Нийслэлийн парламентийн мэтгэлцээний аварга шалгаруулах "Зүрхний Улаанбаатар" тэмцээн өчигдөр Тусгаар тогтнолын ордоноо болж, тэмцээний ялагчид тодорлоо.

Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 50 багийн нийт 100 илтгэгч оюутан залуус өрсөлдсөнөөс II шатанд 4 баг тунаж үлдээд байсан юм. 

Тэргүүн байранд Б.Өлзий-Од, Д.Мийеэсүрэн нарын бүрэлдэхүүнтэй Удирдлагын академийн “Сорог” багийнхан шалгарлаа. Дэд байрт Ц.Буянбат, Л.Эрдэнэсүхийн бүрэлдэхүүнтэй МУИС-ийн “Монгол” баг, гуравдугаар байрт Нямцоож, Дорждэрэм нарын бүрэлдэхүүнтэй ИЗИС-ийн “Оюуны нэгдэл” баг, тусгай байрт Ж.Мөнх-Эрдэнэ, Б.Хулан нарын МУИС-ийн “Нэгдэл-3” багийнхан тус тус ялагчаар тодорсон байна. Шилдэг илтгэгчээр МУИС-ийн оюутан Батхишиг шалгарчээ.

Тэмцээнээр “Мэтгэлцэх сонирхолтой, оюутан залуусыг хөгжүүлэх, өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн үе тэнгийн залуустайгаа мэдлэг, мэдээллийнхээ хүрээнд өрсөлдөх, нийслэлийн бодлого шийдвэрт залуучуудын үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгоход оршиж байгаа” гэж тэмцээнийг зохион байгуулагч Нийслэлийн “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны залуус онцоллоо.