Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтыг өвөрмөц үсний засалт, нүүр будалт нь илүү тодотгодог. Гэхдээ энэ бол  зөвхөн түүний гадаад төрх. Багаасаа л хар хувцас өмсдөг байсан түүний сонголт өдгөө ч хэвээр.

Зураач маань уран бүтээлийнхээ их ажлын ядаргааг бясалгал хийж гаргадаг аж. Тэрбээр “Бид дэмий ярьж, бухимдаж, буруу хооллосноор их эрчим хүч алддаг. Тиймээс бясалгал хийж, эрчим хүчээ нөхдөг гэнэ. Мөн бясалгал хийснээр ядрахгүй, сэтгэл санаа тогтуун байдаг” хэмээн ярьжээ.   

Мөн зураач С.Саранцацралт эрүүл, зөв хооллож байхыг зорьдог аж. Өвлийн гурван сард хонины мах идээд бусад үед мах хэрэглэдэггүй гэнэ. Хүн  амьдрахдаа урлагтай амьдрах хэмээн үздэг бөгөөд гэдсээ дүүртэл идээд, тэнд очиж хүнтэй маргалдаад, энд ирж бусдын мууг үзнэ гэдэг амьдрах урлаг биш хэмээн үзэл бодлоо илэрхийлдэг.  Түүний 1990-ээд онд хийсэн боржин чулуун баримлууд болон уран зургууд, “Баадантай юм” үзэсгэлэнгийн бүтээлийг үнэлж 2005 онд төрийн соёрхолт олгосон билээ.

Б.Хорлоо