Монгол Улс стратегийн гэх тодотголтой 15+30 орд газартай болох нь. Өөрөөр хэлбэл, улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой, хүн амын эрүүл мэнд, Үндэсний аюулгүй байдалд нөлөө үзүүлэхүйц геополитикийн асуудалтай шууд холбоотой эрдэс баялгийн 45 ордтой болно гэсэн үг.

“Маш чухал” гэсэн тодотголтой учраас эдгээр ордод үйл ажиллагаа явуулахад Засгийн газар шууд оролцох тухай заалт Ашигт малтмалын тухай хуульд бий. Харин өнгөрсөн хугацаанд энэ хууль хэрэгжиж чадсан болов уу. Мөн дээрх 15 орд үнэхээр стратегийн ач холбогдолтой байсан уу гэдэг нь чухал.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд ажлаа танилцуулсан юм. Энэ үеэр “Эрдэнэс Таван толгой” болон “Чалко”-гийн маргаанаас илүү Стратегийн ач холбогдолтой ордод төрийн эзэмших хувь хэмжээг тодорхойлохтой холбоотой асуудал анхаарал татав.

Д.Ганхуяг сайдын хэлснээр стратегийн ач холбогдолтой 15 ордод төрийн эзэмших хувь, хэмжээг УИХ-аар шийдвэрлүүлэхэд бэлэн болжээ. Одоогоор стратегийн 15 ордоос Таван толгойн ордыг 100 хувь, Оюу толгойн 34 хувийг Засгийн газар эзэмшиж, үлдсэн 12 ордын эзэмшигч компаниудтай хувь эзэмшлийн хэмжээг тохироогүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, стратегийн ордыг ашиглах хууль, журмыг бүрэн утгаар хэрэгжүүлж чадаагүй аж.

Мөн стратегийн ордод шинээр 30 орд нэмэх асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх юм байна. Өнгөрсөн оны аравдугаар сард стратегийн ордод 39 ордыг нэмж бүртгэх талаар ярьж эхэлсэн ч яагаад ч юм таг болсон. Харин одоо дээрх тоо есөөр хорогдож, 30 болсон байх юм.

Гэтэл нэг асуудал яах аргагүй босч байна. Сүүлийн нэг сарын турш хэл амны бай болж, улстөрчдийн амбицын шалтгаанаар тодроод буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн най­руулгын төсөлд стратегийн 15 орд дээр нэмж орд бүрт­гэхгүй гэсэн заалт байгаа. Энэ нь асуудлын гол зангилаа болжээ. Учир нь, хуулийн төслийн дээрх заалт Уул уурхайн яамны бодлогоос хол зөрж байгаа юм билээ.

Яамны зүгээс стратегийн орд гэхээс илүү стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялаг гэсэн тодорхойлолт байх ёстой гэж үзсэн бөгөөд тоог нь нэмэхийг чухалчилж байгаа аж. Тиймээс стра­тегийн орд гэдэг нь чухам юу вэ гэдгийг шинэчлэн томъёолохоор ажиллаж байгаа юм байна. Одоогоор Ашигт малтмалын газрын дэргэд стратегийн ордын талаар санал боловсруулж, тодорхойлолт гаргах ажлын хэсэг байгуулан, судалгаа, тооцоо хийж буй гэсэн.

Түүнчлэн стратегийн орд газрын хилийн заагийг нарийвчлан тогтоох ажлыг ч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хийж эхэлжээ. Хилийн зааг тогтоож өгөөгүйгээс ашиглалтын талбай давхардуулан олгосон маргаантай асуудлууд уул уурхайн ордууд дээр үргэлж гарсаар ирсэн.

Гэхдээ эцсийн дүнд энэ олон стратегийн орд Монгол Улсад ямар ашиг авч ирэх бол. Ямартай ч олон жилийн турш стратегийнх болгоно, болгохгүй гэх маргааны дунд явсаар багагүй хувиа хятадуудын халаасанд хийлгэсэн Хөшөөтийн орд энэ тодорхойлолтод багтах бололтой сураг дуулдсан. Гэсэн ч “Мон Эн Ко”-той байгуулсан гэрээ дуусгавар болохгүй юм билээ. Мөн бусад ордууд дахь гадныхны хувь эзэмшил, хөрөнгө оруулалт ч өөрчлөгдөхгүй гэхээр ямар ч ялгаа байхгүй байж мэдэх л юм.