“Грийн сити” ХХК “Нонгшим” брэндийн хугацаа нь дууссан бэлэн гоймонгийн он сар өдрийг будаг шингэлэгчээр арилган хуурамч хугацаа тавьдаг байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын ЭМБСХХ-ийн байцаагч нар илрүүлжээ.

Мэргэжлийн хяналтын байцаагч нар “Грийн сити” ХХК-ийн төв агуулах болон “Нарантуул” захад байрлах агуулахад хяналт шалгалт хийхэд дээрх үйлдлийг газар дээр нь илрүүлсэн байна.

Шалгалтаар тус компани нь хүнсний сүлжээнээс хадгалах хугацаа дууссан бэлэн гоймонг буцаан авч төв агуулах дээрээ төвлөрүүлэн хадгалах хугацааг будаг шингэлэгчээр арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунгаж, мөн гоймонгийн савлагаан дээр хадгалалтын хугацаа дууссан цайг урамшуулал болгон дагалдуулсан байгаа юм.

Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  хугацаа дууссан “Mutton noodlesoup”, “Carry ramen” нэрийн 8360 ширхэг бэлэн гоймон, “Solomon’s seal tea” нэрийн 154 хайрцаг нийт 8021.0 мянган төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хурааж, устгуулахаар болжээ. Түүнчлэн зах зээл дээр зарагдаж байгаа дээрх бүтээгдэхүүнийг буцаан татаж авах талаар албан шаардлага хүргүүлсэн бөгөөд нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нар үүнд хяналт шалгалт тавихаар болжээ.

Дээрх зөрчлийг үйлдсэн тус компанийн орлогч захирал Ж.Энхтуяад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 5760000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Уг хэрэг гэмт хэргийн шинжтэй байсан тул ЦЕГ-ын Зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгуулахаар албан бичиг өгсөн байна.

“Грийн сити” компанийн хувьд “Нонгшим” брэндийн бэлэн гоймонг БНХАУ дахь үйлдвэрээс импортоор оруулж ирдэг байна. Тус брэндийн хувьд манай улсад бэлэн гоймонгоо нийлүүлэхдээ хадгалах хугацаа нь хувьд ямар ч асуудалгүй нийлүүлдэг байна. Тэгтэл тус компани дотоодод хугацаа нь дууссан бэлэн гоймонгийн хугацааг засаж борлуулж байгаа нь тус брэндийн нэр хүндэд халдсан хэрэг юм. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Грийн сити” компанийн бусад бэлэн гоймонд хяналт шалгалт хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй ажээ.