Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газ дэлбэрч хүүх­дүүд түлэгдсэн хэрэг гарчээ. Тод­руулбал, энэ сарын 1-ний өдөр тус дүүргийн XVIII хороонд “Автомашины цонх хагалсан байна” гэсэн дуудлага цаг­даагийн байгууллагад ирсэн байна.

Уг мэдээллийн дагуу шалгахад 34 настай иргэн М-ийн “Toyota  mark II” автомашинд Ерөнхий бо­ловс­ролын сур­гуулийн су­рагч 16 настай М, Б, 13 нас­тай Б-гийн хамт ахуйн хэрэглээний газ үнэрлэсэн аж. Гэтэл газ дэлбэрч хүүхдүүд их, бага хэмжээгээр түлэгдсэн байна. Эл хэргийг цагдаагийнхан шалгаж эхэлжээ. Сүүлийн үед газ үнэрлэдэг гаж явдал газар авав. Ахуйн хэрэглээний газ цавуу, бензин, химийн бодис үнэртэж мансуурах, улмаар амь насаа алдах тохиолдол гарах болсон. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчлийг таслан зогсоох, хүүхдийг аюулгүй байлгах ажлыг эрчимжүүлэх зорилгоор цагдаагийнхан нэгд­сэн шалгалт хийдэг ч хараа хяналтгүй зарагдах бүтээг­дэхүүнээс үүдэж хүүхэд хохирч байна. Өнгөрсөн онд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хангай” зочид буудалд 14-18 насны зургаан хүүхэд газ үнэртэн мансуурч байгаад дэлбэрэлтэд өртсөн байдаг. 

Мөн Баянзүрх дүүргийн V хорооны нутаг дэвсгэр, 30 дугаар сургуулийн ар талд Орос цэргийн хашаанд насанд хүрээгүй таван хүүхэд мансуурсан байдалтай цаг­даа­гийн албан хаагчдад баригдсан. Өвөрхангай аймагт өсвөр насны охин газ үнэрлэж байгаад хордож амиа алдсан хэрэг гарсан юм. Талийгаач гурван жил газ үнэрлэж, мансуурдаг байсныг эх сурвалж хэлж байсан удаатай. Үүгээр ч зогсохгүй  Сонгинохайрхан дүүргийн IX хорооны нутаг 92 дугаар цэцэрлэгийн шатан дээр долоон хүүхэд газ үнэр­лэн мансуурч байсныг цагдаа­гийнхан илрүүлсэн гээд газтай холбоотой хэрэг мундахгүй олон бий.