Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд өргөн барьсны дараа цахим ертөнцөд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын бичсэн мессэж дэлгэгдлээ гэсэн мэдээлэл тархсан. Тэрээр хуурамч мессэжтэй холбоотой асуудлаар ТЕГ-т хандсан юм.

ТЕГ-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын гар утасны мессэж гэх олон нийтийн сүлжээгээр түгээгдсэн мэдээллийн дагуу шалгалт хийж үзэхэд тухайн зураг дээрх цаг хугацааны агшинд түүний утаснаас ямар нэгэн мессэж явуулаагүй, хүлээн аваагүй болохыг тогтоосон байна. Иймд уг мэдээлэл хуурамч бөгөөд интернэтийн олон нийтийн сүлжээнд анх байрлуулсан этгээд нь өөрийн нэр дээр бус хуурамч хаяг ашигласан байх магадлалтай тул үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж ТЕГ-аас мэдэгджээ.