Ингэж хэлвэл олон хүн бухимдаж бараг зарим нь үзэн ядаад эхэлнэ биз. Үнэнийг хэлэхэд энэ үнэн шүү. Бид өнөөдөр социализмын үеэсээ долоон доор түвшинд хүрчихээд байна.

Ардчилал хөгжил хоёрыг хольж хутгаад л будилж байна. Ардчилсан гэхээр л хөгжилтэй эсвэл хөгжлийн зам руугаа явж байгаа гэж ойлгоод байх шиг. Гэтэл ардчилал хөгжил хоёр чинь тэс өөр зүйл шүү дээ. Хөгжил гэж юу вэ гэхэд олон тодорхойлолтууд хэлж болох ч энд Германы философич Гегель “Хөгжил гэж ярьж байгаа бол мэдлэгийн хөгжлийг л ярих хэрэгтэй” гэсэн үгийг хэлмээр байна. Мэдлэгийн хөгжил гэдэг оюуны хөгжил. Хөгжиж байна гэвэл хүний оюун ухаанд хөгжил явагдаж хүмүүс илүү ухамсартай, соёлтой, ёс суртахуунтай, мэдлэг чадвартай болох ёстой.Ийм л хүмүүс шинэ зүйлийг бүтээж, хөгжил дэвшлийг авчирна.

Ямарч хариуцлагагүй, гараараа биш амаараа ажилладаг хүмүүс хэзээ ч хөгжлийг бүтээж авчирахгүй. Хүний эрх, эрх чөлөө, ардчилал яриад л амьдрал нь хар бараан, улс төрчид нь худлаа амлаад л хүний амь амьтны амьнаас үнэгүй болсон энэ нийгмээ хөгжиж байна гээд л суугаад байх уу. Хамгийн гол монгол улс 1990 оноос хойш хөгжил зогсож, уруудаж ирсэн. Ингэж хэлвэл муу коммунист, социалист гээд хараана. Харааж л байна биз одоо яах вэ үнэн юм чинь.

Манай улс хөгжиж байна гээд мангартаад байгаа нөхдүүдэд хэдэн үг хэлэхээр шийдлээ. Улс төрчид нь өндөр байшин баригдаад л, гадуур гоё гоё машин давхиад л, хүмүүс ресторанд хоол идээд л манай улс сайхан хөгжиж байна гэж тархи угаана. Социалист нийгэмд ганц өдөр ч амьдарч үзээгүй пацаан нар социализмын үед хүнд эрх чөлөө байгаагүй, өнөөдөр хүн юу хүссэнээ хийж эрх чөлөөтэй байна хэмээн солиорцгооно. Ардчилсан нийгэмд орсон биш монголчууд бүүр тэнэг болсон мэт.

Өнөөдөр Монгол улс хөгжөөд байгаа юм бол бид яагаад өмсөх хувцас, идэх хоолоо гаднаас авч байгаа юу гэх вэ? Хөгжиж байна гэж хэлэх үү.

Идэх хоол: Өнөөдөр супермаркетед ороод нэг хардаа. Хэдэн хувь нь бидний дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байна. Хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг гадаадаас бүүр хятадаас оруулж ирж байна. Социализмын үед хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байжээ. Тэгэхэд өнөөдөр монголын муухай, хятадынх гоё гэсэн шиг гадны бараанд хошуурцгааж байгаа мөртлөө бас хүнсний аюулгүй байдал ярьцгаана.

Өмсөх хувцас: Өөрийнхөө өмсөж байгаа хувцсыг нэг хардаа. Монголд үйлдвэрлэсэн зүйл байна уу? Магадгүй ихэнхи нь хятадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд байгаа даа. Өмсөх хувцсаа өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа улсыг яаж хөгжиж байна гэж хэлэх юм бэ? Бүгд л гадаадынх. Тэр муулаад байдаг социализм чинь ядаж өмсөх хувцсаа өөрсдөө үйлдвэрлэдэг байсан юм. Өнөөдөр тэр үеийн гутлын үйлдвэрүүдээ сүйтгэчихээд урдаас гахайгаар нь гутал зөөж байна.

Хэрэглэж байгаа эд зүйл: Ажлынхаа өрөөнд байгаа зүйлийн хэдэн хувийг бид дотооддоо үйлдвэрлэснийг хардаа. Ширээ, сандал, тавиур, буйдан, зурагт гээд л зүйлүүдийг монголд үйлдвэрлэсэн байна уу. Ерөөсөө монголд үйлдвэрлэсэн зүйл байна уу? Үнэнийг хэлэхэд бараг л байхгүй л байгаа. Гэрт чинь ч бас бүх зүйл нь гадаадаас авчирсан зүйл. Бид өөрсдөө л монгол байна даа.

Машин техник: Хөгжлийн илэрхийлэл гээд байгаа гудамжаар дүүрэн машин тэргүүд нь бүгд л гадаадаас оруулж ирсэн. Манайхан машин үйлдвэрлэж чадахгүй л байна шүү дээ. Өмнөд Солонгос, Хятад бүгд л машин техник үйлдвэрлэж чадахгүй байж байгаад чаддаг болсон шүү дээ. Тэгэхэд Монголчууд оролдож үзээгүй байж “бид чадахгүй, чаддаг нь тусдаа байдаг” гээд л гараа хумхиад суугаад байна.

Ингээд бодохоор монголчуудын өөрсдийнх нь үйлдвэрлэсэн зүйл хаана ч алга. Бид юу ч үйлдвэрлэж чадахгүй болсон гэж үү. Өө нээрээ мартаж орхиж гучин найм, дөчин градусын архинуудаа монголдоо үйлдвэрлэдэг шүү дээ. Ард түмэн нь архиа уугаад л, ардчиллаа яриад, ядуу амьдраад л.

Үүнийг эрх баригчид нь хөгжиж байна гэж хошгируулаад л эсвэл удахгүй хөгжингүй улс болно гэж хоосон найдлага төрүүлээд л. Хэдий хүртэл ингэж худал ярьж, хоосон үгэн ертөнцөд амьдрах вэ? Социализмын үеийн аж үйлдвэр өнөөдөр үгүй болсон. Социализмын далан жил монголчуудыг нүүдлийн мал аж ахуйтай хоцрогдсон орныг аж үйлдвэржүүлж чадсан. Монголчууд олон зүйлийг хийж, бүтээж чаддаг болсон. Энэ бол ховор тохиох амжилт байсан. Харин сүүлийн хорин гурван жилд эргээд хоцрогдсон мал аж ахуй, хөдөө аж ахуйн орон болон хувирлаа. Өнөөдөр монголчууд сайн ярьж л чаддаг болжээ.

Бүхий л үйлдвэрүүдээ устгаад баяжсан. Баяжсан нөхдүүд нь төрд залраад улам баяжиж байна. Тэд бол монголын хамгийн том дайсан. Тэд бол бүх баялгийг сорох хувалз.

Өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбар дампуурчихаад хүн төрөлхтний айдас болсон ДОХ өвчин хөдөө талаар салхи шиг хурдан тархаж байна. Тэгэхэд эрүүл мэндийн сайд нь даргынхаа тушаалаар ерөнхийлөгчид өрсөлдөөд мөрөөдлөөрөө амьдарч байна.

Ийм л улсад бид амьдарч, үүнийгээ тэгээд хөгжил гэж улин хуцацгаана. Ингэж өөрсдийгөө хөөргөж, худал амьдралаар амьдарч чадахгүй нь. Би социализмд хайртай харин дүр эсгэсэн ардчилал, хоосон эрх чөлөө, баталгаагүй хүний эрхийг үзэн ядаж байна. Ардчилал социализмаас долоон доор амьдралыг бий болгожээ. Хэзээ үүнийг ард түмэн ухаарч ойлгох юм бэ?