Экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг үргэлжлүүлэн хорих уу, гадаадад эмчлүүлэх үү гэдгийг шийдэх Шүүх эмнэлгийн дүгнэлт өнөөдөр гарна. МАХН-ынхан Шүүх эмнэлгийн дүгнэлт намынх нь даргад ашигтайгаар гарна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд  үүнийг угтаж улс төрийн хүрээнийхэн төдийгүй Монголын ард түмэнд гэнэтийн бэлэг барихаар бэлтгээд байгаа аж. Энэ бол тус намаас эрхлэн гаргахаар бэлтгээд байгаа “Хар ном”-ыг олон нийтийн хүртээл болгох аж. Тус намынхан “Одоогийн олигархижсан дэглэмийг ард түмэнд ойлгуулах үүднээс улс төрийн “Хар ном” гаргах гэж байгаа. Энэ номонд яг болоод өнгөрсөн үйл явдлыг баримттай нь гаргах юм. Иргэд үнэн зөв мэдээлэл авах нь ховордсон. Тиймээс үнэн мэдээллийг хүмүүсийн гарт хүргэхээр ажиллаж байна. “Хар ном”-оо гаргаснаар олигархижсан гинжин хэл­хээг тасална” хэмээн ярьж байсан. Тэгвэл тус номны “Хар данс”-ны жагсаалтыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж тэргүүлж байгаа гэнэ.

Чухам ямар учраас Ц.Нямдорж МАХН-аас эрхлэн гаргаж байгаа “Хар ном”-ын жагсаалтыг тэр­гүүлэх болов гэдэг сонин байгаа юм. Түүнийг МАХН-ынхны дургүйг хамгийн ихээр хүргэсэн хүнээр тодруулахад буруутахгүй. Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед хүчний байгууллагынхан МАХН-ынхны даргыг хөлийг нь гозолзуулаад аваад явчихсан. Харин тэрбээр үүний тайлбарыг хийхдээ МАХН-ынхан болон Н.Энхбаяр даргыг нь басаж байгаа юм шиг “Унтаж байсан” гэдэг товч бөгөөд тодорхой хариултыг өгсөн байдаг. Үүнээс гадна УИХ дахь МАХН-ын гишүүдийг хамгийн их “өддөг” түүнд МАХН-ынхан яснаасаа л дургүй. Тиймээс ч УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар баримт цуглуулж УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үедээ хэрэг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр АТГ-т шалгуулахаар хандаж байсан. Энэ бол УИХ-ын хаврын чуулганы үеэр болсон үйл явдал. Гэхдээ тэд Ц.Нямдоржийг АТГ-т өгөхийн тулд баримт цуглуулаад байсан зүйл нэг их байхгүй аж. Ердөө л “Хар ном”-ноосоо хэдхэн баримт аваад л болсон хэрэг аж.

Үүнээс үзэхэд МАХН-аас эрхлэн гаргаж байгаа “Хар ном”-ын жагсаалтын дээгүүрт бичигдэх эрхмүүд хэн байх вэ гэдэг нь бараг тодорхой болж байх шиг байна. МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ынхны дургүйг хүргэгчид “Хар ном”-ын жагсаалтын тэргүүнд бичигдэх нь дамжиггүй юм. Ардын намын дарга, Ерөнхий сайд асан С.Баяр “Хар ном”-ын жагсаалтын аман хүзүүнд  бичигдэхийг үгүйсгэх аргагүй юм. Учир нь тэр бол МАХН-ын дарга, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын бүх боломжийг хааж, өнөөгийн ийм байдалд оруулсан хүнээр тодроод байгаа юм. Тэгэхээр МАХН-аас гаргах гэж буй “Хар ном” Ардын намынхны хувьд хар дарсан зүүд болох магадлал хамгийн өндөр байгаа юм. 

 

Р.Сарангоо