2020 оны олимпийн наадмын төрлөөс чөлөөт бөх, сонгомол бөхийг хасахаар санал оруулсантай холбогдуулан Олон улсын бөхийн нэгдсэн төрлүүдийн холбооноос сүүлийн хагас жилийн хугацаанд эрчимтэй өөрчлөлт хийж, шинээр олон ажил зохион явуулсаар байна. Гэлээ ч одоо хүртэл чөлөөт, сонгомол бөх урьдын адил нэр хүнд, үзэгч түмнээ олж чадаагүй байгаа нь байдал хүнд хэвээрээ байгаагийн илрэл болж байна. Ирэх есдүгээр сард Аргентины Буэнос-Айрес хотноо болох Олон улсын олимпийн хорооны хуралдаанаар бөхийн төрлийг үлдээх эсэхээ шийдэх юм. Бөхтэй өрсөлдөж, олимпийн төрөлд орохыг хичээж буй төрөл бол сквош, софтбол хоёр. Энэ гурван төрлийн аль нэгийг нь л 2020 оны олимпийн наадмын хөтөлбөр оруулна.

Сквош бол хананд бөмбөг ойлгон тоглодог теннисний нэг төрлийн тоглоом. Харин софтбол бол бэйсболтой төстэй. Манайхан л бөхчүүд бөх, бөх гээд байдаг болохоос дэлхийд бөхийн спортоор хичээллэдэггүй, сайн мэддэггүй улс зөндөө байгаа. Тэгээд ч сүүлийн хэд хэдэн олимп дараалан энэхүү хоёр төрөл олимпийн хөтөлбөрт орохын тулд их ажил хийсэн нь бөхийн төрлийг үлдээнэ гэхэд бас хэцүү байдал бий болгоод байгаа ажээ.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо олимпийн төрлөөс хасагдах талаар санал орсны дараахан холбоондоо хувьсгал хийж, ерөнхийлөгчөө өөрчилсөн. Үүнийхээ дараагаар "Бөх-2020" нэртэй тусгай хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Эдгээрээс Америкийн Нью-Йоркийн төв вокзалд ОХУ, АНУ, Ираны шигшээ багийнхны халз барилдааныг зохиосон нь багагүй анхаарал татсан.

Дараагаар нь Казань дахь Универсиадаар дүрмээ өөрчилж, эргээд сонирхолтой, үзүүштэй болгож чадснаа харуулахыг хичээсэн. Харин энэ сарын сүүлчээр Грект мөн сонирхолтой тэмцээн зохион байгуулах гэж буй сурагтай. Олимпийн хөдөлгөөний эх орон Грек улсын түүхэн газруудад үзүүлэх барилдаан зохиовол Олон улсын олимпийн хорооныхон анхаарна гэж тооцож буй ажээ. Энэ мэтээр тэмцээн уралдаан, элдэв арга хэмжээ авсаар байгаа ч эцсийн шийд гартал ердөө хоёрхон сар үлдээд байна.

Дэлгэрэнгүйг энд  дар

Р.Гэгээ