Юуны өмнө би зохиолч, яруу найрагч биш, монгол хэл, уран зохиолын мэргэжилгүй, харин дунд сургуульд насаараа физикийн багш хийгээд тэтгэвэрт суусан өндөр настан гэдгээ хэлэх ёстой.

Бидний үед сургуульд монгол хэл, уран зохиолын хичээлийг заасан шиг заадаг байж, залуус нийтээрээ ном ч их уншдаг байж, өвгөн би одоо ч олдохын хэрээр уншиж л сууна.  Нутгийн хүү Болор цом авсан сураг дуулаад баярласан боловч, бичвэрийг нь уншаад дур гутав. Базарваань, тийм том наадмын түрүүг авсан болохоор “шүлэг” гэхээс дээ. Н.Гантулга хэр зэрэг эхлэн бичигч болохыг, өвгөн би энэ насандаа ийм хачин Болор цом үзээгүйг, шүүгчид дээдсийн өмнө ямар чих зөөлөн болохыг, зохиолчдын байгууллага толгойноосоо өтөж ялзарсныг, зохиолч, яруу найрагчид эх хэлний дархлаа, алтан аргамжаа болохыг үл өгүүлэн өгүүлэх ину:

1.“Болор цом-30” наадмын түрүү шүлэг “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...” хэмээх нэртэй юм. Заавал ийм сүржин нэр өгөх хэрэгтэй байсан юм бол “Уулсын сэтгэлгээ тэлэхийг...” гэж нэрлэхгүй дээ. Олон жилийн өмнө нэгэн том найрагчийн сонинд өгсөн ярилцлагаас “Монгол шүлгийн чимэг бол үйл үг” хэмээснийг уншиж, үнэмшилтэй санагдаж билээ. Үйл үгийг нэршүүлэх шаардлага гарсан ч бүх үгийн ард “лт” залгаж нэршүүлдэггүй юм. “Хавдах” хэмээх үгийг “Хавдар” гэлгүй “Хавдалт”, “Өвдөх” гэдгийг “Өвчин” гэлгүй “Өвдөлт” гэж нэршүүлж байгаа нь эх хэлээ мэдэхээ больж буй гутамшиг, эмгэнэл юм. Энэ шүлэгт үүнтэй төстэй жишээ бас бий. “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг” гэжээ. Үүнийг “омогшиж бардамнахын дөлнөөс мэдэрдэг” гэж болоогүй л юм байх даа. Гэхдээ “бардамналт” гэж нэршүүлээгүй нь яамай. Тэр “хөх дөлөн дундаас” гэдгийн “хөх, дундаас” гэдэг сул үг. Н.Гантулга хүүг эхлэн бичигч гээд байгаан учир нь наад захдаа сул үг ихтэй найруулгаас нь үүдэлтэй юм.   

2. Хэдэн жилийн өмнө Болор цом наадмын үеэр их найрагч Б.Лхагвасүрэн “Монгол шүлгийг давхар тодотгол гутаадаг” гэсэн утгатай үг хэлж байсан. Нээрээ ч “сайхан бүсгүй” хэмээхийн оронд “хөөрхөн, царайлаг, өндөр, гоё, уяхан, сайхан, ялдам бүсгүй” гэж хэлбэл хичнээн нуршуу байна. Их цомыг гардсан эхлэн бичигч хүү “уулс намайг чулууд шигээ санана” гэсэн утга илэрхийлэхийн тулд давхар тодотголоор дарж алжээ. “хэдэн зууны өмнө өврөөс нь алга болсон Уусмал ягаан чулууд шигээ санана” мундаг олон тодотгол байгаа биз, нохой долоо. Тэрээр “Цээжиндээ нартай” гэж хэлэхийн тулд “Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асаах ид шидийн наран бөмбөлөг цээжинд минь байгааг” хэмээн баахан тоочжээ.   

3. Мөн шүлэгт “Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад...” гэжээ. Цагийн сайханд “Цээжний гүнээс шүүрс алдана” гэж ярьдаг байсан шиг санагдах юм, эсвэл зөнөг би андуураад байна уу?

4. Түүний шүлэг, ярилцлагаас үзвэл нэг л их далдын совинлог, эрчимлэг долгион шингэсэн, баахан хөөрүү хөвсөлзүүр хүү бололтой. Гэхдээ “Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн энэхэн замбуулинд багтаж ядахад, Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан хангайн буга шиг сэрвэлзэхэд” гэдэг эрүүл хүний ухаанаас гармааргүй юм. Түүний өөрийгөө ч шатааж чадах эр зоригийн өмнө мэхийсэн олон түмэн түүнд сөхөрсөн согоо шиг санагдаад, тэгснээ хангайн буга шиг сэрвэлзээд байсан юм болов уу?

5.  Нутгийн дүү Н.Гантулга “оюун билгийнхээ даль жигүүрээр судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ” гэжээ. Судрын чуулган гэж нэг бол Рашид Ад Диний “Судрын чуулган” эсвэл олон ном судар ч байж мэднэ. Тэр “Судрын чуулган”-аа оюун билгийнхээ даль жигүүрээр титэмлэж яваа юм байх, түүнийг нь уулс л мэдэрдэг аж. Оюун билгийн даль жигүүр байлаа гэж бодоход түүгээр судрын чуулган “титэмлэх” гэж юуг хэлээд байна. Хаан төрийн титмийг хэлж байгаа юм болов уу, тэгвэл тэр титмээ даль жигүүрээсээ зүүмээргүй юм аа.   

Түрүү шүлгийг зөвхөн хэл найруулга талаас нь шинжиж, цөөн хэдэн жишээ татлаа.  Харин ур чадварын талаар бол ёстой хог дээр үсэрчээ, тэр ярихаа больё. Хаа хамаагүй зөнөсөн өвгөнд ингэж харагдаж байгаа юм чинь мэргэжлийн хүний нүдэнд бүр ч хэцүү байх. Булганы хүн Болор цом авсан сураг дуулаад шүлгийг нь олж уншсан тухай дээр өгүүлсэн билээ. Уншаад өөртөө эргэлзэхэд хүрлээ. Тансаг сайхан шүлэг, нууцлаг гүн утгыг нь би ойлгож мэдрэхгүй байгаа юм болов уу. Гэтэл Д.Нацагдорж, Б.Ренчин, Б.Явуухулан, Р.Чойном, Д.Урианхай, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нарын шүлэгт уярч нулимс унагадаг билээ. Эсвэл Н.Гантулга хүү тэднээс хэтийдсэн амьтан юм болов уу, тэгвэл ядаж эх хэлээ гайгүй эзэмшсэн баймаар юм аа. Энэ бодолдоо хөтлөгдөн түүний бусад шүлгийг хайж цөөн хэдийг олж уншлаа. Бас ч хоосонгүй юм, аятайхан мөр бадгууд байна. Гэхдээ усгүй болтол нь ширгээн бодож, гүйцэд боловсруулсан шүлэг алга. Ялангуяа “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...” бол үнэхээр түүхий, зохиогчийнхоо алдрыг, Болор цом наадмын нэр хүндийг унагасан, ялангуяа бялангач, авилгач шүүгчдийн нэр нүүрийг баастсан бичвэр болжээ. Дээрээс ямар ч дарамт шахалт ирлээ гээд “өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд боовч нохой тоож шиншихгүй” юмыг унагаалаа гээд хоногийн талхгүй л болоо аж, үнэхээр болохгүй юмыг хэн ч ойлгоно шүү дээ. Ерөнхий шүүгч Галбаатар доктор уг нь голтой хүн баймаар, “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...” шалгаруулсандаа ичээд яс нь хавталзмаар юм. Үгүй бөгөөс тэр шүлгийн гоо сайхан, ур чадвар, гүн ухаан, хүний сэтгэлийг хөдөлгөсөн мөн чанарыг олж харснаа уншигчдтай хуваалцаасай билээ. Эцэст нь хэлэх үг бол “Урагшгүй ноёнд ухаангүй албат, нэрээ боддогүй шүүгчид хэлээ боддоггүй шүлэгч”
 
Чингэлтэй дүүргийн өндөр настан А.Баяр
 
                       Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг би дотоод ахуйгаасаа мэдэрдэг
Уулсыг хэчнээн хайрлаж ижий шигээ, амраг бүсгүй шигээ санана
Уулс намайг яг л тэгж хайрлан толгод шигээ, хэдэн зууны өмнө
                                                                              өврөөс нь алга болсон
Уусмал ягаан чулууд шигээ санана, зүрхнийхээ хөндүүр шиг л хүлээж авна

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг энэрэн хайрлахуйн цаг хугацаанаас мэдэрдэг
Эрх жаахан үр минь хүзүүнээс зүүгдэн шулганаад дээдийн жаргалыг амсдаг ч
Элэг зүрхний таталцлын гүүр-ганихралын дамжуурга модны үзүүрээс
Дэлхийн татах хүч шиг уулс ер бусаар соронздон, хацартаа энхрийлэн наадаг

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг омог барданамлын хөх дөлөн дундаас мэдэрдэг
Өөрөө өөрийгөө ч шатааж чадах эр зоригтоо эрдэн
                                                                           энэхэн замбуулинд багтаж ядахад,
Өмнө минь мэхийсэн олон сөхөрсөн согоо шиг санагдан
                                                                         хангайн буга шиг сэрвэлзэхэд
Өөрийн мэдэлгүй уулсын сүр хүчээр дутан жижигхээн толгодынх нь өвөрт
                                                                      нялх янзага шиг бохирон унадаг даа

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг гоо сайхны хамгийн төгс илэрхийллээс мэдэрдэг
Эмзэг ялдам охидын арван долоохон нас сэтгэлийн зовлон болж
Эгчмэд хонгор бүсгүйн уяхан ааль, ер бусын бие галбир
                                                                                  нүдийг минь дахин цэлмээхэд
Цээжнийхээ гүнд уртаар санаа алдаад өнөө муу зүрх минь уулсын зүг хэдийнэ
                                                                                         алсарч оддог

Уулсын сэтгэлгээний тэлэлтийг яруу найргийнхаа эрчимлэг долгионоос мэдэрдэг
Хүмүүний ертөнцийг цагийн цагт гэрэлтүүлэн асааах ид шидийн наран бөмбөлөг
                                                                                       цээжинд минь байгааг
Хүслийн цэнхэрлиг огторгуйд оюун билгийнхээ даль жигүүрээр
                                                           судрын чуулган титэмлэж явааг уулс л мэдэрнэ
Цагийн буданд ч надаас өмнө мянга мянган жил найрагч нөхдийг минь
                                                                                ингэж л мэдэрч байсан биз ээ
Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...