шударга ёс
АН сөрөг хүчний шахаанаас гадна хамтран засаг барьж байсан "Шударга ёс" эвслийн удирдагч Н.Энхбаярын шантаажинд гүн гүнзгий хутгалдан оржээ.
УИХ-ын гишүүн С.Баярцогтын хэлснээр "урвагчид”-тай нийлэх нь эргээд хүнд байдалд ордгийг АН-ынхан амсаж толгойгоо гашилгах болов. 

    АН-ын шинэ дарга З.Энхболд бүх намуудтай Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох асуудлаар зөвшилцөж байгаа. МАН үгүй гэсэн бол "Шударга ёс" эвслийнхэн за гэсэн. Гэхдээ улс төрийн өнөөгийн эгзэгтэй байдлаар дамжуулан барьцаа лавхан барихыг хичээж байна. Сөрөг хүчний хувьд ойлгож болох л асуудал. Харин хамтарч хоёр жил бодлого тодорхойлсон "Шударга ёс" эвслийн хувьд бол шударга бус үйлдэл л дээ. 

    Өчигдөрөөс эхлээд саарал ордонд МАН, "Шударга ёс" эвсэлийнхэн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох, шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ямар байх гэх мэт асуудлаар шантааж хийж эхэлсэн мэдээлэл эрчимтэй тарж байна. Гэхдээ энэ мэдээлэл УИХ-ын гишүүдийн ам дамжин цайны хачир болон түгж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ын хамтрагч "Шударга ёс" эвслийнхэн Ч.Сайханбилэгийг дэмжих тохироотойгоор дараах дөрвөн шаардлагыг санал болгосон бололтой. 

1.    Н.Энхбаярыг цагаатгах
2.    МАН болон бие даагчидыг засагт оруулахгүй байх
3.    2012 оны гэрээний дагуу ногдсон 4 сайдын суудлаа хэвээр нь хадгалах
4.    2024 он хүртэл хамтран ажиллах гэрээгээ эргэж харах

    Хэрэв энэхүү шаардлагууд үнэн бол ихээхэн ноцтой юм. "Шударга ёс" эвслийнхэн бугуй биш бөгс барих гэж хичээж байна. Эдгээр шаардлагууд нь "Шударга ёс" эвслийнх гэхээсээ илүү Н.Энхбаярынх гэвэл илүү үнэнд ойртож мэднэ. Сүүлийн хэд хоног Н.Энхбаярын оролцсон "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг нийгэмд ихээхэн шуугиан дэгдээж байна. Бас Н.Энхбаярыг өрөвдөх сэтгэлгээ ч давамгайлж эхлэв. Яг энэ үетэй давхцуулан Н.Энхбаярыг цагаатгахыг "Шударга ёс" эвсэл шаардах болов. Тэгэхээр энэ бүхнийг маш сайн тооцсон хэрэг л дээ. Засгийн газрыг огцорсон, тохиролцоо хийж эхэлсэн, төр эзэнгүйдсэн үеэр Н.Энхбаярын нэвтрүүлгийг гаргана. Нийгмийг өрөвдүүлнэ. Зэрэгцүүлээд цагаатга гэж эрх баригчдыг шахаанд оруулна. Нэг л танил сценари. Ийм сценари Монголд биш БНСУ-д л бичигдэж байгаа л даа. 

    "Шударга ёс" эвслийн энэхүү шахалтанд эрх баригчид ихээхэн дургүйцэж болгоомжилсон байдлаар хандаж байгаа гэнэ. Юуны өмнө Н.Энхбаярыг цагаатгах асуудлыг АН болон Засгийн газар мэдэхгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээний асуудал гэж бултаж байгаа сурагтай. Харин МАН болон бие даагчидыг засагт оруулахгүй байх талаар бодно. Дөрвөн сайдын асуудлаар Ч.Сайханбилэгийг томилсны дараа ярилцья гэх мэтээр шантааж бүрээс эвтэйхэн бултаж байгаа гэнэ. Тиймээс эрх баригчид эхлээд Ч.Сайханбилэгээ томилуулчихья. Дараа нь асуудал бүрийг яриад тохиролцьё гэсэн тактикийг баримталж эхэлжээ. 

    Ер нь "Шударга ёс" эвслийн эдгээр шаардлагууд үнэн бол ямар нэгэн бодлогын, улс орны хөгжлийн талаар зөвшилцөх ямар ч санал алга. Өөрөөр хэлбэл эвслийнхэн улс орны хөгжлийн асуудлаар эрх баригчидтай зөвшилцөх саналууд гаргаагүй аж. Ганцхан өөрсдөдөө ашигтай ажил, албан тушаалын төлөө л зүтгэж байна. Ийм л хамтрагчидтайгаа учраа олох гэж АН-ынхан зовж эхэлжээ.