Зон олон Монголчуудаа эвлүүлэн нэгдүүлж удам угсаагаа санаж бахдан, хил хязгаараар зааглагдаж газрын холоор оршдог ч гэлээ ёс заншлаа бадрааж нэгэндээ ойр дотно байх, нэгнээ үргэлж хайрлаж энэрч амь нэг байх эрхэм зорилгын дор үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Хамаг Монгол” төслийн хамт олон төслийнхөө нээлтийн нэгдсэн тоглолтоо өнгөрсөн 3 сард хийж байсан билээ.

Эх орон төрөлх нутагтаа элгэн садан олон үндэстэн ястнуудаа нэгтгэхээр сэтгэлийн гал аялгуу дуугаараа уриа дуудлага хийн Буриад, Халимаг, Өвөрмонгол, Тува ахан дүүстэйгээ хэдийн ханьсаж эхэлсэний гэрч болох энэхүү тоглолт Буриад Улсын төв стадионд энэ сарын 14 -ны өдөр амжилттай болж өндөрлөсөн байна. Төсөлд Монголоо төлөөлж төслийн удирдагч, санаачлагч Дуучин Самандын Жавхлан, Буриад улсаа төлөөлөн Буриад улсын дуучин Чингис Раднааев, Халимаг улсын дуучин Лиджи Горяев, Тува улсын дуучин Монгуш Сайдаш, Өвөрмонголын дуучин Машбатын Баясгалан нар оролцож байгаа төдийгүй “Хамаг Монгол” төслийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа юм байна. Олон арав, зуун жил Монгол ахан дүүсийн биесээ санасан сэтгэлийн тайлал болсон энэхүү гал бадраах ёслол нь Хамаг Монголчуудын нэгнээ санасан сэтгэлийг дэвтээж, зүрхийг нь огшоосон ажил үйл болж байгааг энд дурдах хэрэгтэй. Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндийг хүргэхэд стадион доторх хүмүүсийн уухайн түрлэг цуурайтаж, Буриад зон суудлаасаа босон хүндэтгэл үзүүлж байсан юм. Тэнд хүрэлцэн ирсэн наран саран дээрээ галаа залан дээдэлдэг бидний элэг нэгт Буриад монголын өвгөд хөгшидийн хоолойн зангирч, нүдэндээ нулимсаа барьж чадалгүй мэлмэрүүлж, залуус хүүхдүүд эцэг дээдсээрээ бахархах омогшил нь асан бадарч байлаа. Буриад зоны гал бадарсан энэхүү ган тулгыг “Улан үдэ” хотын төвд залж хүссэн хүн бүр адис хүртэж байхаар болсон сайхан мэдээ байна. “Хамаг Монгол” төслийнхөн цааш үргэлжлэн Буриад Улсын аймгуудаар гал бадраах ёслолоо хүргэж байгаа юм байна. Очсон газар бүрт нь баяр хөөр болж хамгийн их хүндэтгэлийг үзүүлж ёохор хатирч дуулж бүжиглэн хөгшид хүүхэдгүй магнай тэнийж байгаа ажээ. “Хамаг Монгол” төслийнхөн Өвөрмонгол, Тува, Халимаг Улсад аялан тоглолтоо хийж дуусаад Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх 9 сарын 22 -ны өдөр хаалтаа хийхээр төлөвлөж байгаа юм байна.