“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан суманд зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, эмэгтэйчүүдийн өвчлөлийг илрүүлж, эмчлэх, жирэмслэлтээс сэргийлэх зорилготой “ГАРЦ” арга хэмжээг зохион байгууллаа. 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс эмэгтэйчүүдийн дунд хийсэн судалгаагаар нийт 1200 гаруй зорилтот бүлгийн эмэгтэйчүүд байгаа гэсэн дүн гарчээ. Энэхүү арга хэмжээнд 350 эмэгтэй үзлэг, шинжилгээнд хамрагдсан. Эдгээр эмэгтэйчүүдээс эмзэг бүлгийн 138, нэн ядуу 75, орц, хонгилд амьдардаг 30 байсан бөгөөд нөхөн үржихүйн эрүүл мэндийн жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэл 642, үүнээс ерөндөг 60, суулгац гурвыг тус тус тавьжээ. Мөн бэлгийн замын халдварыг /тэмбүү, заг хүйтэн, ДОХ/ илрүүлэх, жирэмслэлтийг илрүүлэх хурдавчилсан тестийг тавьж, гурван эмэгтэйг заг хүйтэн өвчтэй болохыг илрүүлсэн бол хоёр эмэгтэй жирэмсэн байжээ. 

Үзлэгт орсон эмэгтэйчүүдийн 14.8% нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрхтэн тогтолцооны эмгэгтэй байсан бөгөөд эмчилгээнд шаардлагатай зарим эм тариаг эмэгтэйчүүдэд үнэгүй өгч, эмчилгээг шууд эхлүүлжээ. Цаашид “ГАРЦ” арга хэмжээг үргэлжлүүлж, долоо хоног бүрийн Баасан гаригын 13.00-17.00 цагт зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ, эмчилгээг зохион байгуулна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын эх, барих эмэгтэйчүүдийн мэргэжилтэн С.Ариунаа мэдэгдлээ.