Торгоны зам “Талын зам” болжээ. Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдан ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаас урьтан зөвхөн энэ асуудлаар хуралдаж “Талын зам” төслийн ажлыг хариуцах Ажлын хэсэг байгуулж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраар ахлуулахаар шийдвэрлэсэн байна.

“Талын зам” төслийн ажлын хүрээнд 997 км хурдны зам болон тус бүр 100 км эрчим хүчний шугам, байгалийн хий, газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийх юм байна. Энэ талаар БНХАУ-ын дарга Си Зиньпины манай улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Стратегийн иж бүрэн түншллийн харилцааг хөгжүүлэх хамтарсан тунхаглал”-д тусгасан бөгөөд удаахь том хэлэлцээг ОХУ-тай хийхээр төлөвлөжээ.

“Талын зам” төслийг хэрэгжүүлснээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ түвшинд хүрч эцсийн дүндээ манай улсын ДНБ-ий хэмжээ эрс нэмэгдэх аж. Хамгийн гол нь байгалийн хийн хамгийн том хэрэглэгч, нийлүүлэгч хоёр гүрний хооронд байрладаг газарзүйн давуу талаа ашиглан эдийн засгаа хурдацтай өсгөх боломж гэж харж байгаа юм байна. Мөн Засгийн газрын хуралдааны мэдээнээс харахад өнгөрсөн тавдугаар сард ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээний дагуу 2018 оноос эхлэн урд хөрш 30 жилийн турш ОХУ-аас байгалийн хий худалдаж авахаар болжээ. Мэдээж хоёр хөршийн шил дараалсан айлчлалын утга учир ч энд зангидагдаж хийн хоолойг Монголоор дайруулах тухай асуудал одоо л ажил хэрэг болох бэлтгэл ажил хэдийнэ хангагдсан бололтой.

Дашрамд дурдахад “Талын зам” төслийн ажлыг гүйцэтгэх хөрөнгийн урсгал хаагуур дамжин зорилгодоо хүрэх, ямар бүтцүүдийг “базаж” ажиллахаас шалтгаалан тус ажлын хэсгийн ахлагчаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг томилох нь зүйтэй гэж үзсэн болов уу. Харин тэрбээр үүний өмнө буюу өнгөрсөн хавар Зам тээврийн сайдад урьдчилан мэдэгдэлгүйгээр “Төмөр замын шинэ шугам барих тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж дуулиан тарьж байсан. Мөн Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед Н.Батбаяр сайд “Төмөр зам барихад зориулж Чингис бондоос 450 сая ам.доллар гаргасан. Газар шорооны ажил хийж байгаа л гэдэг. Өнөөдөр эдийн засаг хүнд байгаа нь экспортод гаргахуул уурхайн бүтээгдэхүүнээ тээвэрлэх төмөр замаа барьж чадаагүйтэй холбоотой” хэмээсэн удаатай. Ингэж хэлснийг нь эсэргүүцэн Зам тээврийн яам болон “Монголын төмөр зам” ТӨХК хамтран 2014 оны тавдугаар сарын 2-нд мэдэгдэл гаргаж байв.

Мөн Зам тээврийн сайдад “Тавантолгой-Гашуун сухайтын чиглэлийн 267 км төмөр замын ажилд Чингис бондоос олгох 200 сая ам.долларыг өгөхгүй. Хөгжлийн банк мөнгөгүй болсон” хэмээсэн байдаг. Энэ мэт “асуудал” хуримтлагдсаар Эдийн засгийн хөгжлийн сайд,  Зам тээврийн сайдыг оролцуулалгүйгээр Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын Үүд, Хөөт бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм буюу нарийн царигтайгаар барих тогтоолын төслийг УИХ-д оруулж ирэх хүртэл үргэлжилсэн юм.

Гэвч саяхан БНХАУ-ын даргыг Монголд айлчлах үеэр Засгийн газар холбогдох санамж бичгүүдэд гарын үсэг зурж урд хөрштэй төмөр замын салбарт хэрхэн ажиллах, Ази, Европыг холбосон Хятад-Монгол-Орос гурван улсыг дамжсан транзит тээврийг хөгжүүлэх тохироогоо хийж чадлаа. Өөрөөр хэлбэл уг хэлэлцээг хийх ёстой, ажил хариуцсан хүн нь хийсэн гэсэн үг. Түүнээс биш “Би хийсэн” гэж хэлүүлэхийн тулд мэдэх, мэдэхгүй ажилд үнэтэй төслүүдэд Ажлын хэсэг ахлахыг “Сайн ажилласанд тооцдоггүй” гэдэг зарчмыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ойлгож авсан байх. Харин энэ удаад Монгол түмний мөрөөдөл болсон амин чухал төслүүдээ Н.Батбаяр сайдаар ахлуулсан нь Ерөнхий сайдын хувьд аз уу, эз үү гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Ж.Мөнхбаяр