмын байгаль маш үзэсгэлэнтэй. Мөн тэнд XVII зууны үеэс хүн сууж байжээ.

Энэ орчим Цагаан Суварга, Сэнжит хад зэрэг том, жижиг олон агуй бий. Дээрхийн агуйг үзэж сонирхохоор гадаад, дотоодын жуулчид их ирдэг аж. 1864 онд шарын шашин, бөө мөргөлийн Даян Дээрхийн хийд байгуулагдсан нь энэ нутгийг аялал жуулчлалын бүс болоход нөлөөлжээ.

Агуйн орчимд олон тооны хиргисүүр, булш бий. Байгалийн хосгүй иж бүрдэл болсон энэ сайхан нутгийг байгалийн дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь шинжлэх ухааны болон байгаль, түүх, соёлын хувьд ихээхэн ач холбогдолтойд тооцогдоно.