Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон М.Тулга, Э.Төмөрбаатар нарыг “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа 3.6 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган шалгаж, Төв аймгийн цагдан хориход саатуулаад байгаа билээ.

Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх хуурай өлсгөлөн зарлаад долоо хонож байна. Түүний бие муудсан бөгөөд эмчийн үзлэгт хамруулахад цус нь өтгөрсөн, 2 бөөр нь үрэвсэж, зүрхний хэм алдагдсан хэмээн оношилж яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэж үзсэн.

Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж: Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал тааруу байна. Зүрхний хэм алдагдаж амь насанд нь аюултай байдалд хүрчихлээ. Монгол улсын Үндсэн хуулийн 16.6-д зүйлд Монгол улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй гэж заасан байгаа. Үүний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэдгийг мэдэгдсэн.

Харин үүний хариуд нь АТГ-аас хариу өгөөгүй байгаа билээ. Тэгвэл Л.Гансүхийн нэр дээр Бээжингийн Яамэй эмнэлгээс мэдэгдэх хуудасыг энэ сарын 20-ны өдөр илгээсэн байна. Энэхүү мэдэгдэлд, "Манай эмнэлэг танд туссан зүрхний цус багадалт, зүрхний шигдээс өвчнийг өвчнийг гурван жил эмчилж илэрхий үр дүн гаргасан. Гэсэн ч өвчний байдал харьцангуй хүнд учраас шаардлагын дагуу 2-3 сар тутамд нэг удаа хавсарсан эмчилгээ хийлгэх шаардлагатай. Таны түрүүчийн удаагийн эмчилгээ өнгөрсөн зургадугаар сарын 28-ны өдөр хийгджээ.

Одоо эмчилгээний завсарлах хугацаа дууссан тул ойрын өдрүүдэд цагаа зохицуулан манай эмнэлэгт ирж эмчилгээгээ хийлгэнэ үү. Бээжингийн Яамэй эмнэлгийн Хятад анагаах ухааны II тасгийн эмч, профессор Ма Зижоу” хэмээв.