Монголчуудын өнө эртнээс өвлүүлж үлдээсэн их уламжлал, ур ухаан, сэтгэлгээний өвөрмөц онцлог, гүн ухаан болон нүүдэлчин ард түмний ахуй амьдралын хэв маягийг гүнээ тусгасан соёлын өв, монгол дархчуулын бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийг сурталчлан танилцуулах зорилгоор цувралаар хүргэж байна.

Монгол эрчүүдийн хувьд хаш, пийсүү зэрэг чулуун соруултай гаанс, мөнгөн болон ган цохилуур, тамхины уут, шүдэнзний мөнгө, ган хайрцаг хэрэглэж байжээ. Тансаг чимэг, хээ, угалз гарган хийсэн хэт, бэл хутгыг баяр ёслолын үед зүүж хэрэглэх боловч чинээлэг эрчүүд бүгдийг нь үргэлж зүүдэг байжээ.

Энэ удаад нэгэн гайхалтай гаансны тухай өгүүлье. Эртний эдлэл цуглуулагчдын холбооныхон уг гаансны тухай ярьж байсанчлан сайхан эдлэл болохыг өөрийн нүдээр үзэж байж сая ухаан орж, хүндэтгэн бичлээ.

Гаансны эзэн нь залуухан эрхэм байх бөгөөд ярилцлага өгөхийг зөвшөөрөөгүй ч гаасныхаа тухай үүх түүх, нарийн хийц, дагалдах эд хэрэглэлийг талаар ярьж өгөхөөр зөвшөөрсөн юм. Үнэтэй цайтай эд хэрэглэл болохоор эзэн нь өөрийн нээрээ бүтнээр гаргахгүй байхыг ч сануулсан билээ.  

Хэдийгээр эртний эдлэлийн мэдлэг маруухан сэтгүүлч миний бие төдийлөн сайн мэдэхгүй ч яахын аргагүй энэ гаансыг харсан хүний нүд баясаж, сэтгэл сэргэм сайхан эд болохыг би бишрэн мэдрэв.

Одоогийн байдлаар мэдэгдэж буй хамгийн үнэ цэнэ бүхий, нарийн чамин хийцтэй, төрийн сайд хүний эдэлж хэрэглэж байсан нэр хүнд бүхий гаансыг танилцуулж байна.

Уг наанс нь XVIII зууны үеийнх бөгөөд Улайстай амбан, төрийн сайд Чүлтэм бэйсийнх ажээ. Чүлтэм бэйс нь Улайстай хотоос хятад цэргийг цус урсгалгүйгээр хөөн гаргах ажлыг санаачлан зохион байгуулсан гэдгээрээ түүхэнд алдаршсан төрийн сайд юм.

Энэхүү гаанс нь 6 үе дамжиж ирсэн гаанс бөгөөд 18 см –ийн урт цагаан хаш соруултай, 15 см –ийн усан хээтэй цагаан мөнгөн соёотой, 7 лангийн мөнгөн ембүү урлаж хийсэн мөнгөн цохилууртай, тамхины уут нь дээр цалин цагаан мөнгөөр хээ урлаж гоёсон, мөнгөн гинжээр холбосон нийт 16 лан цагаан мөнгө орсон эд юм байна.

Олон ч нэр хүнтэй эрхмүүд энэхүү гаансанд үнэ хаясан ч өөрийн болгож чадаагүй гэдэг. Голдуу Завхан гаралтай нэр, нөлөө бүхий эрхмүүд байсан аж. Сайхан эд ч сайн эрийн чимэг, сэтгэлийн нөмөр байдаг гэдэг үнэн юм даа.

Ямартаа ч өвөг дээдсийнхээ арвин их үнэлэгдэшгүй өвийг өнөөг хүртэл хайрлан хамгаалан явж үр ачдаа өвлүүлэн яваа хүмүүстээ талархаж байна.          

Энэ хүмүүс нийгмийн шилжилтийн үед төрийн анхаарлаас гадуур орхигдсон түүх, соёлын үнэт өв, олдворыг хадгалж цуглуулж, арчлан хам­гаалдаг гэдгээрээ Монголын түүх, уламжлалыг танин мэдэж, уламжлуулахад бодитой хувь нэмэр оруулсан гавьяаг нь гурван цагийн хэлхээ мартах учиргүй.