Дөрвөн оронтой тусгай дугаар нь иргэдийн бухимдлыг ихээр төрүүлдэг. Учир нь үнэ тариф өндөр, үйлчилгээ удаан, иргэдэд ташаа мэдээлэл өгдөг, минут монжих зорилгоор иргэдэд чирэгдэл учруулж шулдаг гэхэд хилсдэхгүй. 

Харин энэ байдал одоо цэгцэндээ орох бололтой. Иргэдээс ирсэн гомдлын дагуу ШӨХГТ-ын дарга О.Магнай дөрвөн оронтой тусгай дугаар эзэмшигч аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлж байгаа гэнэ. Уг шаардлагад тусгай дугаарын үйлчилгээ эрхлэх, сурталчлах түгээхдээ үнэ, тарифаа ил тод мэдээлдэг болгох буюу нэг мессеж бичих, нэг удаа залгахад тогтсон үнэ ханш бичиж байршуулахыг ирэх долдугаар сарын 10-ны дотор биелүүлэхийг үүрэгдсэн аж. 

Албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 27.1.8, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 16.1.2-т заасны дагуу арга хэмжээ авахыг нийт тусгай дугаар эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдсэн байна. 

Шаардлага хэрхэн биелсэн эсэхийг ирэх сард дөрвөн оронтой тусгай дугаарт залгаснаар мэдэх нь.