Бага насны 0-5 насны хүүхэдтэй ээжүүдэд тулгарч буй “тулгамдсан” асуудал бол өтгөн хаталт.

Хүүхдэдээ өдөрт их хэмжээний шингэн уулгаад ч, эмчийн зөвлөснөөр арвайн гурил өгөөд ч үр дүнгээ өгсөнгүй гэх эцэг эхчүүд олон.

Зарим нь аргаа бараад гэрийн нөхцөлд клизм тавьж энэ асуудлыг шийддэг болсон талаар зовлонгоо тоочих нь бий.

Тэгвэл энэ асуултын хариултыг авахаар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч М.Дашаатай уулзаж дараах мэдээллийг бэлтгэлээ.

ӨТГӨН ХАТДАГ ХҮҮХДҮҮДИЙН 73 ХУВЬ НЬ 0-3 НАСНЫХАН БАЙНА

Юуны өмнө өтгөн хаталт гэдэг нь гурваас дээш сарын хугацаанд үргэлжилсэн, хүндрэхэд бэрхшээлтэй, хатуу хоргол гаргадаг, баасны дараа гэдэс хоосроогүй мэт санагдах байдлыг хэлдэг байна.

Судалгаанаас үзэхэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд энэ шалтгаанаар хандсан хүүхдүүдийн 55 хувь нь 0-1, 18 хувь нь 2-3, 19 хувь нь 4-9 насныхан байжээ. Тэгэхээр 0-5 насныханд энэхүү эмгэг илүүтэй тохиолдож эмнэлэгт ханддаг байна.

Сүүлийн хоёр жилийн байдлаар Амбулаторийн үзлэгт хамрагдсан гурван хүүхэд тутмын хоёр нь өтгөн хаталттай байжээ.

Хүйсийн хувьд 50-иас илүү хувь нь эрэгтэй хүүхдүүд байна.

ЯМАР ШАЛТГААНЫ УЛМААС ӨТГӨН ХАТДАГ ВЭ?

Өтгөн хаталт нь хоёр шалтгаантай. Судалгаагаар энэ эмгэг тохиолдож буй хүүхдүүдийн

  • 21% – Хоолны буруу хэрэглээнээс
  • 79%- Тахир гэдэсний эмгэгийн улмаас өтгөн хатдаг нь тогтоогдсон байна.

Эхний шалтгаан нь нэрээсээ авахуулаад ойлгомжтой бөгөөд эцэг эхчүүд бага насныхаа хүүхдүүдэд бие организмд үл нийцэх хүнсээр хооллосноос үүддэг аж.

Харин удаах байдал нь төрөлхийн буюу хүүхэд эхээс мэндлэхдээ тахир гэдэсний эмгэгтэй төрж буйгаас шалтгаалдаг байна.

Үүнийг бүдүүн гэдэс урт (долихоколон) эсвэл тахир гэдэс урт байх (долихосигма) төрөлхийн гаж хөгжил гэж анагаах ухаанд тодорхойлдог.

Тахир гэдэсний эмгэгтэй хүүхдүүдийн дийлэнх буюу 70 гаруй хувийг 0-3 насныхан эзэлж байна.

Харин хоол тэжээлийн зохисгүй байдал гэдэг нь дараах хэд хэдэн шалтгаантай.

  • Нярай хүүхдэд эхийн сүү өгөхгүй хүнсний нэмэлтээр угжих
  • Бага насны хүүхдийн хувьд шингэн бага өгөх
  • Насны онцлогт таарсан хоолоор хооллохгүй байх
  • Ислэг багатай бүтээгдэхүүн буюу гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх
  • Хөдөлгөөн бага байлгах зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг байна.

Мөн түүнчлэн

  • бодисын солилцооны хямрал,
  • Хар тамхины төрлийн эмүүд, төмрийн бэлдмэл, шээс хөөх эмүүд, никотины хүчил зэрэг эмийн нөлөө,
  • Сэтгэл санааны хямрал зэрэг шалтгаанаас үүдэн өтгөн хатдаг байна.

ХҮҮХЭД ТАНЬ ДОЛОО ХОНОГТ ХОЁРООС ЦӨӨН УДАА ХҮНДЭРВЭЛ ЭМНЭЛЭГТ ХАНДААРАЙ

Эрүүл хүүхэд өдөр болгон өтгөнөө гадагшлуулах ёстой байдаг. Харин

  • 7 хоногт 2-оос цөөн удаа хүндрэх
  • Баах үедээ нийт хугацааны 25 хувиас дээш хугацааг дүлэхэд зарцуулах буюу хүчтэй дүлэлтээр баас гадагшлах
  • Өтгөн нь хоргол хэлбэртэй хатуу, хуурай байх
  • Өтгөний хэмжээ багасах
  • Шаналгаатай дүлэх шинж тэмдэг ажиглагдвал эмчид хандах хэрэгтэй.

Зураг дээрх 1-3 дугаар хэв шинж нь өтгөн хатсаныг, 4-5 хэв шинж нь хэвийн байдлыг, 6-7 нь шингэн алдалттай байгааг илтгэнэ.

1-5 НАСНЫ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДООШГҮЙ ЛИТР ШИНГЭН ӨГӨХ ШААРДЛАГАТАЙ

Ээжүүд хүүхдэдээ өдөрт хангалттай шингэн өгөөд ч өтгөн хаталт нь зүгээр болохгүй юм гэдэг. Тэгвэл бага насны хүүхэд өдөрт хэчнээн хэмжээний шингэн уух ёстой вэ?

Энэ талаар Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын эмч М.Дашаа “1-5 насны хүүхэд өдөрт 1,5-2 литр шингэн уух ёстой. Ус, цай, жимсний шүүс зэрэг хүүхдийн амны цангаа тайлах, амин дэмтэй ундаа өгвөл зохино” гэсэн юм.

Түүнчлэн өтгөн нь хатах шинж илэрвэл чавганы шүүсийг усаар шингэлж өгөх боломжтой аж.

Түүнчлэн эслэгээр баялаг бүтээгдэхүүн тогтмол хэрэглэхийг эмч зөвлөж байна.

Эслэг ихтэй хүнсэнд

  • Бүх төрлийн хүнсний ногоо, цэцэгт байцаа, брокли, лууван,
  • Жимс, жимсгэнэ, алим, лийр, жүрж, хар чавга
  • Шош, вандуй, овьёос, эрдэнэ шиш, хивэг,
  • Хөх тарианы гурил, талх, арвайн гурил багтдаг.

Харин бага насны хүүдүүдэд томчуудын хоолноос өгөлгүй эрүүл мэндийн ягаан дэвтэрт бичсэн хоолны жороор хооллох хэрэгтэй.

Нэмэлт сүү хэрэглэдэг нярайн баас хатсан тохиолдолд хүүхдийнхээ сүүг сольж үзэх шаардлагатай талаар эмч зөвлөлөө.

ХҮҮХДЭД ӨДӨР ТУТАМ ӨГӨХ ХООЛНЫ ЖАГСААЛТ

Хүүхдэд дараах хүнсний бүтээгдэхүүнийг өгөх боломжтой. Тухайлбал,

Гурилан бүтээгдэхүүн: Хүнсний эслэгээр баялаг бүдүүн ширхэгтэй улаан буудайн гурилаар хийсэн бүтээгдэхүүн, хивэгтэй талх, гурилан боов, жигнэмэг, хар гурил, гурвалжин болон хөц будаа, хөх тариа

Шөл: Өөх тос багатай янз бүрийн махны тунгалаг шөл, загасны шөл, улаан манжингийн шөл, хөц ба амуу будааны шөл, цэцэгт байцааны шөл

Мах: Үхэр, тахиа, загас, чанасан жигнэсэн байдлаар

Өөх тос: Ургамлын тос, оливын тос, цөцгийн тос

Сүүн бүтээгдэхүүн: Шар сүү, тараг

Ногоо: Янз бүрийн хүнсний ногоо, ялангуяа яншуй, гоньд зэрэг навчит ногоо, цэцэгт байцаа, хурган гуа, улаан манжин, шар лууван, улаан лооль, өргөст хэмх, вандуй, байцаа

Жимс: Хар чавга, чангаанз, инжир, чихэрлэг алим, жүрж

ХАЛУУН ЦАЙ, КОФЕ, ДЭЭД ГУРИЛААР ХИЙСЭН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД, ХАЛУУН СҮҮ НЬ ӨТГӨН ХАТААДАГ

 

Дараах хүнсний бүтээгдэхүүн нь өтгөн хатахад ихээхэн нөлөөлдөг тул хүүхдэдээ өгөхөөс зайлсхийгээрэй.

  • Цагаан будаа, нарийн гоймон,
  • Дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд,
  • Дээд буюу нарийн гурилан талх,
  • Кисель,
  • Шоколад,
  • Халуун цай, кофе,
  • Мойл,
  • Какао,
  • Ээдэм, бяслаг, ээзгий, халуун сүү зэрэг юм.

ЭРЭГТЭЙ ХҮҮХДИЙГ СУУЛТУУР ДЭЭР СУУЛГАН ШЭЭЛГЭЖ ЗАНШААРАЙ

Хүүхдэдээ эслэг ихтэй хоол, хар чавганы шүүс, арвай хүнсний хивэг гэх мэт хоол тэжээлийг өгөөд ч нэмэргүй байвал Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасагт хандаж шинжилгээ өгөх нь зүйтэй.

Хэрэв хүүхэд тахир гэдэсний эмгэгтэй нь оношлогдвол тодорхой хугацаанд физик эмчилгээ хийлгэж үр дүнд хүрэх юм байна.

Эрэгтэй хүүхдийн хувьд суултуур дээр суулган шээлгэж заншаарай. Учир нь босоогоор шээснээс сууж шээх нь баах рефлексийг илүү өдөөдөг байна.

КЛИЗМ ТАВИХ НЬ ЗӨВ ҮҮ, БУРУУ ЮУ?

Эмчийн зөвлөгөөгүйгээр эцэг эхчүүд нярай болон бага насны хүүхдүүддээ гэрийн нөхцөлд клизм тавих нь бий.

Энэ нь хэр зөв арга эсэх, клизм тавихын хор уршгийн талаар М.Дашаа эмчээс тодруулахад “Дур мэдэн гэртээ хэзээ ч клизм тавиж болохгүй. Дан ялангуяа ээж нар савангаар клизм тавьж байна. Энэ бол маш буруу. Үүний уршгаар хүүхэд энгийн үед ч өтгөнөө гаргаж чадахгүйд хүрдэг. Бүр эсрэгээрээ өтгөнөө ч барьж чадахгүй болох бий. Таваас дээш хоног л бие засч чадахгүй л заавал эмчид хандахыг зөвлөж байна.”

М.ДАШАА: ЭМЧИЙН ЗААВАРГҮЙГЭЭР ТӨМРИЙН БЭЛДМЭЛТЭЙ АМИН ДЭМ ХҮҮХДЭД ХЭЗЭЭ Ч ӨГЧ БОЛОХГҮЙ. ЦУС АЛДАХ АЮУЛТАЙ

Сүүлийн үед чанарын шаардлага хангасан эсэх нь эргэлзээтэй амин дэм, хүнсний нэмэлтийг эцэг, эхчүүд хүүхдүүддээ дур мэдэн өгөх болсон.

Ялангуяа төмөр ихтэй амин дэм өгснөөс болж хүүхдийнх нь өтгөн хатах болсон талаар нэгэн эм бидэнд хандсан юм.

Энэ талаар М.Дашаа эмчээс тодруулахад, “Төмрийн бэлдмэл болоод төмрийн бэлдмэлтэй амин дэм хамаагүй өгч болохгүй. Өтгөн хатаахаас гадна цаашлаад хүүхэд цус алдах эрсдэлийг бий болгодог. Тиймээс хэзээ ч шинжилгээ өгч, эмчид хандалгүйгээр хүүхдэд төмрийн бэлдмэлийг өгч болохгүй.”

 

Харин 4-өөс дээш насны хүүхдүүдэд дараахь хэвлийн ба хярзангийн булчин хөгжүүлэх, бие цэвэрлэх дасгалыг хийлгэхийг эмч зөвлөж байна.

  1. Дороо 30 секунд шогших, гүйх хөдөлгөөн хийнэ.
  2. Мухар сандал дээр суугаад гараа мөрөн дээрээ аваад дээш өргөн, нуруугаа арагшаа гэдийлгэн амьсгал авна. Гар мөрөндөө байрлуулсан хэвээр их биеэрээ урагш тонгойж амьсгалаа гаргана. Нийт 2-8 удаа хийнэ.
  3. Мухар сандал дээр суугаад гараа хажуу тийш тэнийлгэн амьсгаа авна. Өвдгөөрөө махийж баруун хөлөө өргөн гэдэс рүүгээ шахаж амьсгалаа гаргана. Зүүн хөл дээрхтэй ижил хийнэ. Нийт 2-8 удаа хийнэ.
  4. Хөлөө ээлжлэн дээш өргөж тэнийлгэнэ. Зогсоо байдалд гүнзгий амьсгалж мухар сандал дээр гараад ардаас нь тулж хөлөө нугалж, тэнийлгэнэ. Нийт 4-8 удаа хийнэ.
  5.