Мэргэжлийн сумогийн Нагоя башёд ёкозүна Хакухо М.Даваажаргал түрүүлснээр Японы Эзэн хааны цомыг 26 дахиа хүртлээ. Ингэснээр тэрбээр нутаг нэгт Асашёорюү Д.Дагвадоржийн амжилтын өмнө гарсан төдийгүй сумогийн түүхэн дэх хамгийн оргил амжилт болох Тайхогийн 32, Чиёнофүжигийн 31 түрүүнд улам ойртов. Хэрвээ Хакухо энэ эрчээрээ барилдаж чадвал ирэх жилийн өдий гэхэд Чиёнофүжигийн 31 түрүүлсэн амжилтад тулаад оччихсон байх магадлал өндөр байна.

Эдүгээ Хакухо 28 настай, бөх хүний хувьд ид барилдаж, туршлага, хүч нь хуримтлагддаг үе.

Нагоя башёгийн 13 дахь өдөр Хакухо озэки Котоошюүг ялснаар Эзэн хааны цомыг хүртэх болзлоо хангачихсан. Харин үүнээс хоёр хоногийн өмнө Какурюүтай барилдахдаа баруун далныхаа доох нь бага зэрэг гэмтэл авчээ. Маргааш нь Котошогикүтай барилдахдаа мөн энэ талдаа мэх хийснээр гэмтэл нь илт мэдэгдэж, улмаар өвчин намдаах лент наахаас өөр аргагүйд хүрсэн байв. Гэлээ ч Хакухо гэмтэл авсан ч гэсэн маргааш нь озэки Котоошюүг ялснаар түрүүлэх болзлоо хангасан. Харин үлдсэн хоёр барилдаанд гэмтэл бэртэл гэж баашлалгүй гарч, боломжоороо барилдаад, хүчтэй хоёр өрсөлдөгчдөө ялагдсан юм. "Тэмцээний төгсгөл рүү гэмтэл авсан минь харамсалтай байна. Гэхдээ түрүүлсэндээ баяртай байна" гэж Хакухо өгүүлжээ.

Ёкозүна Хакухо М.Даваажаргал дэвжээний анд Рюү Санчирболдыгоо

Эзэн хааны цомыг 26 дахиа хүртсэн амжилтаар үдэж өглөө 

Ёкозүна Харумафүжигийн хувьд энэ башёд шагайны бэртэлтэй барилдсан. Гэлээ ч шүд зуун, ур чадварынхаа хүчээр 10 даваа авч, 5 удаа уналаа. Хэдийгээр ёкозүна цолтны хувьд чамлахаар үзүүлэлт ч гэсэн шагай нь бэртэлтэй байгаа бөхийн хувьд бол чамлахааргүй амжилт гэж хэлж болно.

Озэки Кисэносатогийн хувьд сумогийн холбоо япон ёкозүна хүлээж цөхсөн ард иргэдийнхээ санааг амрааж, магнайг тэнийлгэх үүднээс 14 давбал шууд цолыг нь олгоно гэж амласан. Гэвч Кисэносато энэ башёд дөрвөн ч удаа унасан тул горьдлого тасрав. Тэмцээний дундуур сумогийн холбооны тэргүүн Кисэносатог сүүлийн гурван барилдаандаа ялбал ёкозүна цолны болзлыг ирэх сард үргэлжлүүлэн тавьж болох тухай санаа цухуйлгасан. Гэлээ ч Хакухо, Харумафүжи нар түүнд ялагдсан ч гэсэн сүүлчийн өдөр озэки Котошогикү дэвжээнээс түрэн гаргаснаар ямар ч "найраа"-гүй болгочихов.

Ингэснээр Кисэносато ёкозүна цолны төлөөх дайралтаа дахин шинээр эхлэх ёстой болж байна.

Манай бөхчүүд Рюү Санчирболд зодог тайллаа. Тэрбээр дэвжээнийхээ анд ёкозүна Хакухог 26 дахиа түрүүлсэн яг тэр өдөр зодог тайлсан нь содон тохиолдол болсон юм. "Энэ өдөр дэвжээний аварга М.Даваажаргал маань 26 дахь түрүүгээ авч, маш их баярлуулж, үдэж өглөө" гэж Рюү Санчирболд фэйсбүүкт хуудастаа бичжээ.

Какурюү М.Ананд тэмцээнийг тааруухан эхлүүлсэн ч яван чангарч, 10 даваа 5 унаатайгаар өндөрлүүллээ. Харин Садогатакэ дэвжээний хоёр озэки Котоошюү, Котошогикү нар есөн даваа, зургаан унаатайгаар Нагояг үдэв.

Сэкиваке цол дээр барилдсан Сакаигава дэвжээний хоёр бөх Мёгирюү, Гоэйдо нар ч цолоо сүүлчийн өдрийн даваагаараа хамгаалан үлдэж чадлаа. Харин манай Токитэнкү А.Хүчитбаатар комүсүби цолоо алдлаа. Шохозан, Токитэнкү нарын оронд Точиозан, Такаясү нар ирэх башёд комүсүби цолтойгоор барилдах болно.

үргэлжлэлийг  энд дар

Р.Гэгээ

Нагоя башёд монгол сумочид хэрхэн барилдсан дүнг дороос үзнэ үү.