Монгол ахан дүүсээ,

Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу.

Эх оронд маань намрын налгар өдрүүд айлчлан ирж, урин зуны улиралд алжаалаа тайлсан та бүхэн маань шинэ эрч хүчээр ажил үйлстэйгээ золгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Улс орон даяар хичээлийн шинэ жил эхэлж, тариаланчид ногоочид маань хавар, зуны нөр их хичээл зүтгэлийнхээ үр шимийг хурааж, мал сүрэг тарга тэвээргээ авч, малчид маань хадлан тэжээлээ бэлдэж байгаа их ажил хөдөлмөрийн өдрүүдэд та бүхэнтэйгээ мэндчилж байна.

Шинэчлэлийн Засгийн газрын хичээж зүтгэсэн энэ хоёр жилийн хугацаа шинэчлэл, өөрчлөлт, их бүтээн байгуулалтын үе байж чадлаа.

Хэдхэн жишээ дурдахад, Монгол Улс өнгөрсөн 20 жилийн хугацаанд эрчим хүчний салбарт 200 Мвт хүчин чадлыг барьж байгуулсан бол бид хоёрхон жилийн дотор энэ 20 жилтэй тэнцэх  хүчин чадлыг бүтээн босголоо. Бидний бүтээн байгуулалт ингээд зогсохгүй, ирэх хавраас эхлэн нийтдээ үүнээс 7 дахин илүү хүчин чадалтай гурван ч цахилгаан станцыг бүтээн байгуулж эхэлнэ. 

Таван Засгийн газар дамжин, 12 жилийн хугацаанд нийтдээ 2300 км зам тавьсан бол Шинэчлэлийн Засгийн газар хоёрхон жилийн хугацаанд 2500 км зам буюу түүхэндээ хамгийн их замыг тавьж чадлаа. Гэхдээ энэ нь ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш ээ, бид дараагийн 2 жилд бүх аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Зам дагаж хөгжил ирнэ. Хэдхэн хоногийн өмнө нийслэлдээ Богд уулын шинэ замыг ашиглалтад орууллаа. Энэ ч бас бидний хувьд эцсийн үр дүн биш. Шинэчлэлийн Засгийн газар Монголдоо, Улаанбаатартаа анхны хурдны замыг бүтээн босгоно.

Орон сууц, барилгын салбарт бид багагүй амжилт оллоо. Өмнө нь жилд хамгийн ихдээ 800 мянган метр квадрат орон сууц барьдаг байсан бол бид нэг жилийн дотор 36 мянган өрх орон сууцтай болох боломж бүрдүүлж, 1 сая 200 мянган метр квадрат орон сууц ашиглалтад өглөө. Барьж байгуулах нэг ажил. Харин барьчихсан орон сууцанд орох, байртай болох Монголчуудынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх нь үүнээс дутахгүй чухал ажил. Шинэчлэлийн Засгийн газар үүнийг шийдэж чадсан.

Жилийн 16 хувийн хүүтэй байсан орон сууцны зээлийн хүүг хоёр дахин багасгаж 8 хувийн хүүтэй болгосноор өрх тус бүрийн сард төлөх хүүгийн төлбөр 400 мянган төгрөгөөр буурч, зээл төлөх нийт хугацаандаа өрх бүр 50-70 сая төгрөг хэмнэх боллоо. Энэ бололцоог зөвхөн Улаанбаатарт төдийгүй улс орон даяар хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдаж эхэллээ. 

Чингис бондын санхүүжилтээр Байшин үйлдвэрлэх, угсрах үйлдвэрүүдийг сэргээснээр барилгын гол материал болох арматур, цементийн үйлдвэрлэл гадны  хараат байдлаас гарах эхлэл тавигдлаа. Хөтөлд 1 сая тн хүчин чадал бүхий Цементийн шинэ үйлдвэрийн хүрд эргэж, эх орны хэрэгцээний гуравны нэгийг хангаж эхэллээ. Ирэх жил нийт 2 сая тн хүчин чадал бүхий үйлдвэрүүд шинээр үүд хаалгаа нээснээр дотоодынхоо цементийн хэрэгцээг бид бvрэн хангана. 

Өөр нэгэн сайн мэдээ гэвэл Монгол Улс байгалийн хийтэй ижил найрлагатай, нүүрсний давхаргын метан хийн томоохон нөөцөө нээж оллоо. Таван Толгойн нүүрсний ордод 20-30 тэрбум метр куб метан хий  байгаа нь судалгаагаар батлагдлаа. Уг хийгээр Улаанбаатар хотын дулаан, цахилгааны хэрэгцээг 30 жил хангах боломжтой юм. Энэ нь Улаанбаатарын утааг хамгийн хурдан, оновчтой, шийдэх арга зам билээ.

Бид Монголбанктай хамтран гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнж тогтворжуулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр иргэдийнхээ халаасанд 650 тэрбум төгрөг үлдээж чадсан. Валютын ханшийн савалгаанаас болж 2000 төгрөгөөс хол давах байсан шатахууны үнийг тогтворжуулжснаар нэг л өглөө нэмэгддэг байсан бензиний үнийн өсөлтийг бид сүүлийн 2 жилд мартжээ. Нүүрсний үнийг тонн тутамд 200 мянгаас 80 мянган төгрөг болгон хямдруулснаар гэр хорооллын 160 мянган өрхийн нүүрсний зардал 70-аад тэрбум төгрөгөөр  хэмнэгдсэн.

Эх орны эрүүл хөрсөнд ургасан хүнсний ногоогоор зах, дэлгүүрүүдийн лангуу дүүрч, энэ жил эх орны улаан буудай, төмс, гурилаар дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангахаар байна. 

Орон нутагт иргэд төсвөө өөрсдөө мэдэн үр дүнтэй зарцуулах боломж өгч, энэ жил 280 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаа нь Монгол Улсын 1997 оны төсвийн нийт зарлагатай тэнцэж байна. Аймгийн төвүүдийг хот болгох ажил, “Шинэ сум” төслүүд ч үргэлжилж байна. Хөдөө орон нутгийн иргэд оношлуулах, эмчлүүлэх гэж Улаанбаатар хотыг зорьж цаг, мөнгөө үрдэг байсан үеийг халж 11 аймгийн төвд орчин үеийн оношилгооны төвийг байгууллаа. Мөн бүх аймгийн төв, нийслэлийн 80 цэгт Төрийн үйлчилгээний цахим машин иргэдэд шуурхай үйлчилж байна.

Өнгөрсөн хугацаанд өмнөх 5 жилийн дунджаас 3 дахин илүү буюу 105 цэцэрлэг ашиглалтад оруулж, 10.000 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж, хувийн хэвшилд 1000 гаруй тусгай зөвшөөрлийг цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар олгосон байна.

Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийг эдийн засгийн хүндрэлийг 100 хоногийн хугацаанд нэг мөр шийдчих юм шиг мушгин гуйвуулж улстөржүүлэх боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн ажлын гол зорилго нь:

1) Эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг Их хурал, Засгийн газраар хурдан шуурхай шийдвэрлүүлэх,

2) Хувийн хэвшлийнхэн бизнесийнхнийг дэмжин, тэднийг татан оролцуулж хамтран ажиллах,

3) Олон сар, жилээр хурсан асууудлуудын гацааг гаргаж, бизнест ээлтэй орчинг бий болгохыг зорьсон юм.

Энэ дашрамд Засгийн газраас санаачлан оруулсан эдийн засгийн олон чухал асуудлыг 100 хоногийн хугацаанд цаг алдалгүй баталж шийдвэрлэхэд хүчин зүтгэл гаргаж хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ нам харгалзалгүй баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн 100 хоногийн хугацаанд төр хувийн хэвшил хамтарч чадвал их зүйл шийдэх бололцоотойг харуулж, бидэнтэй хамтран зүтгэсэн хувийн хэвшил, бизнесийнхэндээ бас баярласнаа илэрхийлье.

Шинэчлэлийн Засгийн газар “ЭЗЭН-100” хөтөлбөрийн хүрээнд шинэ төмөр зам бүтээн байгуулах шийдвэрээ гаргаж УИХ-д өргөн барилаа.

Монголоос гарах бүтээгдэхүүн хямд үнээр далайн боомт хүрэх гэрээнүүдийг байгуулж чадлаа.

Бизнесийн орчинг ээлтэй болгох зорилгоор том бүтээн байгуулалтын төслүүдэд дэмжлэг үзүүлж, жижиг дунд үйлдвэрүүдээ гааль,НӨАТ-н татваруудаас чөлөөллөө.

Бизнес эрхлэгчид, иргэдээ дэмжих зорилгоор Орлогын татвар, НӨАТ-уудын буцаан олголтын хуулиуд өргөн баригдлаа.

Далд эдийн засгийг ил болгох, баялаг бүтээгчдийг  элдэв төрлийн дарамтаас салгах Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлийн хууль, зөвшөөрөл лицензийг цөөлөх хуулиуд батлагдахад бэлэн боллоо.

Эдийн засгийг эрчимжүүлэх ажил 100 хоногоор дуусах учиргүй. Харин ч энэ эрчээрээ улам цаашаа ажиллах болно. 

Монгол хүний төлөө, Монгол төр, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө зүтгэсэн хоёр жилийнхээ дэлгэрэнгүй тайланг Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөрийн үр дүнгийн хамт Монгол Улсын Их хурал, Монголын ард түмэн,айл өрх бүрт тайлагнах ажлаа Засгийн газар ойрын үед зохион байгуулна.